Орчуулгын жижигхэн алдаанаас болж маш том асуудал үүссэн 8 тохиолдол

Хоёр хэл мэддэг л байвал шууд орчуулга хийчихнэ гэсэн үг биш. Сайн орчуулга хэр их чухал байдаг нь алдаа гаргах үед хамгийн их мэдэгдэг. Ингээд орчуулга хийнэ гэдэг ямар их чадвар шаардсан, эрсдэлтэй ажил болохыг ойлгуулах 8 жишээг та бүхэндээ хүргэж байна.

Орчуулгын жижигхэн алдаанаас болж маш том асуудал үүссэн 8 тохиолдол

1 71 сая долларын үг

1980 онд Флоридагийн нэгэн эмнэлэгт 18 настай Вилли Рамирез комд орсон байдалтай хүргэгдэж иржээ. Түүний гэр бүл болон найзууд нь эмч болон эмнэлгийн ажилтнуудад түүний ямар байдалтай байгааг нь тайлбарлах гэсэн боловч тэд зөвхөн испаниар ярьдаг байж.

Тэр үед испани хэлтэй нэгэн ажилтан орчуулга хийсэн бөгөөд "intoxicado" гэдэг үгийг "согтуу" гэж орчуулжээ. Мэргэжлийн орчуулагч байсан бол энэ үг нь архи дарсанд согтсон гэдэг утгаас илүү хордсон гэдэгтэй ойр гэдгийг мэдэх л байсан.

Рамирезийн гэр бүл түүнийг хоолны хордлогод орсон гэдэгт итгэж байжээ. Үнэндээ тэрээр тархиндаа цус харвасан байсан ч эмч нар түүнд хар тамхи хэтрүүлэн хэрэглэсэн тохиолдолд үзүүлэх эмчилгээг хийсэн байна. Эмчилгээ оройтсоны улмаас Рамирезийн дөрвөн мөч нь ажиллагаагүй үлдсэн бөгөөд тэрээр нөхөн төлбөр болгож 71 сая доллар авчээ.

71 сая долларын үг

2 Ирээдүйн төлөөх хүсэл тачаал

АНУ-ын ерөнхийлөгч Жимми Картер 1977 онд Польш улсад айлчлахдаа ГХЯ-аас польш хэл мэддэг ч мэргэжлийн орчуулга хийж байгаагүй орос орчуулагчийг хөлсөлжээ. Гэтэл тэрхүү орчуулагч нь "Америкаас гарах үед" гэснийг нь "Америкийг хаях үед", "ирээдүйн хүсэл тэмүүлэл" гэж хэлснийг нь "ирээдүйн хүсэл тачаал" гэх мэтээр орчуулж хоёр орны хэвлэл мэдээллийнхнийг баясгаад авсан гэнэ шүү.

Ирээдүйн төлөөх хүсэл тачаал

3 Та нарыг булшлах болно

Хүйтэн дайны үеэр Зөвлөлтийн удирдагч Никита Хрущевийн хэлсэн үгэнд "Би та нарыг булшлах болно" гэж орчуулагдсан өгүүлбэр дурдагджээ. Энэ нь Америкчуудад цөмийн бөмбөгөөр булшилж хаяна гэсэн сүрдүүлэг мэт сонсогдож хоёр орны харилцааг улам муутгасан байна. Энэ бол орчуулга нь шууд утгаараа байсны үр дагавар юм. Орост энэхүү хэллэг нь "та нарыг булшиндаа орох хүртэл бид амьдрах болно" буюу "Бид та нараас илүү гарах болно" гэсэн утгатай хэлц байжээ. Тийм нөхөрсөг хэллэг байгаагүй ч тийм хатуу ч бас байгаагүй юм.

Та нарыг булшлах болно

4 Юу ч битгий хий

2009 онд HSBC банкнаас учирсан хохирлоо нөхөхийн тулд 10 сая долларын зардал гаргасан бөгөөд үүний гол шалтгаан нь тус банкны "Юу ч болоогүй гэж бодъё" гэсэн уриа нь олон оронд "Юу ч битгий хий" гэж орчуулагдсан байжээ. 

Юу ч битгий хий

5 Мойсейгийн толгой дээр юу байсан бэ?

Орчуулагчдын загалмайлсан эцэг гэгддэг Гэгээн Жером Библийн Хуучин гэрээг 3-р зууны Грек хувилбараас биш жинхэнэ эх хувилбараас нь Латин хэл рүү хөрвүүлэхийн тулд Еврей хэлийг судлажээ. Олон өөр хэл рүү орчуулагдсан энэхүү Латин хувилбарт нэгэн алдартай алдаа байсан юм.  Мойсей Синай уулнаас бууж ирэхэд түүний толгойноос "гэрэл" цацарч байсан буюу Еврей хэлэнд "каран" хэмээгддэг байсан үгийн эгшгийг нь сольж бичсэн байсны улмаас Жером "керен" хэмээн уншиж "эвэр" гэж орчуулсан байна. Энэ алдаанаас нь болоод олон зууны турш  Мойсейгийн дүрийг толгой дээрээ хачин эвэртэй зурдаг байжээ. 

Мойсейгийн толгой дээр юу байсан бэ?

6 Зах зээлийн уналт

"China News Service"-ийн сэтгүүлч Гуан Шиандоны нийтлэлийн орчуулгаас болж дэлхийн гадаад худалдааны зах зээлд үүссэн сандрал Америк долларын ханшийг навс унагажээ. Эх хувилбар нь санхүүгийн тайлангийн энгийн нэг анализ байсан боловч англиар орчуулсан хувилбар нь Хятадын төрөөс гаргасан шийдвэр мэт болсон байжээ.

Зах зээлийн уналт

7 Хайртай залуудаа шоколад өгөөрэй

50-аад оны үеэр шоколадны компаниуд Япончуудыг Валентин тэмдэглэхийг уриалж байхад нэгэн компаний гаргасан орчуулгын алдаа хүмүүст эмэгтэйчүүд нь эрэгтэйчүүддээ шоколад өгөх ёстой гэх ойлголтыг өгч байсан бөгөөд тэр нь одоо хүртэл засагдаагүй аж. Японд 2-р сарын 14-нд эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээ шоколадаар булдаг бол эрчүүд 3-р сарын 14-нд хариу болгон эмэгтэйчүүддээ шоколад өгдөг гэнэ.

Хайртай залуудаа шоколад өгөөрэй

8 Вайтанигийн асуудал

1840 онд Английн засгийн газар Шинэ Зеландын Маори омгийн удирдагчидтай тохиролцоо хийжээ. Маоричууд тосгоноор нь дүүрэн байгаа хэсүүлчид, худалдаачдаас өөрсдийгөө хамгаалуулахыг хүссэн бол Англичууд колонийн газар нутгаа тэлэхийг хүсч байлаа. Үүнээс үүдэн Вайтанигийн гэрээ байгуулагдсан ч тэд 2 өөр гэрээнд гарын үсэг зурж байсан юм. Англи хувилбарт нь Маоричууд тусгаар тогтнолоосоо татгалзаж Английн хатан хаанд бүх эрх мэдлийг шилжүүлэхээр заасан байсан ч Маори хэл дээр нь засгийн эрхийг өгөх ч тусгаар улс хэвээр үлдэнэ гэсэн байжээ. Тэд өөрсдийн удирдах эрхээ булаалгалгүйгээр хууль ёсны системтэй болж байна гэж бодсон ч тийм байгаагүй юм. Энэ гэрээний тухай асуудлууд одоо ч бүрэн шийдэгдээгүй хэвээр байгаа билээ.

Вайтанигийн асуудал

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()