Америк сэтгүүлч Чингис хааны тухай ингэж бичжээ

Чингис хаан бол дэлхийн түүхэн дэх хамгийн агуу цэргийн суут жанжин билээ. Тэрээр цэргээ бүхэлд нь аравтын тоонд тулгуурласан системд шилжүүлж анх удаа практикт хэрэгжүүлэн цэрэг-захиргааны эрс шинэчлэл хийж, асар богино хугацаанд дэлхийд хосгүй сахилга, зохион байгуулалттай армийг буй болгосон нь монгол цэргийн урлагийг дэлхийд тэргүүлэх түвшинд гаргах боломжийг бүрдүүлж өгчээ. Тиймдээ ч дэлхийн талыг эзэлж чадсан байх. Түүхийн сонирхолтой баримт материалууд нийтэлдэг deremilitari.org сайтад сэтгүүлч Сандра Алварез (Sandra Alvarez)-ийн бичсэн нийтлэлүүдийг багцлан хүргэе.   

Америк сэтгүүлч Чингис хааны тухай ингэж бичжээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

1 Ерөнхий стратеги

Их Монгол Улсын цэргийн стратегийн үндэс нь маневр буюу байнгын хөдөлгөөн дээр суурилсан стратеги байснаараа бусдаас онцлог. Орчин үеийн цэргийн шинжлэх ухаанд стратегийн түвшинд маневрыг голлон хэрэглэж буй дайныг ийнхүү нэрлэдэг. Чингис хаан ийнхүү “Маневрын дайн”-ы стратегийг боловсруулах явцдаа түүнтэй холбоотой олон зүйлийг мөн анх санаачлан хэрэгжүүлсэн юм. Жишээ нь тагнуулын бүхэл бүтэн сүлжээг анх зохион байгуулсан бөгөөд өрнийн улс орнуудын армийн штабууд XX зуун гэхэд л сая цэргийн тагнуулын тусгай байгууллагатай болсон билээ. Монгол цэрэг аль ч улс оронд өөрийн нутагт байгаа мэт чөлөөтэй, түргэн шуурхай довтолгож асан нь чухамдаа бүх төрлийн тагнуулын сүлжээ найдвартай ажиллаж байсны үр дүн мөн. ХХ зуунд АНУ-ын Зэвсэгт хүчинд үүсгэн байгуулсан “Түргэн байрлуулах хүчин” болон бусад улсын ийм маягийн үүрэг, зориулалтын хувьд цэрэгтэй ижил гавшгай дайчид болох "Тама" (“Тамачи”) хэмээх цэргийг монголчууд бүр XIII зуунд цэргийн хэрэгт хэрэглэж эхэлсэн билээ. Үүнээс гадна "Дайны ажиллагааны театр"-ыг сайтар тандан судалж, их цэрэг явах зам, гүүр барих зэргээр урьдчилан бэлтгэдэг байсан аргыг ихэнх улс орон ХХ зуун хүрч байж л сая хэрэглэх болсон билээ.

Ерөнхий стратеги

Түүнчлэн:

  1. Цэрэг, дипломатын аргыг хослуулан дайсан улсаа ганцаардуулах
  2. Дайсан улсынхаа газар нутгийн тал талаас зэрэг давшилт хийж хүчийг нь тарамдуулах
  3. Гол цохилтын чиглэлийг зөв сонгож, стратегийн гэнэтийн ажиллагаагаар дайснаа мохоох
  4. Гол объект, хаад, ноёдыг нь тасралтгүй мөрдөн хөөж дайсныхаа нэгдсэн удирдлагыг алдагдуулах
  5. Сэтгэлзүйн хүчтэй довтолгоон хийх зэрэг стратегийн түвшинд санаачлан хэрэгжүүлсэн зүйл олныг дурдаж болно.

Энэ бүхэн нь орчин үеийн дайны урлагт ч зарчмын чухал ач холбогдолтой зүйлс хэвээр байгаа юм. Ийнхүү дайны санаачилгыг эхнээс нь гартаа авч, байлдааны ажиллагааг тасралтгүй, идэвхтэй явуулдаг байсан нь ямагт ялан дийлэхийн үндэс суурь болдог байжээ.

