1
Цагаан арьстай байхын төлөө бүгдийг зориулдаг
Нутгийн оршин суугчид цагаан арьстай бүсгүйчүүд эрчүүдийн шүтээн гэдэгт итгэлтэй байдаг. Хэдий чинээ цайвар арьстай байна, төдий чинээ эрчүүдийн анхаарлыг татна гэж тэд боддог учир арьс цайруулах үйлчилгээтэй гоо сайхны бүтээгдэхүүн Тайландад маш ихээр зарагддаг байна.
Нутгийн оршин суугч бүсгүйчүүд хэзээ ч биеэ наранд борлуулдаггүй бөгөөд бидэнд дасал болсон усны хувцас өмсөхийн оронд битүү хувцас өмсөж ордог аж.
2
Тайландад 3 төрлийн мэндчилгээний хэлбэр байдаг
Тайландад ирснээр хамгийн түрүүнд таарах мэндчилэх арга бол “вай” юм. Энэ залбирч буй мэт алгаа хавсраад бөхийж ёслох арга. Үүнийг мэндчилэх төдийгүй, хүндэтгэж байгаагаа илэрхийлэхэдээ ашигладаг. Мөн 3 төрлийн хүндэтгэлийн мэндчилгээний арга барил бий. Үүнд:
- Эрхий хуруу эрүүнд хүрэх – найз нөхөд, ажлын хамтрагчтай мэндлэх
- Эрхий хуруу хамранд хүрэх – өөрөөсөө ахмад хүндтэй мэндлэх
- Эрхий хуруу духанд хүрэх – хамгийн том хүндэтгэл бөгөөд ихэнхидээ хаанд энэ хүндэтгэлийг илэрхийлдэг
Хэрвээ та хэрхэн хариулахаа мэдэхгүй байвал алгаа хавсраад залбирахад л болно. Гэхдээ жуулчид заавал дээрх байдлаар мэндчилэх шаардлагагүй бөгөөд нутгийн оршин суугчид руу харж эелдгээр инээмсэглэхэд л хангалттай.
3
Ширээ, сандал дээр хөлөө гаргаж суух нь нутгийн иргэдийг доромжилж буй хэрэг болно
Бусад хүмүүст таны гутлын ул, хөлийн ул харагдах байдлаар суух ёсгүй. Учир нь Тайландад хөл хамгийн бохир хэсгийн тоонд ордог бөгөөд нутгийн ард иргэдийг үл хүндэтгэсэн мэт харагддаг байна. Тиймээс ч Тайландчууд гэртээ ирмэгцээ хамгийн түрүүнд хөлөө угаадаг аж.
4
Толгой хүний биеийн хамгийн ариун хэсэг
Харин толгой бол Тайландчуудын хувьд хамгийн ариун хэсэг нь байдаг учир наргиан, найз нөхдийн журмаар ч хүрч болохгүй. Хэрвээ та Тайланд гэр бүлийн хүүхдийн толгойнд гар хүрэх юм бол тэд төдийлөн эергээр хүлээж авахгүй л болов уу. Гэхдээ энэ уламжлал бага багаар мартагдаж байгаа гэнэ.
5
Нутгийн оршин суугчид үнэртүүлэгчинд дуртай
Нутгийн бүхий л эмийн сангийн тавиур дээр төрөл бүрийн үнэртэй үнэртүүлэгч бий. Тэд үнэртүүлэгчийг сэргэх, хамрын битүү арилгах эсвэл толгойны өвчнөөс ангижирахын тулд ашигладаг. Уг үнэртүүлэгчийг хамартаа авчирч, гүн амьсгалахад л хангалттай.
6
Хүүхэд төрөх үед хачирхалтай хоёрдогч нэрийг өгдөг
Ихэнхи Тайландчууд эртний сүсэг бишрэлээ хадгалаж үлдсэн бөгөөд тэдгээрийн нэг нь хэрвээ чөтгөр хүүхдийн жинхэнэ нэрийг мэдэхгүй бол тэдэнд хор хүргэж чадахгүй гэсэн итгэл юм. Тиймээс ч хүүхэд хоёр нэртэй байх ёстой гэнэ.
