30 жилийн өмнөх цуврал аллагыг нээж илрүүлсэн эгэл жирийн бүсгүйчүүд

Энэхүү аймшигт аллагын түүх өнгөрсөн зууны 80-аад оны үед Нью-Гэмпширт тохиолджээ. 1985 онд Беар-Брук цэцэрлэгт хүрээлэнд 4 хүний цогцос бүхий савыг олсон байна. Хожим нь энэхүү цогцос нь ээж 2 охин болон үл мэдэгдэх нэгэн охины цогцос болох нь тогтоогджээ. Цагдаа нар 30 жилийн турш уг хэргийг судалж учрыг нь тайлж чадаагүй байтал номын санч бүсгүй Ребекка сонирхож эхэлснээр хэргийн учрыг тайлсан аж.

30 жилийн өмнөх цуврал аллагыг нээж илрүүлсэн эгэл жирийн бүсгүйчүүд
РИО ҮНЭГҮЙ ЯВ!
Хаах
Сурталчилгаа

Бүсгүй цуврал гэмт хэргийн сэжүүрийг олж уг хэргийг олон жилийн мөрдлөг, уйгагүй хөдөлмөрийн үр дүнд илрүүлж чадсан ажээ. Ребеккатай хамт Барбара гэх эмэгтэй сайн дураараа ажилласан бөгөөд түүний ачаар олон жилийн турш нэрээ тогтмол сольж, нуугдаж байсан аймшигт алуурчныг олж илрүүлсэн байна. Энэ талаар дэлгэрэнгүй түүхийг бид танд хүргэе.

2018 оны 10 -р сарын 10-нд Коннектикутын иргэн 34 настай Ребекка олон жилийн турш нууц нь тайлагдаагүй байсан аймшигт 4 аллагын сэжүүрийг олсон байна. Энэ нь Нью-Гэмпшир мужийн Беар-Брук цэцэрлэгт хүрээлэнгээс автомашины тосны сав дотроос олдсон 4 цогцостой холбоотой хэрэг юм.

Цогцсуудын нэг нь насанд хүрсэн эмэгтэй байсан бол үлдсэн 3 нь 1-10 насны хүүхдүүд байсан бөгөөд тэд 1980-1981 оны хооронд нас барсан байжээ. Нас барсан шалтгаан нь толгойн тус газраа хатуу, мохой зүйлээр цохиулсан байсан ажээ. Нас барагсдын цогцсыг шатсан дэлгүүрийн талбай дээрээс автомашины тосны савнаас олсон бөгөөд сав бүрд 2 цогцос байсан гэнэ. Ээж болон том охиныг 1985 онд олсон бол хэдэн метрийн зайд байрлах үлдсэн 2 цогцсыг 2000 онд олжээ.

ДНК-ийн шинжилгээгээр залуу ээж 30 нас ч хүрээгүй байсан бөгөөд 10 болон 1 настай нас барсан охид түүний хүүхэд болох нь тогтоогдсон байна. Харин 4 настай 4 дэх охин нь тэдний хамаатан, ойр дотнын нэгэн байгаагүй аж. Хэдийгээр цагдаа нар 20 орчим жил мөрдлөг, судалгаа хийсэн ч тэдний хэн болохыг тодорхойлж чадаагүй юм.

Харин Ребекка санаандгүй байдлаар 10 жилийн өмнө энэ хэрэгт орооцолдсон байна. Тэрээр өөрийн мөрдлөгийн авьяас чадвараа ашиглаж, хэрэгтнийг илрүүлж нас барагсдыг тайван нойрсуулж чадна гэдэгтээ итгэлтэй байсан аж. Ингээд номын санч бүсгүй нэн түрүүнд охид болон эмэгтэйн нэрийг тогтоох тал дээр ажиллаж эхэлжээ.

