Зөвлөлтийн үеийн хамгийн аймшигтай 8 хөдөлмөрийн лагерь

2020-10-03, 15:54
18,298

ЗХУ-ын "ГУЛАГ" систем нь Арктикийн тойргоос Казахстан, баруун хилээс Алс Дорнод хүртэл газар нутагт нийт 30 мянган хорих байртай байв. Эдгээрээс хамгийн чухал наймыг нь сонгон та бүхэнд хүргэж байна.

Зөвлөлтийн үеийн хамгийн аймшигтай 8 хөдөлмөрийн лагерь

Зөвлөлтийн үед оршиж байсан аливаа шорон, баазыг өнөө үед "ГУЛАГ" гэж нэрлэдэг. Энэ нь буруу ойлголт юм. 

ГУЛАГ буюу (Главное управление лагерей) "Хөдөлмөрийн Лагерийн төв захиргаа" нь 1930-аад оны үед бий болж, 60-аад онд татан буугдсан байна. Гэхдээ "төр доторх төр" буюу гучин мянга гаруй хорих газрын нэгдсэн тогтолцоо нь өөрчлөгдөөгүй аж. Сталины анх бий болгосон энэхүү тогтолцооны хүрээнд сая сая хоригдол хот, суваг, үйлдвэр барьж, алт, уран олборлож, оршин суухад тохиромжгүй байсан газар нутгийг хөгжүүлж эхэлжээ.

Гулагийн түүхийн музейн эх сурвалжаас үзэхэд 20 сая хоригдол энэ системийн лагерь, шоронг дамжин өнгөрчээ. Тэдгээрээс өлсгөлөн, хэт их хөдөлмөр, өвчин болон шийтгэлийн улмаас наад зах нь 1.7 сая хүн нас баржээ. Гэмт хэрэгтнүүдээс гадна "тэрс үзэлтнүүд", ялангуяа хэлмэгдэгсэд тэдний ихэнх хувийг бүрдүүлсэн байна.

1 Соловецкийн тусгай зориулалтын лагерь (СЛОН)

Байршил: Соловецкийн арлууд

Оршин байсан хугацаа: 1923-1933 он

Хоригдлуудын тоо: 71.8 мянган хүн.

Зөвлөлтийн бүх лагерийн "эцэг" гэгддэг Соловецкийн лагерь нь үнэндээ ГУЛАГ-аас өмнө бий болжээ. Анх энд хоригдлуудаар нийтийн хөдөлмөр эрхлүүлж болох эсэхийг туршиж үзсэн байна. 

Цагаан тэнгисийн хүйтэн арлууд дээр хэдэн арван мянган хоригдол мод огтолж, зам тавьж, намаг ширгээж байв. Эхэндээ дэглэм харьцангуй зөөлөн байсан бол 1920-иод оны сүүлчээр дээд хэмжээнд хүртэл чангатгажээ. Ажил хийхийг хүсээгүй хоригдлуудыг модоор зодож, живүүлж, эрүүдэн шүүж байсан. Александр Солженицын "Гулаг ольтриг" дээрээ энэхүү газрыг "туйлын Освенцим" гэж нэрлэжээ.

1930-аад оны эхээр СЛОН-ыг татан буулгаж, хоригдлуудыг бусад лагерь руу шилжүүлсэн байна.

Соловецкийн тусгай зориулалтын лагерь (СЛОН)

"Соловецкийн хүч" баримтат киноноос.

2 Цагаан тэнгис-Балтийн хөдөлмөрийн бааз (Белбалтлаг)

Байршил: Карель

Оршин байсан хугацаа: 1931-1941 он

Хоригдлуудын тоо: 108,000

“Коммунизмын агуу бүтээн байгуулалтууд” -ын түүх нь Белбалтлагийн хоригдлуудын гараар бий болсон томоохон төслүүдээс эхэлсэн юм. Анх Цагаан тэнгисийг Онег нууртай холбох 227 километр суваг барих ажлыг энэхүү лагерийн хоригдлууд гүйцэтгэжээ.

