Жо Байден 78 насандаа албан үүргээ хүлээн авснаар АНУ-ын 46 дахь Ерөнхийлөгч болно. Хурц, ойворгон Трамптай харьцуулахад нас тогтсон нэр дэвшигчийн тайван байдал нь олон хүний хувьд түүнд саналаа өгөх шалтгаануудын нэг болсон юм.
40 жилийн турш улс төрд хүчин зүтгэсэн тэрээр Барак Обамагийн үед хоёр удаа дэд ерөнхийлөгч байсан боловч түүний хувийн амьдрал эмгэнэл, уй гашуугаар дүүрэн байжээ.
1972 оны 12-р сарын 18-нд 29 настай Байден Делавэр мужаас анх сенатчаар сонгогдсоноос хэдхэн долоо хоногийн дараа түүний хувьд ертөнц орвонгоороо эргэх мэт болжээ. Тэрбээр Вашингтон ДС-т гэр бүлдээ шинэ байшин худалдаж авахаар гэрээ хийж байх үед түгшүүрт дуудлага хүлээн авсан байна. Гурван бага насны хүүхэдтэйгээ гацуур мод худалдаж авахаар явсан эхнэр Нейлиа нь аймшигтай осолд орсныг Байденд дуулгажээ. Тэдний машин том оврын ачааны машинд дайруулсан байсан юм.
Тухайн үед түүний эхнэр Нейлиа, бяцхан охин хоёр амиа алдсан бол Бу, Хантер гэх хоёр хүү нь амьд үлдсэн боловч хүнд гэмтэл авчээ. Хожим нь Байден аймшигтай мэдээг сонсоод тэнгэр хөмрөх шиг санагдаж, ганц ч үг хэлж чадаагүй тухайгаа дурсамждаа бичсэн юм. Дараа нь тэр Сенатын суудлаа өгч, санваартан болохыг хүсэж, орой нь аюултай хорооллуудаар тэнэж явдаг болжээ. Сенатч бүх ертөнцөд болон Бурханд гоморхож байв.
Ирээдүйн улс төрч ажилчин ангийн ирланд гаралтай америк католик гэр бүлийн дөрвөн хүүхдийн ууган хүү нь байв. Тэрбээр 1942 оны 11-р сарын 20-нд Пеннсильванийн аж үйлдвэрийн төв Скрантон хотод төржээ. Байден ээж нь түүнийг бусдаас илүү биш ч хэн хүнээс илүү сайн хүн гэж хэлж байсныг үргэлж дурсдаг байна.
Эцэг эх нь 1953 онд Делавэрийн Вилмингтон руу нүүж ирсэн бөгөөд Байдены аав том Жо уурын зуух цэвэрлэгчээр ажилд орсон байна. Залуу Байден хэл яриа муутай байсан тул ангийнхан нь түүнийг их шоглодог байжээ. Эцэст нь Байден толиныхоо өмнө Ирландын яруу найргийг уншсаар өөрийн сул талыг арилгаж чаджээ.
1965 онд Жо Ньюарк дахь Их Сургуулийг төгссөн бөгөөд үүнээс өмнө 1964 онд Бахамын арлуудад ирээдүйн эхнэр Нейлиа Хантертайгаа танилцжээ. Хоёр жилийн дараа тэд гэрлэж, 1969 онд Жозеф Бу, 1970 онд Роберт Хантер, 1971 онд Наоми Кристина гэх гурван хүүхэдтэй болсон байна.
Түүний улс төрийн оргилд хүрэх эхний алхам нь дүүргийн сонгуульд ялалт байгуулсан явдал байв. 1972 онд 29 настай Жо Байден сонгуульд ялж, Делавэр муж улсын сенатч болов. Дараа нь түүний эхнэр, бага охины амийг авч одсон аймшигт осол болжээ.
1975 онд өөрөөсөө 9 насаар дүү Жилл Жейкобстой танилцжээ. Сохор болзоонд тэр маш сайхан хувцаслаж ирсэн бөгөөд бүсгүйтэй эелдгээр гар барьсан байна. Дараа нь Жилл ээждээ жинхэнэ эрхэм хүнтэй танилцсан гэж хэлж байснаа дурссан юм. 1977 онд хосууд гэрлэж, 1981 онд Эшли охинтой болжээ.