Ребекка "амишам" төрлийн бүлгэмд өссөн бөгөөд 19 нас хүрээд уг бүлгээ орхиж явсан байна. Тэрээр эдгээр эмэгтэйчүүдийн адилаар гэмт хэрэгтний гарт амиа алдах магадлалтай байсан учир ийнхүү тэдний хэргийг илрүүлэхээр гар бие оролцох болсон аж.  Бүсгүй эхний ээлжид олон зуун цагийг цахим сүлжээнд өнгөрүүлж, нас барагсдын гэр бүл хамаатныг судалсан байна. Ингээд номын санч бүсгүй нэрсийн жагсаалт гаргаж, нас барсан хэмээн зарлагдсан болон сураггүй алга болсон хүмүүсийн талаар нээлттэй мэдээллийг судлах болжээ.

2018 онд энэхүү хэрэг алдартай баримтат подкастын жишээ болсон учир бүсгүй уг бичлэгийг үзээд багагүй зүйл мэдэж авсан байна. Үүнээс гадна нэгэн кино дээр 4 настай 3 дахь охины ДНК шинжилгээний тусламжтайгаар түүний эцгийг тогтоосон хэмээн гардаг аж. Тэрээр эхнэрийнхээ амь насыг хороож мөчлөн тасалсан хэргээр хоригдож, 2010 онд шоронд нас барсан байна. Түүнийг Терри Педер Расмуссен гэдэг. Мөн кинонд 2 охинтой эмэгтэй Баруун эрэг дээр амьдарч байсан хэмээн гардаг.

Бага ч болов сэжүүр олсон Ребекка хайлтын ажиллагаагаа улам идэвхтэй болгожээ. Тэрээр 1999 онд Ancestry.com сайтад нийтлэгдсэн алга болсон эгчийгээ хайсан зарыг олж чадсан байна. Бүсгүй 1978 оноос хойш Калифорнид амьдарч байгаа ээж, эгч хоёртойгоо уулзаагүй байсан аж. Эмэгтэй 1977 онд төрсөн Сара МакВотерс болон түүний том эгч болох 1971 онд төрсөн Мари Вон гэх охидыг хайж байсан бөгөөд тэд өөр эцэгтэй байжээ. Харин охидын ээжийг Марлиз Элизабет Ханичечр гэдэг байсан аж. 1978 онд Талархлын баярын өдөр болсон хэрүүлийн дараа Марлиз охидынхоо хамтаар сураггүй алга болсон байна. Номын санч бүсгүй Марлиз, Мари, Сара нар Беар-Брук дахь цогцос байх магадлалтай гэж үзсэн байна.

2018 онд Ребекка хамаатнуудыгаа хайж байгаа эмэгтэйн зарыг Фейсбукээс олжээ. Тэрээр одоог хүртэл Сара-г хайж байгаа гэдгээ хэлсэн бөгөөд Марлиз хотоос Расмуссен  гэх залуутай явсан талаар ч мэдээлсэн байна. Энэ нь номын санч бүсгүйн таамгийг баталгаатай болгосон юм. Ингээд Ребекка хохирогчдын нэрийг олж чаджээ.

Ребекка тэр даруй цагдаагийн байгууллагад хандсан аж. Бүсгүй нас барсан эмэгтэйчүүдийн гэр бүлтэй тогтмол холбоотой байсан бөгөөд олон сарын турш хийсэн ДНК-ийн шинжилгээний үр дүнд тэд цусан төрлийн холбоотой болох нь тогтоогджээ. Харин одоо нас барсан охидын гэр бүлийнхэн Расмуссен гэж хэн болох, яагаад охид болон тэдний ээжийн амийг хороосон талаар мэдэхийг хүссэн байна. Мөрдөгчид энэхүү нууцлаг хэргийн зангилааг бага багаар тайлж эхэлсэн боловч дунд охинтой холбоотой зарим нэг зүйлс нууц хэвээр байсаар л байжээ.