Белбалтлагын хоригдлууд төлөвлөгөөгөө биелүүлж, 1933 оны зун суваг бэлэн болсон байв. Үүний тулд тэд аймшигтай хүнд нөхцөлд, хүрз, ёотуунаас өөр хэрэгсэлгүй, өдөр шөнөгүй ажиллажээ. Нормоо гүйцээгээгүй хүмүүсийн хоолыг хасаж, хорих ялын хугацааг нэмэгдүүлэх маягаар шийтгэж байв. Албан ёсны мэдээллээр Цагаан тэнгисийн суваг барих явцад 12 мянган хүн нас баржээ.

Белбалтлаг нь 1941 он хүртэл оршин тогтнож байсан бөгөөд 2-р дайн эхэлсэнтэй холбогдуулан татан буугдсан юм.

Цагаан тэнгис-Балтийн хөдөлмөрийн бааз (Белбалтлаг)

3 Байгаль-Амурын хөдөлмөрийн бааз (БАМлаг)

Байршил: Амурын бүс

Оршин байсан хугацаа: 1932-1938 он

Хоригдлуудын тоо: 200 мянга.

Байгаль-Амурын магистраль (БАМ) нь Тайшет (Сибирь) - Советская Гаван (Алс Дорнод) чиглэлийн 4000 км төмөр зам тавих нүсэр том төсөл байв. Төмөр зам барих хоригдлууд ЗХУ-ын өнцөг булан бүрээс ирсэн байжээ.

"Ажил хийдэггүй хүн идэхгүй" гэх зарчим энд үйлчилж байсан юм. Угсралтын ажлыг хугацаандаа биелүүлээгүй тохиолдолд лагерийн захиргаа ажлын өдөр дуусах цагийг даруй сунгадаг байжээ. "Тэд өдөрт арван зургаа, бүр арван найман цаг ажилладаг байв” хэмээн түүхч Сергей Папков бичжээ. Гэвч ажлын нөхцөл хүнд байх тусам хөдөлмөрийн үр ашиг бага байдаг бичигдээгүй хууль үйлчилж, төмөр замыг дайны өмнө ашиглалтад оруулж чадаагүй бөгөөд дөнгөж 1980-аад онд л бүрэн дуусгасан юм.

Байгаль-Амурын хөдөлмөрийн бааз (БАМлаг)

4 Дмитровскийн лагерь (Дмитровлаг)

Байршил: Москва муж

Оршин байсан хугацаа: 1932-1938 он

Хоригдлуудын тоо: 192 мянга.

ГУЛАГ-ын хоригдлуудын ажиллаж байсан өөр нэг томоохон төсөл бол Москва голыг Ижил мөрөнтэй холбосон суваг барих ажил байв. Энэ ажил мэдээж маш хүнд байсан боловч бусад лагеруудтай харьцуулахад нөхцөл байдал нь арай дээр гэж тооцогддог байв.

Тодруулбал нас баралтын түвшин харьцангуй доогуур, ажлын өдрүүдтэй, цалин хөлстэй, хугацаанаас өмнө суллах нөхцөлтэй зэрэг "хөнгөн" дэглэмтэй байсан ажээ. Үүнд Москватай ойрхон байршил нь их нөлөөлсөн байна. Сибирийн аглаг ойд олон мянган хоригдол үл мэдэгдэх байдлаар нас барах нь нэг хэрэг, харин нийслэлийн иргэдийн нүдэн дээр хүмүүс үхэх нь огт өөр хэрэг билээ.

Дмитровскийн лагерь (Дмитровлаг)

5 Зүүн хойд лагерь (Севвостлаг)

Байршил: Колыма

Оршин байсан хугацаа: 1932-1952 он

Хоригдлуудын тоо: 190 мянга.

Агнуурын тэнгисийн эрэг дээр алт, цагаан тугалга олборлож, эрт тэс уур амьсгалд тэсвэртэй дэд бүтцийг эхнээс нь барихаар илгээгдсэн эдгээр хоригдлуудын зовлонг Дмитровскийн хоригдлуудын зовлонтой харьцуулшгүй.

"Эрүүл саруул залуу 20-30 хоног замд явж, тамирдаж үхэхийн даваан дээр энэ лагерьт очдог байсан. Очоод өвлийн хүйтэнд, өдрийн 16 цаг борви бохисхийлгүй ажиллаж, өлсөж, даарч туйлдахын зовлонг эдэлдэг байв" хэмээн арав гаруй жил тэнд байсан Варлам Шаламов бичжээ. Одоо байгаа мэдээллээр Колымийн лагерьт дор хаяж 150 мянган хүн нас баржээ.