Гэхдээ сүүлийн жилүүдэд дэлхийн алдартай брэнд үгсийг хүүхдийн хоёрдогч нэр болгох моод дэлгэрчээ. Жишээлбэл: Пепси, Бенз, Панкейк, Гольф, Банк, Вайфай гэх мэт.
7
Ихэнхи олон нийтийн газар ариун цэврийн цаас байхгүй
Ихэнх нийтийн ариун цэврийн өрөөнд та ариун цэврийн цаас байхыг олж харахгүй бөгөөд харин үүний оронд биде суултуур байна. Хэрвээ биде суултуур байхгүй бол хувинд ус хийж, шанагатай байрлуулсан байх болно.
Харин ариун цэврийн цаас байвал хэзээ ч суултуур руу хаяж болохгүй гэдгийг санаарай.
8
Ариун цэврийн цаасыг өөр зориулалтаар ашиглана
Тайландчууд ариун цэврийн цаасыг ихэнхидээ салфетканы зориулалтаар ашигладаг бөгөөд ширээ, нүүр, тоос гээд бүхий л зүйлийг арчдаг байна. Харин цаасан алчуурыг нутгийн иргэд хоол хийж байх үедээ илүүдэл тосыг нь шингээх зорилготой ашигладаг.
9
Богино даашинз өмсөх арга барил
Хэдийгээр ихэнх залуу бүсгүйчүүд богино даашинз өмсдөг хэдий ч дотуур нь заавал богино шорт өмсдөг байна. Учир нь Тайланд консерватив соёлтой орон гэдгийг санах хэрэгтэй. Тиймээс тэд дотуур хувцсаа олонд харуулах ёсгүй.
10
Хогны асуудал маш их
Хүмүүс чихрийн цаас, ундааны шил гэх мэт хог хаягдлаа шууд газарт хаядаг бөгөөд орчноо бохирдуулж байна гэж огт боддоггүй гэнэ. Мөн гэрийнхээ ойр орчмыг цэвэрлэсний дараа хог хаягдлаа шууд хөршийнхөө зам дээр хаях нь энгийн үзэгдэл.
11
Олон насны зөрүүтэй хосууд хаа сайгүй
Гудамжинд явж буй олон насны зөрүүтэй хосуудыг хараад жуулчид алмайрдаг гэнэ. Харин нутгийн иргэдийн хувьд энэ нь энгийн үзэгдэл. Маш олон европын өндөр настнууд Тайландад ирж байнгын оршин суугч болдог бөгөөд ийнхүү гэр бүл зохиож, залуу эхнэрүүдийг сонгодог аж. Харин залуу бүсгүйчүүд өөрөөсөө ахмад хүмүүстэй гэр бүл болж байгаа нь мэдээж, гэр бүлээ хангалуун сайхан амьдруулах зорилготой байдаг гэнэ.
12
Халуун хүйтэн усны асуудал өндөр
Бидний хувьд 7 хоног халуун ус тасрахад л аймшигтай санагддаг бол Тайландчуудын хувьд асуудал илүү хүндрэлтэй байдаг гэнэ. Халууны улиралд энэхүү оронд ус тогтмол дутагддаг байна. Харин хувийн орон сууцны хувьд усыг нь хэн ч ариутгадаггүй учир ундны хэрэглээнд огт зохицдоггүй аж.
Төвийн халуун ус ихэнх газар үгүй. Тиймээс иргэд угаалгын өрөөндөө бойлер байрлуулдаг аж.
Крантны уснаас хүнсэндээ хэрэглэх, хүнсний ногоо, жимс жимсгэнийг угааж болохгүй учир тусгай цэвэр ус худалдаж авна.
13
Ихэнх байруудад гал тогоо гэж үгүй
Дэлхийн өнцөг булан бүрт хэрэглэж заншсан гал тогооны өрөө Тайланд айлуудад байдаггүй гэнэ. Нэгдүгээрт, Тайланд хоол нь маш хурц үнэртэй учир ихэвчлэн гадаа хоолоо хийдэг. Хоёрдугаарт, гудамжны хоолыг худалдаж авсан нь илүү хямд үнэтэй. Гуравдугаарт, гал тогооны хэрэгсэл нь өндөр үнэтэй, бас нэлээд зай эзэлдэг. Зарим айлуудад зөвхөн жижиг плитка болон жижиг хөргөгч бий.