Андрей Михайлович Борзенко нь 1920 онд Ташкент хотод төрсөн. Тамирчин, Комсомолын гишүүн, Узбекистаны боксын хоёр удаагийн аварга тэрээр 1941 оны 5-р сард Киевийн цэргийн ангид дуудагджээ.
Хэдий 1930-аад оны эхээр гэр бүлийг нь хэлмэгдүүлж, албадан хөөсөн байсан ч тэрээр цэргээс халагдаж, эх орондоо ирэхдээ баяртай байв. Гэтэл гай таарч, удаан хүлээлгэсэн эрх чөлөө нь ирэхээс хоёрхон хоногийн өмнө Герман улс ЗСБНХУ руу довтлов.
Зөвлөлтийн цэргүүд Сталины тушаалаар Киевийг хоёр сарын турш хамгаалж, улмаар асар их хохирол учран 600 мянга гаруй Улаан армийн цэргүүд бүслэлтэнд оржээ. Тэдний нэг нь Борзенко байсан бөгөөд улмаар 1941 оны эцэс хүртэл Шталаг хэмээх цэргүүдийн хорих лагерьт хоригджээ.
Шталагийн хоригдлуудын даалгавар бол Германы эрхшээлд орсон Киевийг сэргээн босгох ажил байв. Тэд өдөрт нэг удаа хооллож байсан бөгөөд хоригдлууд хоолны төлөө тэмцэж, бие биенээ хүртэл хөнөөдөг байсан юм. Нэгэн удаа Борзенкогийн хоолыг булаахаар ирсэн цэргийг боксчин нэг л цохилтоор унагаажээ.
1942 оны хавар Борзенког алдарт Бухенвальд руу явуулав. “Цогцсон овоо, шатаж буй хүний махны эхүүн үнэр ба далд үхлийн мэдрэмж л угтсан” хэмээн Андрей дурсаж байсныг Георгий Свиридовын бичсэн “Өргөст утасны ар дахь тулааны ринг” номд дурдсан байдаг.
Нацистууд түүний сул дорой нэгэн биш болохыг анзаарч тариалангийн талбайд ажиллаж байсан хоригдлуудын ахлахаар томилжээ. Андрей ажилчиддаа энэрэнгүй хандаж, ялангуяа ядарсан хүмүүсийг илүү хялбар ажилд томилдог байжээ. Гэхдээ долоо хоног бүрийн төгсгөлд түүнийг боксын тэмцээн хүлээж байдаг байв.
Бухенвальдийн орлогч дарга нь боксын улаан хорхойтон байжээ. Тэрээр хоригдлуудын дундаас хамгийн хүчтэй эрийг олохыг тушаасан аж.
Борзенко маш сайн ур чадвар эзэмшсэн, хөдөлгөөнтэй, тактикийн хувьд чадварлаг байсан юм. Үүний ачаар тэрээр бараг бүх тулаанаа нокаутаар дуусгасан байна. Ялагдашгүй "Untermensch" Германчуудыг ихээхэн уурлуулж байсан бөгөөд Андрейг хоол тэжээлээр дутааж, зодож, цаазаар авна хэмээн заналхийлж байжээ. Нэг удаа тэд түүний хөлийг хугалсан нь түүнийг зургаан сарын турш тулалдах чадваргүй болгожээ. Дараа нь тэр тахир дутуу хөлөө бүхэлд нь тайрах хэрэгтэй болж байсан аж.
Борзенкогийн хамгийн хэцүү тулаан нь Вилли хэмээх аварга том биетэй СС-ийн албан хаагчийн эсрэг тулалдсан явдал байв. Хоёр метр өндөр "ари эр" зугаацахын тулд ядарсан хоригдлуудыг нэг цохилтоор хөнөөдөг байжээ.
Тулаан болоход Андрей эхний цохилтод нь унаагүйд Вилли уурлаж хамгаалалтаа сулруулжээ. Герман эр тун задгай тулалдаж байсан тул Борзенко эгзэгтэй мөчийг хүлээж байгаад өрсөлдөгчөө баруун эрүү рүү нь цохин нокаутанд оруулж ялалт байгуулсан байна.
Андрей Борзенко нийтдээ 80 ялалт байгуулж, нэг ч удаа ялагдаагүй. Боксчин 1945 оны 4-р сард бөөнөөр хорих лагериас чөлөөлөгдөх хүртэл Бухенвальдад байжээ.
Дайны сүүлийн өдрүүдэд тэрээр бусад хоригдлуудтай хамт цуглуулж нуусан зэвсгүүдээ ашиглан SS-ийнхний эсрэг бослого гаргасан бөгөөд яг тэр үед Америкийн арми ирснээр Бухенвальдын хорих ангийн төгсгөл ирсэн юм.
Бухенвальдийн хаалган дээр "Хүн бүрт өөр" гэсэн бичээс байдаг нь яг л Андрейгийн хувь заяаг зөгнөсөн мэт.
Энх цаг ирсний дараа тэрээр тахир дутуу хөлөөсөө болж үргэлжлүүлэн тулалдах боломжгүй болсон бөгөөд хожим мэс засалчийн мэргэжлээр сурч Ташкентад хүмүүсийн амийг аварч байжээ.