Цасан цагаан инээмсэглэлтэй болохын өмнөх мөч буюу аварга загасных мэт үрж нарийсгасан шүдээ харуулж байсан хэд хэдэн хүний бичлэг Тикток хэрэглэгчдийн дунд тархсан билээ.
Тэднийхээр "Өнгөлгөө" гэгдэх үйлчилгээг хийлгэхийн өмнө шүдээ ингэж үрж нарийсгах ёстой байдаг бололтой. Дараа нь шүд хооронд гарсан зайд нэг төрлийн чигжээс хийдэг байна. Тэдгээр цахим одод байгууллагын сурталчилгаа хийсний хариуд ийн тохиролцдог аж.
Мэдээж багахан зардлаар эсвэл бүр үнэгүйгээр төгс инээмсэглэлтэй болох сайхан санаа байж болох ч залуу насандаа ийм алхам хийснээсээ болж 40-өөс дээш насандаа "шүдгүй" болох аюултай гэдгийг хэд хэдэн эмч баталсан байна.
Шүдний эмч, анагаах ухааны доктор Эми Моусон дэлхий даяар тархаад буй энэхүү үйлдлийг зөв зүйтэй алхам биш болохыг онцгойлон анхааруулсан юм. Тухайлбал, эрүүл шүдийг тал бүрээс нь үрэх явцад паалангаар хамгаалагдсан шүдний мэдрэл алдагдах эрсдэлтэй тул эрүүл мэндэд маш аюултай гэнэ.
Тикток-оос #veneercheck хаштаг ашиглан хайлт хийвэл дээрх үйлдлийг хийсэн олон залуусын бичлэгийг үзэх боломжтой. Мэргэжлийн эмч нарын хэлж байгаагаар, дээрх инфлүнсерүүдийн хийлгэсэн үйлчилгээ шүдний өнгөлгөө биш бөгөөд шүдийг бүхэлд нь жижиг болтол нь үрэх аргачлал бүхий "crown" эмчилгээ гэнэ. Үүнийг зөвхөн ноцтой гэмтэл үүссэн тохиолдолд л хийдэг болохыг мэргэжлийнхэн нэмж тайлбарласан юм.