1
Соломон Ашийн тохирлын нөлөө
Энэ нь тухайн хүн нөхцөл байдалд тохируулж, бусдын үзэл бодолд автаж өөрийн анхны үзэл бодол, үнэлгээг өөрчлөх явдал юм. Энэ нь нийгэмд эзлэх байр сууриа бататгахад тусалдаг. Сэтгэл судлаач Соломон Аш бол тохирлын судалгааны мэргэжилтэн юм. Түүний туршилтын онцлог нь судалгаанд оролцогчид карт дээр зурсан зураасны уртыг харж, хоорондоо ижил зураасыг, ижил өнгийг олох байсан аж. Туршилтанд нэг оролцогчоос гадна бусад бүх оролцогчид нь хуурамч байсан бөгөөд жинхэнэ оролцогч тогтмол хамгийн сүүлд хариултыг өгч байсан юм. Үүний үр дүнд туршилтанд оролцогчдын 75 хувь нь өмнөх оролцогчдын хариултыг дуурайж буруу хариулж байжээ. Үүнээс харахад бусдын нөлөөнд автаж, тэдэнтэй тохирох нь тун амархан болохыг уг туршилтаар баталсан байна.
2
Милгрэмийн туршилт
Стэнли Милгрэм энэхүү туршилтын тусламжтайгаар Германы ард иргэд яагаад бүгдээрээ шахуу фашистуудыг дэмжиж, үй олноор хороох үйлдэлд тусалж байсныг судлах гэж хичээсэн юм.
Туршилтанд хүмүүсийг хоёр хоёроор нь хувааж, “багш” болон “шавь” болгожээ. Хэдийгээр Милгрэм дүрүүдийг санаандгүй байдлаар хуваасан гэж хэлсэн боловч үнэн хэрэгтээ “багш” нарын дүрд жинхэнэ туршилтанд оролцогчид харин “шавь” нь тусгай жүжигчид байсан юм. Тэднийг тусдаа өрөөнүүдэд хамтад нь суулгаж, “шавь” нарыг асуултад буруу хариулт өгөх бүрд “багш”-ийг товчлуур дарахыг хүссэн аж.
Дарж буй товчлуур нь эхэндээ “шавь” нарт бага зэрэг цахилгаан гүйдлийг мэдрүүлэх бөгөөд цаашдаа хүч нь улам нэмэгдэхийг "багш" нарт хэлжээ. Энэ нь мэдээж худал байсан ч "шавь" нар чанга хашхирч, жинхэнээсээ тогонд цохиулж буй мэт аашлах ёстой байв. Гэхдээ "багш" нарт тэдний хашхираан нөлөөлсөнгүй, туршилтын удирдагчийн үгийг дагаж үргэлжлүүлэн товчлуурыг дарсаар л байжээ. Үүнээс харахад хүчтэй нэгнийг дагаж, сул доройг хөсөр хаях нь хүний дотоод мөн чанар ажээ.
3
Стэнфордын шоронгийн туршилт
Стэнфордын их сургуулийн профессор Филип Зимбардо нь дэлхий даяар алдартай туршилтууд явуулдаг бөгөөд тэрээр хэсэг бүлэг хүмүүс, хувь хүний биеэ авч яваа байдалд хэрхэн нөлөөлдөг болохыг судалсан байна. Туршилтанд бие махбодь болон сэтгэл зүйн хувьд эрүүл 24 оюутан оролцжээ.
Туршилтанд оролцогчдын хагас нь “хоригдол” харин хагас нь “харгалзагч”-ийн үүргийг гүйцэтгэсэн юм. Харин сэтгэл зүйн сургуулийн хонгилын өрөөг шоронгийн камер болгосон байна. “Харгалзагч”-дын хувьд зэрлэг балмад үйлдэл гаргахгүйгээр хорих ангийг дэг журамтай байлгах ёстой бол “хоригдол”-ууд нь аль болох эмх замбараагүй байдал үүсгэх үүрэгтэй байжээ. Гэвч “харгалзагчид” хоригдлуудаа сайн, муу хэмээн ангилж хүчирхийлэл хэрэглэж байсан юм. Муу хоригдлууд хүйтэн бетон шалан дээр унтаж, нүцгэн гараараа ариун цэврийн өрөө цэвэрлэж, хүнд дасгал хийх ёстой байсан гэнэ. Хэдийгээр туршилтыг 2 долоо хоног үргэлжлүүлэхээр төлөвлөж байсан ч “харгалзагчид” хэт харгис болж эхэлсэн учир 6 дахь хоногт дуусгасан байна.
