Жирэмснээс хамгаалах бүх төрлийн аргуудын тухай

Жирэмснээс хамгаалах бүх төрлийн аргуудын тухай

Жирэмслэлт гэдэг нь :

Жирэмслэхээс хамгаалах хэрэгсэлгүйгээр, зөвхөн үтрээгээр бэлгийн харилцаанд орсноор эмэгтэйн эм бэлгийн эс, эрэгтэйн эр бэлгийн эстэй нийлж цаашид хуваагдан олшрон ураг болохыг жирэмслэлт гэнэ.

Өсвөр насны буюу 15-19 насны охид биений юм ирэхгүй байхыг тогтворжоогүй, нөхөн үржихүйн насны бүсгүйчүүд алдагддаг гэж эндүүрч жирэмсэн болсноо мэдэхгүй явах тохиолдол их байдаг.

Гэтэл өсвөр насны охид бие болон сэтгэл зүйн хувьд жирэмслэлтэд бүрэн бэлтгэгдээгүй байдаг тул жирэмслэх нь эрсдэлтэй. Тиймээс ээжүүд биений юм болон анхны бэлгийн харилцааны талаар өсвөр насны хүүхэдтэйгээ чөлөөтэй ярилцаж, зөв мэдээлэл өгснөөр дараагийн гарч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.

Олон нийтийн дунд гадуур дур тавих, үтрээ угааж цэвэрлэснээр жирэмслэлтээс хамгаална гэсэн хэвшсэн буруу ойлголт байдаг.  Хэрэв биений юмны мөчлөг, өвдөлт, жирэмснээс хамгаалах аргын талаар мэдлэг хангалтгүй гэж үзвэл мэргэжлийн эмчид хандаарай.

Сүүлийн үед ээжүүд маань охидтойгоо их нээлттэй ярилцаж, ариун цэврийн хэрэглэлээ  сонгоход нь туслах, хамтдаа эмэгтэйчүүдийн эмчээс зөвлөгөө авдаг болсон нь маш бахархууштай санагддаг. Ингэснээр мэргэжлийн эмч тухайн охины нас, биеийн онцлогийг харгалзан илүү тохиромжтой жирэмснээс хамгаалах аргуудыг санал болгоно.

Ингээд жирэмснээс хамгаалах аргуудын талаар товчхон мэдээлэл өгье.

1.Хуанлийн буюу календарийн арга

Энэ арга нь биений юмны мөчлөгөө бүрэн сайн мэддэг эмэгтэйчүүдэд илүү зохимжтой ба 60-80% хамгаалдаг. Зарим сард биений юм алдагдсан тохиолдолд хамгаалах хувь нь эрс буурна.

2.Жирэмслэлтээс хамгаалах механик аргууд

Үтрээний хаалт

Бэлгийн харилцаанд орохоос 2 цагийн өмнө үтрээнд байрлуулах ба эр бэлгийн эсийг цааш оруулахгүй хаах үүрэгтэй. Гэвч бэлгийн замын халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх боломжгүй, ба бэлгийн харилцаанаас хойш 8 цагийн дараа үтрээнээс авна.

Бэлгэвч

Бэлгэвч нь эр, эм бэлгийн эсийг хооронд нь тусгаарлах аргаар 99% хамгаалах, нэг удаагийн арга юм. Эрэгтэйн ба эмэгтэйн гэсэн 2 төрлийн хэлбэртэй, бүх насныхан хэрэглэх боломжтой, үнэ хямд, сонголт сайтай. Биед ямар нэг гаж нөлөөгүй, эрсдэлгүй ба давхар бэлгийн замын халдварт өвчнөөс хамгаална. Гэвч бэлгэвч урагдах, цоорох үед хамгаалах магадлал буурах бөгөөд цөөн хүнд харшладаг байна.

Диафрагм

Тухайн хүний умайн хүзүүний хэлбэр хэмжээнээс шалтгаалан мэргэжлийн эмчтэй ярилцан хэмжээг сонгон, зөв байрлуулснаар 80% жирэмслэлтээс хамгаалах арга юм.  Умайн хүзүүнд байрлуулснаар эр бэлгийн эсийн дамжих замыг хааж жирэмснээс хамгаална. Бэлгийн харилцаанаас хойш 8 цагийн дараа авах боломжтой.

 

3.Жирэмснээс хамгаалах дааврын  аргууд

Жирэмснээс хамгаалах дааврын аргууд нь эм бэлгийн эсийн боловсролтонд нөлөөлөх, умайн хүзүүнээс доош гарах салиаг өтгөрүүлснээр эр бэлгийн эс орохыг саатуулах замаар жирэмнээс хамгаалах юм. Дааврын найрлагатай жирэмснээс хамгаалах эм, тариа, наалтыг хэрэглэхийн өмнө мэргэжлийн эмчтэй ярилцан давуу болон сул талуудыг харгалзан үзэж сонголтоо хийх, биений юмны аль өдрөөс эхлэх, хэр удаан уух хэрэглэхийг зөвлөлдсөнөөр жирэмснээс 95-99% хамгаалах боломжтой.

