Освенцимын музей нь тухайн хорих лагерьт тарчилж байсан хүмүүсийн дурсгалд зориулагдсан юм. Олон баримтаас харахад 1.1-1.5 сая хоригдол энэхүү лагерийн хананы цаана амь насаа алдсан гэнэ.
Барилгын эдэлгээт хугацаа аль хэдийн дууссан учир бага багаар засварлах хэрэгтэй байв. Ингээд Нацизмын хохирогчдын үндэсний сан нь 17-р блокийг засварлах болсон бөгөөд засварын үеэр ажилчид нууц агуулах олж нээсэн байна.
Уг нууц агуулахад сэрээ, халбага, хайч, хутга, гутлын багаж хэрэгсэл байсан бөгөөд бүх олдворыг баримтжуулсны дараа Освенцимын музейд хүлээлгэж өгчээ.
17-р блокт хувцас, гутал засах үүрэгтэй хоригдлууд амьдарч байсан аж. Судлаачдын үзэж байгаагаар, эдгээр багаж хэрэгслүүдийг хоригдлууд оргох эсвэл бусад хоригдлуудтай өөрт хэрэгтэй зүйлээр солилцох зорилгоор хадгалж байсан байх магадлалтай гэжээ.
17-р блокийн ажилчдын дунд яндан цэвэрлэгчид байсан учир тэд ийнхүү багаж хэрэгслүүдээ шатаах зууханд хадгалсан бололтой.
Цаг хугацааны эрхэнд барилга элэгдсэн учир 2019 оны намар барилгын засварын ажлыг эхлүүлсэн юм. Барилгын зарим хэсгийг Польшийн Музейн удирдагчдын саналаар нураасан бөгөөд үлдсэн хэсгийг шинээр засварлах хэрэгтэй болсон байна.
Барилгыг сэргээн засварлах үйл ажиллагааг түүхчидтэй хамтарч засварын явцад олдворыг гэмтээхээс сэрэмжилж байгаа гэнэ.
Бүх олдворуудыг сайн гэгч нь цэвэрлэж, судалгааны дараагийн шатанд шилжүүлэх хүртэл музейд хадгалж байгаа аж. Ирээдүйд эдгээр багажнууд Освенцимын музейн үзүүлэн болох юм.
Освенцим-Биркенауг 1945 оны 1-р сарын 27-нд Зөвлөлтийн арми чөлөөлсөн бөгөөд амь тэмцэж буй хоригдлууд чөлөөлөгдсөн гэдэгтээ итгэж ядаж байсны сацуу цэргүүд ч мөн хорих ангид харсан зүйлдээ итгэж чадахгүй байсан гэнэ.
Энэ оны 1-р сард Освенцим чөлөөлөгдсөний 75 жилийн ой болсон бөгөөд тэнд хоригдож байсан зарим хүмүүс ёслолд оролцжээ.
Освенцимд хоригдож байгаад амьд гарч чадсан 93 настай Мариан Турски хэлэхдээ:
“Освенцим бол зүгээр ч нэг байгуулагдаагүй, хүний гараар бүтсэн учир дахин давтагдах болзошгүй гэдгийг санах хэрэгтэй” гэжээ.
Түүнээс хорих ангид юу болж байсан бэ гэж асуухад "доромжлол" гэж хариулсан бөгөөд тэр доромжлолыг хоригдлууд хэзээ ч мартахгүй гэсэн юм.