4
Гэрчийн нөлөө
Эрдэмтэн Жон Дарли болон Биб Латан нарын хийсэн туршилт нь хүмүүс онцгой, яаралтай нөхцөл байдалд хэрхэн биеэ авч байгаа талаар судалсан юм. Ямар нэгэн гэмт хэргийн гэрчүүд хохирогчид туслахын тулд яагаад яаралтай арга хэмжээг авдаггүй болон ямар тохиолдолд хүмүүс нэг нэгэндээ тусалдаг болохыг уг туршилтаар тогтоохыг хичээсэн аж.
Туршилтын үр дүнд, тухайн хүн олон хүнтэй хамт байвал тэр өөр хэн нэгэн хохирогчид туслахыг хүлээдэг гэнэ. Харин ганцаараа байгаа үедээ тэр шууд л туслах гэж хичээх бөгөөд шаардлагатай газарт мэдээлэл өгдөг болох нь тогтоогджээ. Үүнээс харахад “гэрчийн нөлөө” гэдэг нь тухайн хүн олон хүний дунд ормогцоо “би биш, тэр түүнд туслах байх” гэх дүрэм баримталдаг болохыг тогтоосон байна.
5
“Гуравдахь давалгаа” туршилт
Уг туршилтыг түүхийн багш Рон Жонс явуулсан бөгөөд тэрээр сурагчдадаа хүмүүс Гитлерийн санаа бодлыг мэдэж байсан ч түүний араас дагах болсон шалтгааныг бодитоор тайлбарлахыг хүссэн юм.
Даваа гаригийн хичээл дээр багш өөрийн сурагчдад хандаж, сургуулийн бүлгэм зохион байгуулахыг хүсэж байгаа талаараа хэлсэн бөгөөд үүнд сурагчдын хүмүүжил, биеэ авч яваа байдал ихээр нөлөөлдөг болохыг бүхий л лекцийн туршид ярьсан байна. Харин мягмар гариг тэр эв нэгдлийн хүчийн талаар, лхагва гариг үйл ажиллагааны хүчний талаар ярьжээ. Пүрэв гариг нь бахархлын хүчний өдөр байсан бөгөөд лекцийн танхимд аль хэдийн 80 хүн цугласан байсан гэнэ. Харин баасан гаригийн лекцийн хичээл дээр 200 оюутан цугласан бөгөөд тэд ард иргэдийн сайн сайхны төлөөх залуусын хөтөлбөрийн талаар сонирхон сонсож байжээ.
Туршилтын төгсгөлд багш сургууль дээр ямар ч бүлгэм байгуулахгүй болохоо хэлсэн юм. Хэрвээ ямар нэгэн мэдээллийг зөв талаас болгоомжтой хүргэж чадвал муу санааг хэрэгжүүлэхэд маш хялбар болохыг тайлбарлажээ. Зарим оюутнууд лекцийн танхимыг нулимстай орхиж явсан юм.
6
Хуурамч зөвшилцлийн үр нөлөө
Туршилтанд оролцогчид дотуур байран дотор хагас цагийн турш “Жо-ийн өрөөнд хоол идээрэй” гэсэн бичгийг зүүж явах байжээ. Үүнээс гадна хэдэн хүн энэ саналыг хүлээж авах талаар таамаг дэвшүүлэхийг туршилтанд оролцогчдоос хүссэн байна.
Гэвч туршилтанд оролцогчдын ихэнх нь бичгийг зүүж явахаас татгалзсан бөгөөд тэд хэн ч энэ саналыг зөвшөөрөхгүй гэдэгт итгэлтэй байсан юм. Харин энэ бичгийг зүүж явахыг зөвшөөрсөн хүмүүс мэдээж, олон хүн энэ саналыг хүлээж авна гэдэгт итгэлтэй байсанд оршино.
Үүнээс харахад бид бидний санал бодол олон хүнд таалагдана гэж итгэсэн үедээ ямар нэгэн үйл ажиллагааг хийдэг болох нь тогтоогдсон юм. Мөн туршилтанд оролцогчид өөрийн итгэл үнэмшил, үзэл бодолд төдийлөн итгэхгүй байжээ.