Терри Расмуссен 1943 онд Колорадод төрсөн байна. 1968 онд гэрлэж эхнэр, 4 хүүхдийн хамтаар Аризона болон Калифорнид амьдардаг байжээ. 1975 онд эхнэр нь түүнээс салж, хүүхдүүдээ авч явжээ. Тухайн үед Расмуссен гэр бүлийнхэндээ хүнд гэмтэл учруулсан хэргээр баривчлагдсан байна. Түүний том хүү Эрик эцэг нь тамхиа түүн дээр унтраадаг байсан талаар дурьдсан аж. Харин охин Андреагийнхан хэлж байгаагаар тэр хар тамхинд донтсон, сэтгэл зүйн хувьд асуудалтай байсан гэжээ.

Расмуссен Марлизтай хэрхэн танилцсан болохыг хэн ч мэдэхгүй. Гэхдээ Марлиз 1978 онд ээжтэйгээ муудалцаж хүүхдүүдтэйгээ, шинэ найз залуутайгаа Калифорниос Нью-Гэмпшир руу явсан байна. Алуурчин энэ хотод Боб Эвансын нэр дор амьдарч байжээ. Тэрээр Алленстаун дэлгүүрт цахилгаанчнаар ажиллаж байсан бөгөөд хожим нь энэ дэлгүүрийн хажуугаас 4 цогцос олдсон аж. Дөрөв дэх охин хэзээ нас барсан, яагаад Марлиз, Сара, Мари 3-тай үлдсэн нь тодорхойгүй байгаа юм.

1981 онд Расмуссен нь Боб Эванс нэрийн дор 23 настай Дениз Боудинтай болзож эхэлсэн бөгөөд тэрээр 6 сартай Дон гэх охинтой байжээ.  Жилийн сүүл гэхэд охин, ээж хоёр алга болсон гэнэ. Хамгийн сүүлд тэднийг 11-р сарын 26-ны өдөр "Талархлын Баярын Өдөр" Дениз болон Расмуссен нарыг хамт хооллож байхад нь л харсан байна. Хосууд санхүүгийн асуудалтай байсан учир бүсгүйн гэр бүлийнхэн тэднийг хотоос зугтсан хэмээн бодож цагдаад мэдээлээгүй аж.

4 жилийн дараа Расмуссен Кёртис Кимболл нэрийн дор Калифорнид иржээ. Тэрээр Донтой амьдарч байсан бөгөөд түүнийг өөрийн охин Лиза хэмээн нэрлэж байсан гэнэ.  Расмуссенийг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хүүхдийн амь насанд аюул учруулсан хэргээр баривчилсан аж. Азаар тэр хоригдох ялаас мултарсан ч охиныг трейлерийн цэцэрлэгт үлдээж явсан байна. Үүнээс хойш Дон асрамжийн газар амьдрах болжээ.

1987 онд Расмуссен автомашин хулгайлсан хэргээр баривчлагдсан бөгөөд хурууны хээ нь мөрдөгчдийг Дениз болон түүний охины хэрэгт анхаарал хандуулахад хүргэсэн байна. Лиза бол алга болсон Дон болох нь тогтоогдсон бөгөөд Расмуссенд хүүхдээсээ татгалзсан хэргээр 3 жил хорих ял оноосон аж.  Гэхдээ тэр хугацаанаасаа эрт суллагдаж, дахин сураггүй алга болсон байна.

1999 онд Расмуссен дахин Калифорнид ирсэн бөгөөд энэ удаад өөрийгөө Ларри Ваннер хэмээн нэрлэжээ. Тэрээр 42 настай Ын Сун Чжунтай болзож эхэлсэн ч 2001 онд бүсгүй сураггүй алга болсноор цагдаа нар түүний найз залуугаас хурууны хээ авсан байна. Түүний хурууны хээ Кёртис Кимболлын хурууны хээтэй таарч байсан гэнэ. Цагдаа нар Расмуссены гэрийг нэгжиж, муурын саван дотор хийдэг бодисын доороос Ын Суны мөчлөн тастагдсан цогцсыг олсон аж.

