Доорх хаягаар холбогдож дэлгэрэнгүй мэдээлэл авна уу.
99093445
info@caak.mn
facebook
“Алим гэхэд А үсэг”. Бид “Цагаан толгой”-г ингэж суралцдаг. Тэгвэл дижитал шилжилт эрхгүй явагдаж буй энэ үед цахим “Цагаан толгой”-д зайлшгүй нэвтрэх хэрэгцээ шаардлага хүн бүрийн өмнө тулгараад байна. Үндэсний статистикийн хорооноос гаргасан дүн мэдээнд, энэ оны эхний хагас жилийн байдлаар цахим мэдээллийн аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг хоёр дахин өсчээ. Зөвхөн өнгөрсөн жил гэхэд л цахим залилангийн улмаас нийт 13 тэрбум төгрөгийн хохирол учирсан аж. “Загасчлал гэхэд ордог З” үсэг буюу цахим залилан болон өгөөш хаяж хохирогчдыг олзолдог phishing гэх үйлдлийг хэрхэн таних, урьдчилсан сэргийлэх аргуудыг хуваалцаж буйн учир энэ.
Өгөөш 1: Сониучирхал өдөөх фэйсбүүкийн холбоос
Сүүлийн үед манай улсын иргэдийн фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг хууль бусаар олж авч, мэдээллийг өөрчлөх, ойр дотны танил хүмүүсээс нь зээл тусламж хүсэх байдлаар мөнгө шилжүүлүүлэх залилан ихэссэн. Та нэвтрэх нууц үгээ хэнд ч хэлж болохгүйг сайн мэддэг нь лавтай. Харин цахим залилагчдын өгөөш хаядаг түгээмэл арга бол хуурамч холбоос юм. Сэтгэл гижигдэм, эсвэл чих сэртийлгэх гарчигтай мэдээ нийтэлж, хуурамч холбоосоор дамжуулан жинхэнэ мэт харагдах фэйсбүүк хаяг, цахим хуудаст нэвтрүүлснээр иргэдийн фэйсбүүкийн нэр, нууц үгийг олж авдаг. Тэгэхээр мэдээллийн баттай эх сурвалж бүхий сувгуудад итгэх, дуулиан шуугианыг өрдсөн, элдэв жигтэй мэдээлэл бүхий холбоос руу нэвтрэхгүй байх, нууц үгээ тогтмол солих, танихгүй хүнээс найзын хүсэлт авахгүй байх, чаатлахгүй байх нь хувийн санхүүгээ хамгаалж буй нэг үйлдэл юм.
Өгөөш 2: КОВИД-19
Өөдгүй этгээдүүд зальхай учраас л залилагч гэж нэрлэгддэг нь мэдээж. Ялангуяа, цар тахал гарч, нийтээрээ түгшүүрт автсан энэ үед тухайн цаг үеийн мэдээллийг өгөөш болгон ашиглаж, жинхэнэ юм шиг харагдах хуурамч мэдээлэлтэй сайт руу оруулах, “Ковид-19”-тэй холбоотой мэдээлэл, тархалтыг харуулах аппликэйшн татуулах зэрэг аргыг ашиглан, хүмүүсийн хувийн санд нэвтрэх, банкны мэдээллийг олж авах бусармаг явдал дэлхий даяар гаарч байна. Тиймээс цаг үеийн шуурхай мэдээллийг зөвхөн албан ёсны эх сурвалжаас авах ёстой. Мөн цар тахлын үед эрүүл мэндийн байгууллагын нэрийг ашиглан иргэдийг хуурч, бүртгэл хийх халхавчаар хувийн мэдээллийг нь авах луйвар ихэсдэг. Үүнээс гадна амны хаалт, ариутгалын бодис, хамгаалах хувцас хэрэгсэл зэрэг бараа бүтээгдэхүүн нийлүүлэхтэй холбоотой заруудад өндөр сонор сэрэмжтэй хандахыг Интерполоос анхааруулжээ.
Өгөөш 3: Дэндүү сайхан санал
Гэрээсээ цахимаар ажиллах, бараа бүтээгдэхүүн худалдах, худалдан авах харилцаа нэмэгдсэн энэ үед онлайнаар хийж болох өндөр ашигтай ажлын санал тавих, онлайн бизнес болон бүтээгдэхүүн санал болгох зэрэг залилангийн аргууд нэмэгджээ. Өөрөөр хэлбэл, санхүүгийн луйварчид тухайн үед иргэдэд тулгамдсан асуудал дээр тоглолт хийдэг учир хялбар аргаар их мөнгө олох боломж амласан саналуудад няхуур хандаж, ухаалаг байхаас өөр замгүй. Ганцхан удаа нягтлах, шалгахаас төвөгшөөх нь таныг санхүүгийн эрсдэлд оруулж болзошгүйг битгий мартаарай.
Өгөөш 4: Цахим шуудангийн загасчлал
Цахим залилан буюу phishing-ын анхны гэж хэлж болох нэг хэлбэр бол цахим шуудан илгээх. Танихгүй хаягаас анхаарал татсан утга агуулгатай и-мэйл илгээж мэднэ. Үгүй бол харин ч энгийн, гэнэ сэрэггүй и-мэйлд дарах холбоос, татах хавсралт хамт илгээсэн байж болно. Тийм учраас сэжиг бүхий хавсралттай, үл таних хаягаас ирсэн и-мэйлийг нээхгүйгээр устгаж хэвших, харилцдаг байгууллага, хүнийхтэй төстэй хаяг бол эхлээд утсаар нягталж асуух нь зөв юм. Таны цахим шууданд интернэт, мобайл банкны тань холбоос байх нь түгээмэл учраас и-мэйлээ шалгасны дараа бүрмөсөн гарах, нууц үгээ аливаа төхөөрөмжид сануулахгүй байх нь зүйтэй.
/“Цахим залилангаас урьдчилан сэргийлэх олон улсын долоо хоног”-ийн хүрээнд тус зөвлөмжийг ХААН Банктай хамтран хүргэлээ./
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.