1
Иль-Ибину
Иль-Ибину нь 10-19-р зууны үед одоогийн өмнөд Нигерийн нутагт орших томоохон хот байсан юм. Тэр үедээ маш үзэсгэлэнтэй байсан энэхүү хот нь Бениний Вант улсын нийслэл байжээ.
Тус улсын орлогын эх үүсвэр нь боолын худалдаа байсан бөгөөд тэр байтугай Европчууд "Боолуудын эрэг" хэмээн нэрлэдэг байжээ. Боолын худалдааг албан ёсоор хориглосны дараа Бенин эдийн засгийн чиглэлээ өөрчилж, Европ руу дал модны тосыг гаргах болжээ.
Адмирал Харри Роусоны удирдлаган дор Британийн цэргийн экспедиц энэхүү газар 17 хоног өнгөрүүлсний дараа буюу 1897 оны 2-р сард алдарт хот үгүй болсон байна. Цэргүүд хотын гол дурсгал болох Оба цамхгийг нурааж, юу ч үгүй тонон дээрэмдээд дараа нь шатаасан аж. Бүтэн үлдсэн зүйлийг хотоос гаргаж музейд байрлуулсан бөгөөд үүнд Бениний эртний хүрэл, зааны ясан эдлэл, гуулин эдлэл зэрэг багтана.
2
Сингапурын чулуу
1819 онд Сингапур голын ойролцоогоос 3 метрийн урттай, эртний хэл дээр бичсэн 50 мөр бүхий бичээстэй чулууг олсон байна. Тухайн үед бичвэрийг тайлж унших гэсэн боловч мэргэжилтнүүдийн чадвар дутмаг байсан учир амжилтанд хүрээгүй аж. 1843 онд Сингапурыг зорьсон Британичууд дэд бүтэц босгох ажлыг эхлүүлж, арлын хадан хошуун дээр хэрэм барихаар шийджээ. Гэтэл дээрх чулуу голын эх рүү гарах замыг хааж саад болж байсан учир барилгын ажилчид зүгээр л дэлбэлчихсэн байна.
Чулууны үлдсэн хэсгийг Калькуттад байрлах Азийн Хаадын нийгэмлэгийн музей руу илгээжээ. Хожим эрдэмтэд үлдэгдлийг судалж, чулуун дээрх бичвэр 10-13-р зуунд хамааралтай санскрит бичвэр байх магадлалтайг тогтоожээ. Харин одоо энэхүү чулуу Сингапурын үндэсний музейд хадгалагдаж байгаа.
3
Бамиан дахь Буддагийн баримал
VI зууны үед Бамианы хөндий нь буддын шашинт, эртний Гандхарын хаант улсын нутагт хамаардаг байжээ. 37 болон 55 метрийн өндөртэй Бурхан багшийн хоёр чулуун хөшөө нь тухайн нутаг дахь хийдүүдийн салшгүй хэсэг байв.
Хэдийгээр хоёр хөшөө 1500 гаруй жилийг даван туулж чадсан ч 2001 онд лалын Талибан бүлгийнхэн энэхүү дурсгалыг устгахаар шийдсэн байна. Тэдний удирдагч Мохаммед Омар хөшөөнүүдийг буруу номтны шүтээн хэмээн үзэж юу ч үгүй дэлбэлэн устгуулжээ.
4
Нох Муль пирамид
Белиз улс дахь Эртний Майячуудын босгосон гол сүм болох Нох Муль нь Төв Америкийн хамгийн гайхалтай түүхэн дурсгалт газруудын нэг байсан юм. Энэхүү сүм нь "D-Mar Construction" барилгын компанийн мэдлийн газар нутаг дээр оршиж байсан ч түүхэн дурсгалт баримал гэдгээрээ улсын хамгаалалтанд байжээ.
Гэвч улсын хамгаалалт ч түүхэн дурсгалыг аварч чадсангүй. 2013 онд замын ажилчдад шохойн чулуу болон хайрга хэрэгтэй болсон учир тэд пирамидыг газартай нь тэгшилж нураасан байна. Археологчдын үзэж байгаагаар Нох Муль пирамидыг дахин сэргээн засварлах боломжгүй гэнэ.
5
Мекка
Мекка бол Исламын шашны өлгий нутаг гэдгийг бүгд мэднэ. Гэвч цаг хугацааны эрхээр мөргөлчдийн тоо нэмэгдсэнээр олон тооны шашны дурсгал, баримал сүйрсэн юм. Саудын Арабын эрх баригчид олон тооны мөргөлчдөд зориулсан дэд бүтцийг босгохын тулд үндсэн 2 сүмийг нураах үйл ажиллагааг эхлүүлжээ.
Улмаар худалдааны төв, зочид буудал байгуулах зорилготойгоор 25 баримал, 9 сүм, 6 оршуулгын газар, бусад 9 түүхэн дурсгалт газруудыг нураасан байна.
6
Атакама цөлийн дурсгалт газрууд
Чилийн нутагт орших Атакама цөл нь хатуу ширүүн уур амьсгалын ачаар эртний соёл иргэншлийн ул мөрүүдийг хадгалсаар л байгаа. Жишээлбэл элсэн манхан дээр зурсан 1-115 метрийн диаметртай зургуудыг зөвхөн сансраас бүтэн харах боломжтой байдаг.
Гэвч байгалийн хадгалж үлдсэн зүйлийг хүн төрөлхтөн төдийлөн үнэлсэнгүй бололтой. 2008 онд террористуудын сүрдүүлгээс болж Африкт болох ёстой авто раллигийн тэмцээн Атакама руу шилжсэн байна. Тэмцээний зохион байгуулагчид нутгийн удирдлагуудтай энэ талаар ярилцаагүй учир тэмцээн дууссаны дараа эртний зургуудын талаас илүү хувь, булш болон баримлууд 500 орчим автомашины дугуйнд өртөж сүйрчээ.
7
Вавилоны туурь
Зөвхөн хүн төрөлхтөн төдийгүй зарим түүхэн дурсгалт зүйлс дайны хор уршгаар устдаг. Иракийн дайны үеэр Америк цэргүүдийн гол үүрэг “түүхэн дурсгалт зүйлсийг хамгаалах” ёстой байжээ. Гэвч тэд эртний Вавилон хотын туурин дээр өөрсдийн цэргийн баазыг байгуулсан нь тун ойлгомжгүй.
Хэдийгээр энэ туурийг галдаж сүйрүүлээгүй хэдий ч бааз дээр байрлах цэргүүд маш ихээр бохирдуулснаар түүхэн дурсгалт газар бараг лсүйрсэн байна.