“Bankmycell” сайтынхан 2114 америкчуудын дунд судалгаа явуулсан бөгөөд эрчүүдийн 80%, эмэгтэйчүүдийн 69% нь ариун цэврийн өрөөнд орохдоо ухаалаг гар утас авч ордог хэмээн хариулжээ. Харин өндөр настнуудын 11% нь ариун цэврийн өрөөнд ухаалаг гар утас ашигладаг байна. Тэгвэл бид танд ариун цэврийн өрөөнд орохдоо ухаалаг гар утас авч орохгүй байх 5 шалтгааныг танилцуулъя.
1
Илүү их нян хуримтлагдана
Утасны гадаргуу бүхэлдээ нян хуримтлуулсан байдаг гэдгийг хүн бүр мэднэ. Та гараа тогтмол угаадаг байж болох ч гар утасныхаа гадаргууг халдваргүйжүүлэгч бодисоор хэр их арчдаг вэ? Аризонагийн Их сургуулийн эрдэмтдийн хийсэн судалгаанаас харахад гар утас болон бусад төрлийн гажет дээр нийтийн бие засах газраас 10 дахин их нян байдаг болохыг тогтоосон байна!
Хэрвээ таны гар утас гадуураа арьсан гэртэй бол нийтийн бие засах газрын суултуураас 17 дахин, харин хуванцар гэртэй бол суултуураас 6 дахин бохир байх болно. Та ариун цэврийн өрөөнд орсныхоо дараа гараа угаадаг ч утсаа угаадаггүй учир энэ тал дээр маргах зүйл үгүй.
2
Цагаан мах эргэх буюу шамбарамын асуудал
Эрдэмтэд суултуур дээр удаан хугацааны туршид суух нь цагаан мах эргэх асуудалд хүргэдэг болохыг аль хэдийн тогтоосон билээ. Хүн 6-8 минутын турш л суултуур дээр суухад хангалттай байдаг гэнэ. Харин удаан суух тусам бүдүүн гэдэс ихээр ачааллаж шамбарам гэх таагүй өвчин тусах магадлалыг нэмэгдүүлдэг аж.
Израилийн сэтгүүлчид 1200 нутгийн оршин суугчдын дунд санал асуулга явуулсан бөгөөд шамбрам болон ариун цэврийн өрөөнд удаан суух хоёр салшгүй холбоотой болохыг батлажээ. Израилчуудын хувьд тэд дунджаар өдрийн 24 минутыг ариун цэврийн өрөөнд өнгөрүүлдэг гэнэ. Судалгаанд оролцогсдын 8% нь ариун цэврийн өрөөд 1-2 цаг сууж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Тэдгээрийн 1\4 нь шамбрамтай байсан аж. Харин ариун цэврийн өрөөнд 10 минутаас илүүгүй суудаг хүмүүсийн хувьд шамбрам гэх өвчин 2 дахин бага тохиолддог байна.
2009 онд израилийн дотоод шүүрлийн эмч болох Омер Гольдштейн болон Рон Шауль нар ариун цэврийн өрөөнд ном унших нь эерэг үр дагавартай хэмээн тогтоожээ. Учир нь ном уншихад сэтгэл санаа тайвширч, биеэ суллах боломжтой байдаг гэнэ. Харин гар утас бол эсрэгээрээ бие организмыг чангалаж, бүдүүн гэдэсний үйл ажиллагаанд саад учруулдаг байна.
3
Өвчтнүүдийн амь насанд аюултай
Судлаачдын үзэж байгаагаар эмч нар ариун цэврийн өрөөндөө ухаалаг гар утас авч орох нь өвчтнүүдийн амь насанд халтай гэнэ. Бүх гажетуудын 75-94,5% дээр нь орчин үеийн антибиотикт тэсвэртэй нян агуулагдсан байдаг аж. Судалгаагаар өвчтнүүдийн 87,5% нь гар утсан дээр нян ихээр хуримтлагддаг гэдгийг мэдэж байсан ч 57,5% нь халдваргүйжүүлэх тал дээр огт анхаарал хандуулж байгаагүй гэсэн хариултыг өгчээ.
Инбаль Фукс эмч “Ла-Иша” сэтгүүлд өгсөн ярилцлагандаа:
"Эмнэлэгийн салбарт ажиллаж буй ажилчдын хувьд гар утсандаа энгийн нэгэн харилцаа холбооны төхөөрөмж мэт харьцах хориотой байдаг. Тэд гар утсаа тогтмол халаасандаа байлгах ёстой бөгөөд гар утсандаа хүрсэн тохиолдол тутамдаа спиртээр арчиж ариутгах, халдваргүйжүүлэх хэрэгтэй". Бен Гурион Их Сургуулийн оюутнуудын хийсэн судалгаанаас харахад дээрх дүрмийг баримтлахгүй байх нь өвчтөний эдгэрэлтийн хугацаанд муугаар нөлөөлөхөөс гадна амь насанд аюултай болохыг тогтоосон байна.
4
Ухаалаг гар утас биеэ суллах боломжийг олгодоггүй
Орчин үеийн нийгэм маш завгүй болсон учир энэ завгүй амьдралаас хэсэг хугацаанд ч болов нуугдах газар бол ариун цэврийн өрөө гэдэгтэй та санал нэгдэх биз. Гэтэл цахим хаягаа шалгах, олон нийтийн цахим сүлжээг ариун цэврийн өрөөнд байхдаа ашигласнаар бид биеэ суллах, тайвшрах боломжоо алддаг юм.
Үүнээс гадна ажил хэргийн болон хайр дурлалын захидлыг ариун цэврийн өрөөнд сууж байгаад бичих нь ёс зүйн хувьд тийм ч таатай бишээс гадна та анхаарлаа бүрэн төвлөрүүлж чадахгүй гэдэгт итгэлтэй байж болно. Ингээд бүх зүйл таны санаснаар болохгүй байх вий.
Тиймээс хэрвээ бие организм тань танд амрах хэрэгтэй гэсэн дохиог өгсөн бол гар утсаа ажлынхаа ширээн дээр эсвэл халаасандаа хийж үлдээгээд, ариун цэврийн өрөөнд бодлоо цэгцлэж, ганцаараа байх нь хамаагүй дээр.
5
Та гар утсаа эвдлэх магадлалтай
Хамгийн сүүлийн шалтгаан бол гар утас тань суултуур руу унаж, хэсэг хугацаанд эсвэл бүр мөсөн эвдрэх магадлалтай. 5 эмэгтэй тутмын нэг, 8 эрэгтэй тутмын нэг нь нэг удаа ч болов гар утсаа суултуур дотор унагаж байсан гэдгээ хүлээн зөвшөөрсөн байна. Хэд хэдэн удаа гар утсаа суултуур руу унагасан хүмүүс ч бас бий гэнэ шүү.
Харин одоо бие засах өрөөндөө гар утсаа авч орох уу үгүй юу гэдгийг та л шийдэх үлдлээ.