“Банкир” банк хоорондын хөлбөмбөгийн АШТ эхэллээ

Банк хоорондын хамгийн том тэмцээний нэг “БАНКИР” банк хоорондын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 17 дахь жилдээ буюу 2020.10.01-03-ны өдрүүдэд Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулагдаж байна.

“Банкир” банк хоорондын хөлбөмбөгийн АШТ эхэллээ
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Жил бүрийн 9-р сарын эхний 7 хоногт зохион байгуулагддаг тус тэмцээн нь Коронавирус цар тахлын халдвар хамгааллын нөхцөл байдлаас шалтгаалан тодорхойгүй хугацаагаар хойшлогдоод байсан юм.

Анх 2004 онд Хас банкны санаачлагаар Монголын банк, санхүүгийн салбарынхны дунд хөлбөмбөгийн тэмцээн анхлан зохион байгуулагдаж байсан түүхтэй.

Банкны салбарт ажиллаж буй ажилтнуудын тодорхой хувийг мэргэжлийн тамирчид бүрдүүлдэг. Ялангуяа хөлбөмбөгийн спортоор хичээллэдэг, хөлбөмбөгийн холбооны дээд лиг, нэгдүгээр лиг болон сонирхогчдын багуудад тоглодог тамирчид банкны салбарт ажилладаг зэрэг нь энэхүү тэмцээнийг улам сонирхолтой, өрсөлдөөнтэй болгодог.

Нийт 17 дахь удаа зохион байгуулагдаж буй тус тэмцээнд Худалдаа хөгжлийн банк 4, Хас банк 3, Голомт банк 3,  Хаан банк 2, Төрийн банк 2, Капитрон банк 1 удаа тус тус түрүүлж аваргын цомыг өргөсөн байдаг. 3 жил дараалан түрүүлсэн баг шилжин явах цомын эзэн болох дүрэмтэй ч одоогоор 3 жил дараалан аварга авсан баг хараахан гараагүй байна.

Монголын банк санхүүгийн салбарт ажиллаж буй банкуудын хамт олонч уур амьсгалыг бий болгох, байнгын оюуны ачаалалтай байдаг банкируудын чөлөөт цагийг спортоор хичээллүүлэн, зөв боловсон өнгөрүүлэх, хурд хүч авхаалж самбаагаараа өрсөлдөх боломжийг олгодог энэхүү тэмцээн жил ирэх тусам улам бүр сонирхолтой болсоор байна.

Энэ жилийн “Банкир 2020” тэмцээнийг өнгөрсөн жилийн аварга Голомт банк зохион байгуулж байгаа бөгөөд энэ жилийн тэмцээний хувьд хамрах хүрээ тэлэгдэж, шинэ багууд нэмэгдсэн, багуудын бэлтгэл нэгэн жигд, хэн ч медаль дээр буух магадлалтай гээд олон онцлох зүйлтэй тэмцээн болох төлөвтэй байна. Энэ удаагийн тэмцээнд 12 банкны эрэгтэй, эмэгтэй төрөлд нийт 13 багийн 300 гаруй тамирчид оролцож, хурд хүч, авьяас чадвараа сорин өрсөлдөж, шилдгүүдээ тодруулах юм.

Эх дэлхий дээрх хамгийн олон хөгжөөн дэмжигчидтэй хөлбөмбөгийн спортоор өрсөлдөж буй банкны салбарын нийт баг тамирчиддаа спортын өндөр амжилтыг хүсье!

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.