7
Нүүрний хувирал болон дуулгавартай байдал
Миннесотагийн их сургуулийн Карини Лэндис нь хүмүүс хэт их сэтгэл хөдлөлийг илэрхийлэх үед нүүрний булчин хэрхэн ажилладаг талаар судалгааг хийсэн юм. Туршилтанд оролцогчдын нүүрэн дээр булчингийн дагуу зураас зурсан байсан бөгөөд үүний тусламжтайгаар булчингийн ажиллагааг хянах зорилготой байжээ. Туршилтанд оролцогчдод аммиак үнэрлүүлж, бах мэлхий бариулж, төрөл бүрийн зураг харуулж, хархны толгойг таслахыг үүрэг болгож байсан аж. Энэ үед нүүрний булчин төдийлөн өөрчлөгдөөгүй ч хүмүүс бусдын хүсэлтээр энгийн амьдралдаа огт хийхгүй зүйлээ хийдэг болохыг тогтоосон байна.
8
“Гэрэл цацруулах нөлөө”-ний туршилт
“Гэрэл цацруулах нөлөө” бүхий хүмүүс нь найрсаг, ухаалаг, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг хэмээн таамаглаж байгаа аж. Туршилтыг Ричард Нисбетт болон Тимоти Уилсон нар Мичиганы Их сургуулийн оюутнуудын дунд явуулсан байна. Оюутнууд сэтгэл зүйн багшийнхаа бичлэгийг үзэж түүнд үнэлгээ өгөх ёстой байсан юм. Гэхдээ оюутнуудыг хоёр хэсэгт хуваажээ. Нэг хэсэгт сэтгэл зүйн багшийг маш таатай, өөрийн хичээлд дуртай, оюутнуудаа хүндэлдэг нэгэн мэтээр харуулсан бол хоёрдугаар бүлэгт хүйтэн хөндий, оюутнуудтайгаа муухай харьцдаг дүр зургийг харуулжээ. Үүний дараа оюутнуудыг сэтгэл зүйн багшийг хэд хэдэн үзүүлэлтээр үнэлэхийг хүссэн юм. Гэвч хоёр бичлэгэнд багшийн гадаад төрх, биеэ авч яваа байдал зэрэг нь бүгд ижил байсан аж. Оюутнууд зөвхөн өөрийн үзэл бодол, сонирхлын дагуу л үнэлгээ өгч байсан бөгөөд багшийн ярьж байгаа нь тэдний үнэлгээнд огт нөлөөлөөгүй.
9
“Сайн самаритан” туршилт
Туршилтын нэр нь шархадсан хүний дэргэдүүр бүгд тоолгүй өнгөрч явж байхад ганц Самаритан хүн түүнд тусалсан тухай Библи дээр гардаг түүхээс сэдэвлэгдсэн юм.
Сэтгэл судлаачид стресстэй нөхцөлд хүмүүсийн ёс суртахуун нь тэдэнд хэрхэн нөлөөлдөг талаар судалжээ. Хэсэг бүлэг оюутнуудад дээрх Самаританы түүхийг ярьж өгсөн бөгөөд дараа нь оюутнуудыг саяхан ярьсан түүхээ өөр бүлгийн бусад оюутнуудад ярьж өгөөд дүнгээ авахыг даалгасан байна. Ингээд өөр танхим руу явах замдаа оюутнууд тусламж хэрэгтэй зам дээр хэвтэж буй хүнтэй таарна.
Өөрийн сонссон түүхийг ярьж, дүнгээ бүрэн авахаар яарч буй оюутнуудын 10 хувь нь л тухайн хүнд тусалсан байна. Энэ нь хүн өөрийн шашин шүтлэг, ёс суртахууны баримтлалаа өөрт ашигтай үед умартах тохиолдол элбэг байдгийг харуулсан ажээ.
10
“Алга болсон хүүхэд” туршилт
Эрдэмтэд хүмүүс эргэн тойронд болж буй зүйлдээ хэр их анхаарал хандуулдаг болохыг судлахыг хичээсэн байна. Дэлгүүрийн хаалган дээр алга болсон хүүхдийн талаар мэдээлэл байсан бөгөөд дэлгүүр рүү орж байсан ихэнх хүмүүс энэ зарыг уншаагүй аж. Харин уншсан хүмүүс нь хаалганаас хэдхэн метрийн зайд зогсож буй хүүг анзаарч хараагүй юм.