2 Зэвсэглэл

Дундад зууны Монголын хүнд морьт цэрэг нь тус бүр 30 сумтай 2-3 саадаг, махир сэлэм, дайсныг жадлах, дэгээдэх сэрвээт жадаар зэвсэглэж мод, шир, төмөр, халх бамбайн арьс, мяндас, ширмэл, гархин хөө хуяг, ялтас- ширэн дуулгатай байжээ. Хөнгөн морьт цэрэг нь урт хөнгөн жад, хурц ясан ба төмөр зэвтэй нум, сум хэрэглэж, цэрэг бүр ташуур, бугуйл ганзагалж, хэт хутга, хуурай, шөвөг, билүү, зүү утас биедээ авч явдаг байжээ. Нумын урт нь 120 см, 30-60 кг татах хүчтэй, 180-270 метрийн тусгалтай байсан нь европуудынхаас даруй хоёр дахин илүү аж. Сумны зэвний өргөн нь 3-5, урт нь 14-15 см байжээ. Сумны үзүүрт могойн хор түрхэх ба 20-30 алхамд хуягийг нэвт харвана, алдах нь үгүй.

Зэвсэглэл

Махир сэлэм нь нэг метр урт, 3-3.5 см өргөн агаад хөнгөн, хүч шаардалгүйгээр үзүүр хүртлээ зүсдэг байна. Жад нь 2-3 метр урт, маш хатуу хулсаар хийгддэг бөгөөд улаан зос түрхэж дайсандаа сэтгэл зүйн цохилт өгдөг байсан гэнэ. Тэр үед өрнө дахинд ийм зэвсэг байсангүй. Дуулгыг эхэн үедээ арьс, дараа нь төмөрлөж, эцэст нь дан төмрөөр хийх болжээ. Төмөр бамбайн зэрэгцээ, арьсаар бүрсэн модон бамбай нь 30 см голчтой бөмбөгөр хэлбэртэй, уян хатан, бөх бат модны мөчрөөр сүлжиж олон өнгийн утсаар хээлэн хийж, голд нь толь суулгасан байна. Мөн 96 см өргөн, 140 см ч өндөр бамбай ч хэрэглэнэ. Дээлээ хатуу шир, төмөр ялтсаар хуяглан байлдаанд өмсөнө. Олон төрлийн хуяг давхарлаж өмсдөг нь чийрэг, бяртайг нь гэрчилнэ. Гутлаа бас хуяглана. Өвөл нь үстэй дээл, дах дэхтий өмсөнө. Зун нь цув өмсөж, даавуун буюу арьсан майханд амьдарна. Ус гатлахдаа арьсан тулманд зэвсэг хэрэглэлээ хийж, биедээ аван морины сүүлнээс зүүгдэж эсвэл завиар гатална. Монгол цэрэг унаа, хөсөг, байлдааны үүрэгтэй 3-4 хөтөлгөө морьтой байх ба мориндоо төмөр, модон тах хийнэ. Тэмээний тавгийг сарлагийн ширээр баглана. Эмээл, дөрөөг нүүдэлчид санаачилсан бөгөөд морины зөв талын дөрөө богино байх нь сэлэмдэх, харвахад тохиромжтой. Тухайн цагт ихэнх газар эмээл хэрэглэдэггүй байж. Мориныхоо хуягийг хатуу, зөөлөн арьс шир, эсгий, төмөр гархиар хийнэ.

3 Цэргийн бүтэц, зохион байгуулалт

Хөнгөн морьт цэрэг:

Голчлон язгуур монголчууд нүүдэлчдээс бүрдсэн байх бөгөөд монгол цэргийн гол цөм нь байж. Тагнах, хүнд морин цэрэгт туслах, ашигтай газрыг олох, манлай цэргийн цохилт өгөх, тулааны үеэр тойрох, маневр хийх, дайныг мөрдөх үүрэгтэй байв.

  • Хүнд морьт цэрэг. Хөнгөн морьт цэргийн амжилтыг хөгжүүлэх, тэдний дэмжлэгээр дайсныг сөнөөх, давших байлдаан хийх үүрэгтэй.
  • Явган цэрэг нь эзлэгдсэн орны  буюу олзны цэргээс бүрдэнэ. Тэд харуулд гарах, хот нураах, зэвсэг хэрэглэл, эзэмших, инженерийн цэргийн ажил хийх, хэрэм давж гардан байлдаанд орох, арын алба эрхлэх, эзэлсэн хотын сахих үүрэгтэй бөгөөд илд, хүрз, нум сумаар зэвсэглэнэ. 1214 онд Зүрчидээс анхны явган цэргээ, 1220 онд Отрар, Бухараал, баруун фронтын анхны явган цэргээ байгуулжээ.
  • Заант цэрэг: 1220 онд Хорезмд анх удаа, 1257 онд Аннамд заантай тус тус тулгарч байв. Аннамыг буулгаад заанаар алба бариулан ачаа хөсөг, гоёлд хэрэглэх болов. Эндээс үзвэл Юань гүрний үед үүслийн төдий заант цэрэг байв.

