Японтой хийсэн дайны эхэн үед Хятадуудад түрэмгийлэгчдийг эсэргүүцэх чадал үгүй болох нь тодорхой байв. Үндсэрхэг үзэлт Гоминдан намын удирдлага дор байсан улс маш муу бэлтгэлтэй, зэвсэг техникээр хол хоцорсон армитай байсан юм.
1937 оны 12-р сард Нанжинь нийслэл эзлэгдсэн ба 1938 оны 6-р сар гэхэд Хятадын хойд болон төв хэсгийн ихэнх нутгийг Япон хяналтандаа авсан байжээ.
Шар мөрөн нь Хятадын төв хэсэгт орших Хэнан мужийг хоёр хэсэгт хуваадаг. 1938 оны 6-р сард гэхэд хоёр хэсгийн нэг нь дайсны мэдэлд орсон байв. Гоминданы засгийн газар тус муж удахгүй бүхлээрээ эзлэгдэх болно гэдэгт эргэлзэхгүй байлаа.
Ингэснээр Япончууд хойд зүгт Бээжин, өмнө зүгт Хятадын түр зуурын нийслэл Ухань хот хоорондын маш чухал ач холбогдолтой төмөр замыг эрхшээлдээ авах боломжтой болжээ.
Эзэн хааны армийг зогсоохын тулд Хятадууд Шар мөрний өмнөд эрэг дээрх далангуудын нэгийг устгахаар шийджээ. Гэтэл үр дүн нь хүлээлтээс тэс өөр байдлаар эргэв.
Удирдах боломжгүй зэвсэг
Зургадугаар сарын 4, 6-нд цэргүүд Жоукоу хотын ойролцоох далан дээр нүх ухаж, тэсрэх бөмбөг тавив. Гэвч тэдгээр нүхнүүд нь хэтэрхий жижиг байсан тул ус аажмаар нэвчиж, элс, хурдасаар дүүрч эхэлжээ. Хоёр дахь оролдлогыг Хуа Юанкугийн ойролцоо хийсэн юм. Хоёр хоногийн турш далан дээр ухалт хийсний эцэст үр дүн гарч 6-р сарын 9-нд мөрний ус даланг аажмаар сэтлэн урсав. Ажлаа улам бататгахын тулд цэргүүд тэр өдрөө их буугаар далангийн сэтэрхийг буудан томруулж, Шар мөрөн эрх чөлөөтэй урсах болжээ.
Удалгүй хятадуудын стратеги биеллээ олсон бөгөөд япончуудын замыг их хэмжээний үерийн ус хаажээ. Гэвч Шар мөрний гуравны нэг нь зүүн зүгт хэдэн зуун километрийн цаана орших өөр нэг гол болох Хуайхэ рүү чиглэсэн аж.
Үнэндээ "цутгасан" гэдэг үг арай тохиромжгүй байлаа. Үерийн усны урсгал нэлээд удаан байсан буюу өдөрт ойролцоогоор 15 км замыг туулдаг байв. 7-р сар гэхэд Шар мөрний ус нь тус орны дөрөв дэх том цэнгэг нуур болох Хунцэхуд цутгаж эхлэв. Удалгүй үер Хятадын их сувагт хүрч, усны даралт сувгийн эргийг нураасан байна. Ингээд үерийн ус бүхэл бүтэн гурван мужийг бүрхэж, Шар тэнгист хүрчээ.
Хүмүүст хэн ч сануулаагүй. Засгийн газар үер хэрхэн тархаж байгааг сайн ойлгоогүй байсан тул мэдээллийг хурдан дамжуулах арга зам байхгүй байв. Гэхдээ мөрний ус хальсан тухай цуу яриа хүмүүст хүрч байсан ч тэд амиа аврах гэж нэг их хичээгээгүй аж. Ургац хураалт дөхөж байсан бөгөөд тариачид дүрвэх үү, ургацаа хураах уу гэсэн сонголтын өмнө гацаад байсан байна. Дүрвэх нь дараа жилийн хоолны нөөцөө алдана гэсэн үг юм.
Усанд автсан газруудад усны гүн хагас метрээс хэтрэхгүй байж. Ихэнх хүмүүс байшингийн дээвэр, модон дээр гарч хоргодож байсан юм. Төрөлх тосгондоо үлдсэн 800 мянга орчим оршин суугчид амьд үлдэх арга хайж, тусламж хүлээхээс залхаж гүйцжээ. Ингээд тэд хэдэн долоо хоногийн дараа өлсөж ядарсны улмаас эсвэл живж үхэж эхэлжээ.
Япончуудын хохирол гэвэл тэдний мэдээлснээр 2000 гаруй цэрэг, тодорхой тооны техник хэрэгсэл л байж. Төмөр зам үерлэсэн нь цэргүүдийн хувьд үнэхээр том саад болж байсан ч тэд давж гарч чаджээ. 1938 оны 10-р сарын сүүлчээр түр зуурын нийслэл Ухань эзлэгдэж, Гоминданууд бүр урд зүг рүү нүүх шаардлагатай болсон аж.
Төр засгийнхаа ард түмнийхээ эсрэг үйлдсэн гэмт хэрэг нь коммунист засгийн нөлөөгөөр хэвлэлд бараг гараагүй. Хятадын тал Япончууд даланг бөмбөгдсөнөөс үер болсон гэж хэсэг хугацаанд тайлбар хийхийг оролдсоны зэрэгцээ тухайн үед цэргүүд даланг буцаан барьж байгааг харуулсан суртал ухуулгын кино гарч байжээ. Гэвч уг хальс олон нийтэд хүрч чадаагүй бөгөөд удалгүй алга болсон аж.
Усанд автсан газар, живж буй хүмүүсийн хэд хэдэн зургийг алдарт сурвалжлагч Роберт Капа авсан бөгөөд тэрээр удалгүй гамшгийн бүсээс Ухань руу нүүж байжээ. Тэр үед юу болж байсан тухай бодит баримт байхгүй байв. 6 сая орчим хүн дүрвэж, 900 мянга орчим хүн нас барсан ч үүнийг өөр хэн ч анзаараагүй юм.
Бараг есөн жилийн турш Хятад улсын 70,000 км2 газар нутаг хагас живсэн, үхмэл цөл хэвээр байсан юм. Ихэнх газарт ус шавхагдсаны дараагаар газар тариалангийн үйл ажиллагаа явуулах боломжгүй болжээ.
Дайснууддаа саад бэрхшээл бий болгох шийдвэр нь Гоминданыг ийнхүү сүйрүүлсэн юм.
Дайн дууссаны дараа далангаа сэргээн засварлах нь нэн тэргүүний ажил болжээ. Үүний тулд Хятад НҮБ-аас тусламж хүссэн бөгөөд 50 мянган ажилчдын хүчин чармайлтаар 1947 оны 5-р сард Шар мөрнийг хуучин гольдрилд нь оруулсан аж. Тэнд үерийн дараах хэдэн жилд 500 гаруй шинэ тосгон бий болсон байна. Гоминданы засгийн газрын хувьд Хятадын хойд хэсгийг хяналтандаа авч чадаагүй тул 1949 онд Тайвань руу дүрвэсэн юм.