Зүүн хойд лагерь (Севвостлаг)

6 Норильскийн лагерь (Нориллаг)

Байршил: Норильск

Оршин байсан хугацаа: 1935-1956 он

Хоригдлуудын тоо: 72 мянга.

Өдгөө 179 мянган хүн амтай Норильск бол туйлын бүсэд орших дэлхийн хамгийн том хот юм. 1930-аад онд Гулагын хоригдлууд уг хотыг Магаданы нэгэн адил мөнх цэвдгийн дээр босгожээ. Зөвлөлтийн аж үйлдвэрт метал хэрэгтэй байсан бөгөөд Норильск орчмын бүс зэс-никелийн арвин нөөцтэй тул хоригдлуудыг тийш нь илгээжээ.

“Норильск дахь хоригдлуудыг ажлын төлөвлөгөөг биелүүлэх хэрэгсэл гэж үзсээр ирсэн. Алс Хойд нутагт ажиллах чадвартай харьцангуй эрүүл, залуу хоригдлуудыг Нориллаг руу илгээдэг байжээ. Үүнтэй холбогдуулан Нориллаг дахь нас баралтын түвшин Колымийн лагериас бага байв" хэмээн Оросын сэтгүүлч Станислав Стрючков бичжээ.

Норильскийн лагерь (Нориллаг)

7 Воркутагийн лагерь (Воркутлаг)

Байршил: Воркута

Оршин байсан хугацаа: 1938-1960 он

Хоригдлуудын тоо: 72 мянга

Воркута бол ГУЛАГ-ын хоригдлуудын туйлын бүсэд босгосон өөр нэг хот юм. Гол эдийн засгийн хөшүүрэг нь нүүрсний орд байсныг эс тооцвол Воркутагийн лагерийн түүх Норильсктэй маш төстэй ажээ. Дайны үеэр Воркутлаг улс орныг нүүрсээр хангах онцгой ач холбогдолтой байсан тул үйлдвэрлэлийн хэмжээ эрс нэмэгдэж, ажиллах нөхцөл ч маш хэцүү болжээ. 

Хоригдлуудын эсэргүүцэл дээд хэмжээндээ хүрч, 1942 онд лагерийн нэг бүсэд алдарт Усть-Усинскийн бослого гарчээ. Зөвлөлтийн түүхэнд хоригдлуудын хийсэн цорын ганц зэвсэгт ажиллагаа болох энэ бослогын үеэр хэдэн зуун хоригдол буу агсаж, ойролцоох тосгодын оршин суугчдыг эгнээндээ нэгтгэхийг оролдсон байна. Эцэст нь НКВД-ийн тусгай ангиуд бослогыг нухчин дарснаар энэхүү үйл явдал дууссан байна.

Воркутагийн лагерь (Воркутлаг)

8 Карагандын лагерь (Карлаг)

Байршил: Казахстан улсын Караганда хотын ойролцоо

Оршин байсан хугацаа: 1931-1959 он

Хоригдлуудын тоо: 65 мянга.

"Их бүтээн байгуулалт"-ын хүрээнд бий болсон лагериудаас ялгаатай нь Зөвлөлтийн удирдлагууд "Карлаг"-ийг байнгын лагерь болгон үлдээжээ. "Карлаг"-ийн хоригдлуудын үүрэг бол Хойд Казахстаныг бүхэлд нь хоол хүнс, хувцас, бусад бүтээгдэхүүнээр хангах явдал байв. "Лагерийн хоригдлуудын ажил хэзээ ч дуусдаггүй. Дулаан улиралд тэд хөдөө аж ахуй эрхэлж, хүйтэн улиралд тэд үйлдвэрүүдэд ажилладаг байсан" хэмээн Казахстаны Власт тэмдэглэж байжээ.

Ялангуяа "тэрс үзэлтнүүд"-ийг ихэвчлэн Карлаг руу цөлсөн бөгөөд тэдний дунд дайны үеэр германчуудтай хамтарч байсан гэж сэжиглэгдэж байсан хүмүүс ч багтжээ. 

Карагандын лагерь (Карлаг)

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()