Цэргийн бүтэц, зохион байгуулалт

4 Стратеги

Цэрэг нь засаг захиргааны хуваарьтай учраас байнгын бэлэн байдалд байна. Монгол ахуй, ан ав, эрийн гурван наадам, оюун ухааны тоглоомууд, цэргийн дундах тэмцээн уралдаан /сартуул, Бука Сочихай, Есүнгэ мэргэн/ зэрэг нь байнгын бэлтгэл болно. Тусгай бэлтгэл ч бас байна.

Дайнд бэлтгэхэд

  • · Их хуралдайгаар хэлэлцэж, цаг, бодлогоо тодорхойлно.
  • · Дайснаа тагнах
  • · Морьдоо тарга тэвээрэг авахуулах
  • · Дайснаа бутаргах, хүчийг нь барахын тулд заль гаргах.
  • · Холбоотнууддаа элч илгээж, зарлиг, заавар түгээх
  • · Цэрэг татаж, хувцас хүнс бэлтгэх
  • · Аялах зам, бэлчээрээ сонгож бэлтгэх
  • · Хайгуул цэргээ явуулах
  • · Замд гарах өдрөө тогтох
  • · Мэргэ тавьж шинжих
  • · Мөнх тэнгэрт тахил өргөж, гуйх
  • · Бүх дарга ахлагчийг цуглуулж заавар өгөх
  • · Хар туг, онгоныг тахих
  • · Хөгжим бүжиг хийх
  • · Дайсандаа элч илгээж “ял асуух” зэрэг ажлуудыг хийнэ. Чингис хаан Алтан улс руу зургаан жил, Сартуул руу нэг жил, Хүлэг хаан Перс рүү дөрвөн жил, Хубилай хаан Сүн улс руу 13 жил, Өгөөдэй Алтан улс руу нэг жил бэлтгэж байж довтолжээ.

Стратеги

Стратегийн удирдлагын гол хэрэгсэл өртөө бөгөөд дотор нь усан, хуурай /морь, үхэр, нохой, илжиг, явган/ гэж ангилан яаралтай улаач бол хонх зүүж хоногт, 230 км зам туулна. Өртөө хоорондын зай нь 10-15 эсвэл 25 газар /нэг газар нь 576 метр байна/ байна. Худалдаачид, элч нар, олзлогдогсдоос үг сонсох, дайсны элч, төлөөлөгчдийн ноёдыг нь урвуулан байлдан тагнах, байлдах бүртээ цэргийн мэдээг сонсох зэргээр тагнуулын үйл ажиллагаа явуулна. Эзэнт гүрний байлдан тагнах ажиллагаа нь дэлхийд сонгодогт тооцогддог байна. XX зуунаас л энэ ойлголт нэлээд түгээмэл болжээ.

  • Цэргийн хүнсээ бүгдийг биедээ авч явах зарчимтай бөгөөд дор хаяж 10-30 хоног хэрэглэх будаа, борц, цагаан идээтэй явна. Мөн ав хоморго хийх, мал сүргээ дайнд авч явах, дайснаараа тэжээлгэх, морины цус ханаж уух замаар хүнсийг зохицуулна. Аравт тутам нэг майхантай, цэрэг бүр солих хувцастайгаа явна.
  • Дайны үзэл баримтлал нь “давшилт-бүслэлт” бөгөөд, хурдан морьт цэрэг дайсны араас орохдоо шалмаг. Үүгээрээ дэлхийд анхдагч гэдэг.

  • Байлдааны нууц байт тактик. Энэ арга тактикийг Хэрэйдийн ван хааныг бүслэн устгахад хэрэглэсэн гэж үздэг. Энэ арга нь дайсныг зориуд хууран мэхэлж хүчийг нь сарниулан салгаж хэсэгчлэн устгах, хуримтлал гол горхи нийлж нуур болохын адил тал талаас нь хумин дайрч, дайсны цэргийг бүслэн устгахад чиглэгдэнэ. Өөрөөр хэлбэл, цөөн тооны хүчээр дайсны давуу байдлыг бут цохиход гол зорилго нь оршино.
  • Цүүцэн дайны арга. Энэ нь дайсны гол цөмд нэвтрэн орж, улмаар дотогшлон гүн нэвтэрч дайсны цэргийн гол хүчийг дотроос нь цүүцдэх мэт цохиж шамдуулан сандралд оруулан бут цохих арга юм. Иймд цүүцэн байлдаан нь дайсны гол хүчийг дотроос нь эвдэн бусниулах зорилго агуулсан байдаг. Цүүцэн дайны үед юуны урьд цэргийн тэргүүн манлайд хошууч цэргийг оруулж, түүний дараагаар хоёрдугаар сэлбэг хүчийг нэмэн илгээх, заримдаа гуравдугаар нэмэлт хүчийг оруулж дайсныг дотроос нь самруулан байлддаг. Зарим үед дайсныг сандралд оруулахын тулд эмнэг догшин адууг оруулах замаар тэдний хүчийг сарниулдаг байна.