Ингээд Расмуссеныг баривчилж, хүн амины хэрэгт буруутгаж, 15 жилийн хорих ял оноосон байна. Тэр тогтмол нэрээ сольдог байсан учир цагдаа нарын дунд Хамелеон нэрээрээ алдартай байжээ. Баривчлагдсаныхаа дараа тэр Лиза охин түүний хүүхэд биш болохыг хэлсэн бөгөөд үүнийг ДНК-ийн шинжилгээгээр баталсан аж. 2003 онд цагдаа нар Лизагийн биологийн эцэг эхийг хайж эхэлжээ.

2015 онд мөрдөгч Питер Хедли өмгөөлөгч асан Барбара Рэй-Вентертэй холбогдсон байна. Барбара асрамжийн газар буй хүүхдүүдийн эцэг эхийг олоход тусалдаг байжээ. Ингээд тэрээр Лиза гэх нэртэй охины гэр бүлийн гишүүдийг олж өгөхийг хүссэн бөгөөд 72 настай Барбара охинтой цусан төрлийн холбоотой 94 холын хамаатныг ДНК-ийн тусламжтайгаар олсон аж.

Энэхүү арга хэмжээд 100 гаруй сайн дурын ажилчид оролцсон бөгөөд 2016 онд Лиза охин алга болсон Дон Боудин болох нь тогтоогдсон байна. Тэрээр Нью-Гэмпширт амьдардаг нэг өвөөтэй нь холбогдож өвөө Денизийг 1981 онд Боб Эванс гэх нэртэй залуутай цуг алга болсон талаар хэлсэн аж.

2018 онд Барбара генетикийн сайтын тусламжтайгаар Боб Эванс бол Терри Расмуссен болохыг мэдсэн байна. Номын санч бүсгүй түүнд Марлиз болон түүний охидын талаар ярьж, эцэст нь бүх зүйлийн учир тайлагдсан аж. 2019 оны 6-р сард цагдаагийн байгууллагын Беар-Брукаас олдсон цогцсын нэрийг албан ёсоор зарлаж, 2019 оны 11-р сард Марлиз болон түүний охидын найз нөхөд оршуулгын ёслолд ирсэн байна. Тэднийг Алленстаун дахь оршуулгын газар оршуулсан аж.

Хэдийгээр Расмуссен энэ бүх хэрэгт буруутай болох нь батлагдсан  ч энэ хэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл байдаггүй ажээ.

Алуурчин төрсөн охиныхоо амь насыг энэ үед ч хороосон байх магадлалтай. Харин Дениз Боудин 1981-1985 оны хооронд Расмуссеныг Калифорнид байхад түүний гарт амиа алдсан байж болно. Тэр цогцсыг шууд саванд хийсэн үү эсвэл хэсэг хугацааны дараа хийсэн үү гэдэг нь бас л эргэлзээтэй. Учир нь цогцсуудыг 1985 онд л олсон шүү дээ. Харин хэрцгий аймшигт алуурчин өөрөө 2010 оны 12-р сарын 28-нд уушгины хавдраар нас барж, бүх нууцыг авсандаа авч орсон байна.

Цагдаа нарын олон 10 жилийн турш нээж чадаагүй хэргийг энгийн нэгэн номын санч бүсгүй болон сайн дурын ажилтан нээж илрүүлж чадсан нь гайхалтай.  Барбара болон Ребекка нар одоог хүртэл нэр нь үл мэдэгдэх цогцсын нэрийг олоход цагдаа нарт тусалж байгаа гэнэ. Тэд Расмуссены гарт олон бүсгүйчүүд амиа алдсан гэдэгт итгэлтэй байгаа юм. 

Эх сурвалж: bigpicture

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()