Төгс бие галбир тренд болоод байгаа өнөө цагт жингийн илүүдэлтэй хүмүүсийг доромжилж, тохуурхах үйлдэл газар аваад байгаа бөгөөд үүний нэг хохирогч нь залуу дуучин Билли Айлиш билээ.
Тэрээр нэвсгэр сул чөлөөтэй хувцас өмсөх дуртай тул хүмүүс түүнийг биеийн галбиртаа сэтгэл хангалуун бус, сул талаа нуун далдалдаг гэж ярьцгаадаг.
Нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн "гоо сайхны стандарт"-ыг хангахгүй хүмүүсийг тохуурхах явдлыг "body shaming" хэмээн нэрлэдэг байна.
Саяхан Майами хотод болсон тоглолтынхоо үеэр дуучин бүсгүй маань хагас нүцгэн биеэ олон нийтэд харуулжээ. Тоглолтын үеэр түүний сул хувцсаа тайлан, тачаангуй төрхөө харуулсан нэгэн бичлэг дэлгэцээр гарсан байна.
Тэрээр дотуур хувцастай, хагас нүцгэн бие дээрээ хар шингэн зүйл асгасан аж. Видео ямар нэг дуугүй байсан бөгөөд үүгээрээ дуучин маань өөрийнхөө хувцаслалт болон бие галбирын талаарх хандлага, үзэл бодлоо олон нийтэд илэрхийлжээ.
Билли сая сая шүтэн бишрэгчтэй болохын хэрээр олон сөрөг шүүмжлэлд өртөж байсны нэг нь биеийн галбиртай холбоотой байсан юм. Тэрээр энэ тухай Британийн шагнал гардуулах ёслолын тайзан дээр нулимс дуслуулан ярьж байжээ.
Дуучин бүсгүй маань "Миний төрөлхийн бие галбир та нарын хүслээр байх ёстой юу? Та нар миний биеийг хараа ч үгүй хэрнээ намайг шүүмжилж байна" хэмээн үзэн ядагчиддаа хандаж хэлжээ.
Тэрээр анх олонд танигдахаасаа л эхлэн биеийн галбирыг мэдэгдүүлэхгүй сул хувцсаар стилээ бүрдүүлсэн ба ингэхдээ хэн ч харсан түүний гадна төрхийн талаар санаа бодлоо илэрхийлэх боломжгүй гэж бодсон байна. Гэсэн ч тэрээр андуурсан бололтой.
Ийнхүү түүн рүү чиглэсэн мөнхийн зэмлэл, шүүмжлэлийн эсрэг залуу дуучин маань аялан тоглолтоо илүү зоримог, чанга дуу хоолойгоор эхлүүлжээ.