  • Давших тактик. Цэргийн өмнө хошууч анги явж дайны бэхлэлт боомтыг юуны түрүүнд устгахыг эрмэлзэнэ. Чингисийн алдарт жанжин Зэв, Сүбээдэй нар дайсныг бүслэн хааж, устгах талаар гарамгай чадвартай байв. Хэрэв дайсны хүчийг хялбархан сэтэлж болохгүй бол түр ухарч заримдаа хэдэн өдрийн газарт холдон явж, цөхрөнгөө барж орхисон дүр үзүүлэн алга болно. Ийнхүү эсрэг талаа тайвшруулж байгаад гэнэт тал талаас нь хүчтэй довтолно. Цэргийн давших хөдөлгөөнийг алсаас туг далбаагаар удирдах бөгөөд шөнийн цагт бамбараар дохио өгнө. Давших тактикийг Алтан улс, Дундад улсад довтлох үеэр өргөн хэрэглэсэн. Монголын хөнгөн морьт цэрэг цаг үргэлж довтлох буюу нэлээд зайтай байж, нум сумаар бороо орох мэт зогсолтгүй харвана. Дайсны хүч нэлээд суларч ирэхэд нь хүнд морин цэрэг төв болон хажуу талаас довтолно. Хэрэв дайсан зугтаасан тохиолдолд түүнийг заавал мөрдөн хөөж, үлдээлгүй бут цохино. Энэ бол Чингис хааны байлдааны гол зарчим байв.

Монголчууд хээр байлдахдаа дайрах, хориглох, ухрах гурван төрлийн арга барил хэрэглэнэ. Мөн нэг жигүүрийн цэрэг дайсны бүх хүчийг гартаа татаад нөгөө жигүүрийн цэрэг нь араас нь цохих, тойрон бүслэх зэрэг нь түгээмэл байжээ. Хот суурины байлдаандаа цус бага гаргах үүднээс элч явуулж ятгуулах, сүрдүүлэх, ард иргэдийг нь өршөөлөөр татах, зарим жанждаараа уриалуулах цэргийнхээ тоог нэмэн зарлах арга хэрэглэдэг байв. Ингэхдээ мод чирч, шороо цацаж их тоос манаргах, хөтөлгөө моринд мануухай мордуулах, олзлогсдыг өмнөө туух арга хэрэглэнэ. Мөн хуурамч ажиллагаа явуулах (1214 онд Мухулайн мянганы ноён шинэ томилогдсон Дунганы түшмэлийг алж оронд нь суугаад, цэргүүдийг нь тарааж гурав хоногийн дараа өөрийнхөө цэргийг оруулжээ) замаар зэвсэг хөдөлгөлгүй ялсан тохиолдол байна.

5 Тактик

Хэрэв хэл амаар буулгаж эс чадваас хэрэмнээс гаргаж тулалдахыг эрхэмлэнэ. Үүний тулд цөөн цэрэгтэй үзэгдэж дайсныг омогшуулах (1211 онд Зэв Цавчаал боомтонд энэ аргыг хэрэглэсэн), хотын дэргэд ирээд эсвэл бүслээд гэнэт зугтаж араасаа хөөлгөх, тайвшруулах, дайсны цэрэг өмгөөлөхөөр ирэх замд нь цохих зэрэг аргыг хэрэглэж байв. Дээрх аргууд тусаа өгөөгүй бол бүслэн байлдана. Ингэхдээ 2-3 гурван давхар бүсэлж, байлдааны хэрэгслээ бэлэн байдалд оруулан зэхнэ. Их бууны сум, чулуу, нойтон дүнз бэлтгэж өндөрт байрлуулна. Хэрмийг цоолох, газар доогуур ухах, хэрмийн дөрвөн талаас нэгэн зэрэг шатаар авиран орох оролдлого хийнэ. 

Тактик

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()