Өнгөрч буй долоо хоногт Эллен Пэйж сошиал хуудсаараа дамжуулан хүмүүст хандаж, "Сайн уу найзуудаа, үүгээр дамжуулан би өөрийгөө трансжендер, нэр маань Эллиот, намайг дуудах төлөөний үг he/they болсныг мэдэгдмээр байна. Үүнийг бичиж байгаадаа би үнэхээр азтай. Яг энд байгаа минь, амьдралынхаа энэ мөчид ирсэн минь азтай хэрэг..." гэжээ.
Мөн тэрээр үргэлжлүүлэн "Транс байх надад таалагддаг. Күиир байх надад таалагддаг. Өөртэйгээ ойртож, хэн гэдгээ мэдэх тусам энэ нь надад илүүг мөрөөдөж, илүү зоригжиж, хөгжин дэвшихэд тусладаг. Бусдын доромжлол, хүчирхийлэл, заналхийлэл, өөрийгөө үзэн ядах мэдрэмжийг өдөр бүр амсдаг транс хүмүүст хэлэхэд, би та нарт анхаардаг, би та нарт хайртай, мөн энэ дэлхийг сайхан болгохын төлөө би чадах бүхнээ хийх болно" хэмээсэн байна.
Пэйжийн хувьд нэрээ эрэгтэй болгож сольсны зэрэгцээ бусад хүн түүнийг he/him гэж төлөөлүүлэхийг хүссэн ч өөрийгөө "non-binary" буюу эр, эм хүйсийн алинд ч хамаарахгүй болохыг бас мэдэгдсэн байна.
Тэрээр 1987 онд Канадын Нова-Скотиа мужид төрсөн бөгөөд 2005 оноос дэлгэцийн урлагийн карьераа “Hard Candy” кинонд тоглон эхлүүлжээ. 2007 онд Пэйж "Жуно" кинонд өсвөр насандаа жирэмсэлдэг охины дүр бүтээснээрээ дэлхий даяар танигдаж, тухайн жилийнхээ Оскарын наадамд нэр дэвшиж байв.
Хувийн амьдралын тухайд гэвэл тэрээр улс төрийн идэвхтэн, веган, шашингүй үзэлтэн, феминист нэгэн юм. 2014 онд тэрээр өөрийгөө ижил хүйстэн болохыг зарласан бөгөөд 4 жилийн дараа бүжигчин, бүжиг дэглээч Эмма Портнер хэмээх бүсгүйтэй гэрлэжээ.
Түүнийг трансжендер гэдгээ зарлах үед гэр бүлийн хүн Эммагаас эхлээд олон нөлөө бүхий хүмүүс түүгээр бахархаж байгаагаа илэрхийлж, баяр хүргэсэн байна. Жишээлбэл Канадын ерөнхий сайд Жастин Трюдо, шоу нэвтрүүлгийн хөтлөгч Эллен ДеЖенерес, найруулагч Жэймс Ганн тэргүүтэн баяр хүргэсэн бол Netflix компани твиттер дээрээ "Супер баатраараа үнэхээр их бахархаж байна. Бид чамд хайртай шүү, Эллиот" хэмээн бичжээ.
Эхнэр Эмма Портнерийн хамт