Байден анх удаа 1987 онд АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд өрсөлдөхөөр шийдэж байжээ. Гэвч тухайн үед түүнийг Хөдөлмөрийн намын удирдагч Нейл Киннокийн үгнээс ишлэлийг нь хуулбарласан гэж буруутган сонгуульд оролцуулаагүй байна.
1988 онд Жо Байдены тархинд цус харваж ухаан алджээ. Хүндрэлээс болж эмч нар улс төрчийн тархийг үхжих вий хэмээн болгоомжилж байв. Аз болоход бүх зүйл сайнаар дуусаж Жо өвчнийг даван туулж чаджээ.
Жо Байден 2008 онд АНУ-ын Ерөнхийлөгчийн сонгуульд хоёр дахь удаагаа өрсөлдөхөөр Ардчилсан намын сунгаанд оролцов. Дараа нь тэрбээр өөрийн найз, Ардчилсан намаас нэр дэвшигч Барак Обамаг "африк гаралтай анхны ухаалаг, уран цэцэн үгтэй эр" гэж нэрлэж байжээ. Харамсалтай нь энэ нь түүний сонгуулийн кампанит ажилд сөргөөр нөлөөлж, сунгаанд ялагдсан байна. Гэсэн хэдий ч Обамагийн ерөнхийлөгч байх хугацаанд Байден хоёр удаа дэд ерөнхийлөгчөөр ажилласан юм.
Түүний инээдэмтэй үг хэллэгийг "Байденизм" гэж нэрлэдэг болж байжээ. Жо Байденд ийм алдаанууд маш их байдаг. Тэрбээр тэргэнцэртэй улс төрчөөс босоод алга ташиж өгөхийг хүсэж, Ирландын Ерөнхий сайдын ээжийг амьд сэрүүн байхад нь таалал төгссөнд нь эмгэнэл илэрхийлсэн гэх мэт олон алдаанууд гаргаж байсан юм.
2016 онд Байден Хиллари Клинтоныг ардаа орхиж, оронд нь Ерөнхийлөгчид нэр дэвших болно гэж бодож байсан ч бас нэгэн эмгэнэлт явдал түүнийг унагав. 2015 оны 5-р сард түүний 46 настай хүү Бу Байден тархины хорт хавдраар нас баржээ. Үүнээс болж Байден маш том цохилтод орсон юм. Түүнд уй гашуу, сэтгэлийн шаналал зовлонг даван туулахад цаг хугацаа, хүч тэнхээ хэрэгтэй байв.
Дональд Трампын эхний бүрэн эрхийн хугацаа дуусах дөхөхөд Жо Байден дахин өөрийгөө бататгахаар шийджээ. Түүнийг сонгуулийн сурталчилгаагаа эхлүүлсний дараа олон эмэгтэй бэлгийн хүчирхийлэлд буруутгасан байна. Тэдгээрт Жогийн оффисын ажилтан байсан Тара Ридийн гомдол ч багтсан юм.
Дараа нь түүний хүү Хантерын хар тамхи хэрэглэж буй зураг New York Post сонинд хэвлэгджээ. Түүнчлэн Байдены хүү эцгийгээ АНУ-ын дэд ерөнхийлөгч байхад нь түүний өндөр албан тушаалыг ашиглаж Украйны эрчим хүчний компаниас ашиг олох зорилготой байсан гэж хэвлэлд бичсэн байв. Жо Байден авилгын бүх хэргийг няцааж, гүтгэлэг гэсэн тайлбар өгч, харин Хантер хүүгээ хар тамхинд донтсон байсан гэдгийг хүлээн зөвшөөрсөн юм.
Байден сонгуулийн сурталчилгааны төгсгөлд ч гэсэн дахин нэг алдаа гаргасан. Тэрбээр ач охин Финнеганыг "Миний хүү Бу" хэмээн олны өмнө танилцуулсан байна. Үнэндээ Байден охиныг талийгаач хүү Бугийн охин гэж хэлэхийг хүссэн боловч бүх зүйлийг хольж хутгажээ.
Эцэст нь Байден өрсөлдөгч Трампынхаа нэрийг мартаж Жорж хэмээн дуудсан юм. Гэсэн хэдий ч энэ нь Трампаас залхсан Америкчуудын итгэлийг үгүй хийсэнгүй. Иргэд нь шинэ ерөнхийлөгчийнхөө алдаануудыг уучлахад бэлэн байгаа ажээ. Хоосон ярианаас илүүтэй буруу зөрүү яриад ч хамаагүй хэлсэндээ хүрэх нь дээр биз ээ.