Дааврын хавсарсан эм

Хавсарсан дааврын найрлага бүхий амаар уух шахмал эм юм. Өдөр бүр тогтмол цагт эм уух ба мартах, таслах үед мөчлөггүй цус гарч болно. Эмийг дундаас нь дур мэдэн зогсоохгүй ба тухайн эмэгтэйн биений юмны мөчлөг, шинж тэмдгээс шалтгаалан ямар найрлага бүхий эм уух, түүний давуу болон сул талыг мэргэжлийн эмчтэй зөвлөлдөн сонголт хийх хэрэгтэй. Эм уух явцад биений юмны хэмжээ, мөчлөг алдагдах, хөх болон хэвлийгээр хөндүүрлэх,  дотор муухайрах шинж тэмдгүүд илэрч болно. Эмээ зогсоосноос хойш шууд жирэмсэн болох боломж эргэн сэргэдэг. 2 жилээс дээш хугацаагаар хэрэглэхгүй ба даралт ихэсдэг, элэгний эмгэг, чихрийн шижин, тамхи татдаг бүсгүйчүүдэд тааламжгүй.

Дааврын тариа

Энэ нь 3 сар тутамд булчинд хийх дааврын тарилгын арга юм. Жирэмслэлтээс 97% хамгаална. Хэрэглэхээ больсноос хойш жирэмслэх боломж хэсэг хугацааны дараа сэргэнэ. Өндгөвчний үйл ажиллагаа болон биений юм алдагдах, дотор муухайрах, толгой өвдөх магадлал өндөр.

Дааврын наалт

Биений юмны эхний өдрөөс биений бугалганы, хэвлийн, гуяны, өгзөгний арьсанд 7 хоног тутамд тогтмол нааж хэрэглэснээр жирэмснээс хамгаална. Наалтны сонголт харьцангүй цөөн байх ба наасан хэсэгт арьс эмзэгших, улайх, загатнах, хорсох, харшлах боломжтой.

Бугалганы суулгац

Хэсгийн мэдээ алдуулалтын дор бугалганы арьсан доор даавар агуулсан суулгацыг байршуулснаар жирэмслэлтээс 5 жил хамгаалах арга юм. Тухайн эмэгтэйн биеийн онцлогоос шалтгаалан биений юмны хэмжээ багасах, мөчлөг алдагдах, толгой өвдөх, дотор муухайрах шинжүүд илэрч болно. Суулгац авахуулснаас хойш 2-12 сарын дараа жирэмслэх боломж сэргэдэг. Нарийн мэргэжлийн эмч, хэсгийн мэдээ алдуулах тариа хийснээр суулгацыг байршуулах жижиг ажилбар юм.

Жирэмслэлтээс хамгаалах 72 цагийн эм

Энэ эм нь бэлгийн харилцаанд орсон цагаас хойш 72 цагийн дотор яаралтай ууснаар дааврын хүчтэй нөлөөгөөр жирэмслэлтийн явцыг саатуулах арга юм. Эм хэрэглэснээр биений юм алдагдах,  өндгөвчний үйл ажиллагаа алдагдах, уйланхай үүсэх гэх мэт маш олон сөрөг үр дагаваруудтай тул бэлгийн хүчирхийлэлд өртсөн эсвэл маш яаралтай үед зөвхөн эмчийн заалтаар хэрэглэнэ. Хамгаалах магадлал нь бэлгийн харилцаанд орсноос хойш эм уусан цагтай хамааралтайгаар буурдаг.

4.Жирэмснээс хамгаалах умайн хөндийн ерөндөг

Умайн хөндийн ерөндөг тавьснаар эр бэлгийн эсийн хөдөлгөөнийг багасгах, амьдрах чадварыг сулруулах аргаар жирэмслэлтээс 99% хамгаалах арга юм.

Ерөндөг нь төрсөн болон төрөөгүй эмэгтэйчүүдэд зориулсан олон янзын хэлбэр, хэмжээ, металл, дааврыг агуулсан, 3-10 жилийн хугацааны сонголттой тул мэргэжлийн эмчийн үзлэг, шинжилгээний дараа сонголтыг хийнэ. Умайн хөндийд ерөндөг тавих үед өвдөлт зовиур бага боловч биеийн хүчний хөдөлмөр, хөдөлгөөн, тухайн хүний төрөлт ба биений онцлогоос шалтгаалан ерөндөг доошилсноор хамгаалах магадлал буурах боломжтой. Ерөндөг тавиулсны дараа биений юмны хэмжээ ихсэх, сарын тэмдгийн өвдөлт бага зэрэг нэмэгдэх ба зовиур дунджаар 6-8 сар үргэлжилнэ. Биений юм хэт ихээр ирдэг, умайд бүтцийн өөрчлөлттэй, цус багадалттай, кесараар олон удаа төрсөн, мигренитэй эмэгтэйчүүдэд эмчтэйгээ маш сайн зөвлөлдөх шаардлагатай. 

5.Үтрээний лаа

Бэлгийн харилцаанд орохоос 30 минутын өмнө үтрээний гүнд лаа хийх ба эр бэлгийн эсийн амьдрах орчинг бууруулах, устгах аргаар жирэмснээс хамгаалах арга юм. Эрэгтэй, эмэгтэйн биенд гаж нөлөөгүй, лаа хэрэглээгүй үед эр бэлгийн эс хэвийн амьдрах чадвартай байна.

6. Мэс заслын аргууд

Дахин төрөхгүй гэсэн эсийн шийдвэрийн дараагаар мэс заслын аргаар эмэгтэйн үрийн хоолой, эрэгтэйн үрийн сувгийг боох, тайрах боломжтой. Мэс заслын дараа дахин сэргээх боломжгүй тул маш сайн ярилцаж шийдвэр гаргах нь зүйтэй.

Жирэмснээс хамгаалах аргууд маш олон тул өөрт тохирох аргыг мэргэжлийн эмчид үзүүлж, ярилцсаны үндсэнд сонгох нь зохистой.

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.