Өндөглөхөд бэлэн болсон үедээ хөхөө шувуу өөрөөсөө биеэр арай жижиг шувууны үүрэнд очдог аж. Ингээд өөрийнхөө өндгийг хийснээ мэдэгдүүлэхгүйн тулд тэр үүрэн дэх нэг өндгийг шидэж орхино. Ховор тохиолдолд үүрний эзэн шувуу түүнийг үйлдэл дээр нь "барьж", хөхөө рүү дайрдаг. Заримдаа тэд хөхөөний өндгийг өөрийнх нь биш гэдгийг мэдээд гаргаж хаях нь ч бий. Гэхдээ ихэнх тохиолдолд шувууд хөхөөний өндгийг өөрийн өндөгний хамт дардаг.
Бусдын үүрэнд өндгөө орхихын тулд хөхөө шувуу багагүй ухаан гаргах хэрэгтэй болдог. Тэрээр хэсэг хугацаанд шувууны үүрнүүдийг тагнаж, олон өндөгтэй, тухлаг үүрийг сонгодог байна. Ингээд тэр эх шувууг үргээх оролдлого хийдэг аж. Тодруулбал тэд модны дор нуугдаж, махчин шувууны чимээг гаргадаг гэнэ. Айсан шувууд зугтаж үүрээ эзэнгүй үлдээдэг байна. Ердөө л 10-16 секундын дотор хөхөө бүх төлөвлөгөөгөө амжуулж, эх шувууны үүргээ өөр шувуунд шилжүүлдэг гэнэ.
Хөхөөний хохирогч нь ихэнхдээ болжмор, ураацай, алтан гургалдай, бор шувуу, хар хөөндэй гэх мэт өөрөөс нь жижиг шувууд болдог. Үүрний эзэд бяцхан өндөгнүүдийн дунд тэс өөр өндөг байгааг төдийлөн анзаардаггүй байна.
Хөхөө шувууны ангаахай хөрш гэх зүйлийг тэвчдэггүй аж. Учир нь тэд маш эмзэг арьстай бөгөөд хажууд нь ямар нэг зүйл хүрэх төдийд уурлаж, саад болж байгаа бүхнийг түлхэж холдуулахыг оролддог. Ингээд өргөж авсан эхийнх нь "төрсөн хүүхдүүд" бүгд хаягддаг юм.
Түүнчлэн хөхөө шувууны ангаахай бусад шувууны үр төлөөс илүү хурдан өсч бойждог байна. Ингээд тэд өргөмөл эцэг эхийнхээ авчирсан хоолыг, өөрөө хоолоо олж чадах хүртлээ иддэг. Заримдаа үүрээ орхин ниссэнийхээ дараа ч өргөмөл ээж дээрээ эргэн ирж хооллодог байна.
Хөхөө шувуу ээж байх үүргээсээ зайлсхийж ийнхүү өндгөө бусдын үүрэнд хаядаг мэт боловч байгалийн хуулиар энэ нь ерөнхий 3 тайлбартай.
- Шувуу ажиглагчдын үзэж байгаагаар хөхөө шувуу энэ арга замаар өндөгнүүдээ эцэг шувуунаас нь хамгаалж байгаа хэрэг гэнэ. Эр хөхөөнд шинэхэн уураг хэрэгтэй байдаг учир тэд өндгөө шууд идчихдэг.
- Хоёрдугаарт, хөхөө шувуу цээжний онцлогоосоо болж өндөг дарж чадахгүй.
- Гуравдугаарт, өндөгний хальс нэгэн зэрэг боловсорч гүйцдэггүй тул хөхөө шувуу хагарч амжаагүй өндгөө гэмтээх магадлалтай байдаг аж.
Бусад сонирхолтой баримт:
- Хөхөө шувуу улиралд 15 өндөг гаргаж, бүгдийг нь өөр өөр үүрэнд хаядаг бөгөөд 5 орчим өндөг нь амьд гардаг гэнэ.
- Бүх хөхөө шувуу хариуцлагагүй байдаггүй аж. Америкийн хөхөө шувууд хамтдаа үүр засаж, ээлж ээлжээрээ өндгөө дарж, хооллодог гэнэ.