“Улаанбаатар хотын эмэгтэйчүүдийн зөвлөл”, “Эх үрс-Энэрэл” хөдөлгөөнийнхөн 2001 оноос санаачлан хэрэгжүүлж буй энэхүү төсөл нийслэлийн захын хорооллын орлого багатай, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн амьжиргааны түвшинг дээшлүүлж, тогтвортой орлого олох боломжийг бүрдүүлэх зорилготой. Өнгөрсөн хугацаанд Улаанбаатар хотын есөн дүүргийн нийт 350 гаруй өрхөд бодит үр өгөөжөө өгсөн маш өргөн хүрээтэй төсөл болж чадсан бөгөөд ХААН Банкны нийгмийн хариуцлагыг хэрэгжүүлэгч ХААН Банк Сан 2009-2012 онд энэхүү төслийг санхүүжүүлэн хамтран ажиллаж ирсэн.
Энэ жилийн хувьд ХААН Банк Сангийнхан Сүхбаатар дүүргийн алслагдсан хороодын, төслийн шалгуурт нийцсэн 20 өрхийг сонгон авч, олон төрлийн хүнсний ногоо, нарийн ногооны үр үрсэлгээ болон хөрс сайжруулах хар шороо, элс бордоо, мөн жимсний бут болон хүлэмж барих материалаар хангаснаар иргэд хашаандаа хүнсний ногоо тариалах, улмаар өрхийн хэрэглээнээс илүү гарсан ногоо, жимсээ борлуулан ашиг орлогоо нэмэгдүүлэх боломжийг бүрдүүлсэн юм.
Уламжлал ёсоор уг төсөлд хамрагдсан өрхүүд багт хуваагдан хүнсний ногоо, жимс жимсгэнэ тарих, хадгалах, нөөцлөх сургалтад хамрагдан, тариалалтын дараах үе буюу ургац хураах хүртэл багийн удирдагч нарын байнгын зөвлөгөө, дэмжлэгийн тусламжтай ажиллажээ.
Үр дүн хуваалцах “Ургацын баяр”-ын үеэр төсөлд хамрагдсан 20 өрхийн төлөөлөл нийт 14 нэр төрлийн хүнсний ногоо тариалж 10 тонн орчим ургац хураасан гэдгээ дуулгаж, ургацынхаа дээжээс авчирч, шинэхэн ногооны үзэсгэлэн гаргасан байв. Энэ үеэр “Өрх гэр-Ногоо” төсөлд хамрагдсан иргэн Т.Одончимэг “Төсөл хэрэгжүүлэгчдийн зүгээс тогтмол сургалтад хамруулж, практик зөвлөгөө өгч байсан нь тун онцлууштай, үр өгөөжтэй байсан. Өрхийн амьжиргааг нэмэгдүүлж, хашаандаа ногоо тарьж, амьдрах орчныг дээшлүүлсэн сайхан төсөл боллоо” хэмээсэн бол иргэн Ц.Нарангэрэл “Төсөлд хамрагдсанаар бусадтай хамтарч, мэдэхгүй чадахгүй зүйлээ бусдаас асууж, нэг нэгнээсээ туршлага судалж байсан нь хамгийн сайхан байсан. Хүүхдүүд маань хорио цээрийн дэглэмийн улмаас гэртээ байсан тул ногоо тарих явцад биечлэн оролцож, амтархан идэж байсан” хэмээн талархсан сэтгэгдлээ хуваалцсан юм.
Бид нийгмийн сайн сайханд бодитой хувь нэмэр оруулсаар....
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.