“Түүний толгой руу буудаж хөнөөсөн байдаг. Тэр хавиар явж байсан хүмүүс эмэгтэй хүний хашхирах дууг сонссон гэдэг ба нэг хүн бүр эмэгтэйн цогцсын хажууд хүн байхыг ч харсан байна. Цагдаа нар тэрхүү хар арьст хүнийг олж (Рэй Крамп) барих үед тэрээр нойтон хувцастай байсан бөгөөд загас барьж байгаад Потомак гол руу унасан гэж мэдүүлж байсан”-хэмээн сэтгүүлч Нина Берли нь Мэри Мейерийн тухай өөрийн бичиж хэвлүүлсэн «A Very Private Woman» нэртэй номондоо дурдсан байна.
1965 онд Рэй Крамп шүүхээр орж нотлох баримт хангалтгүй гэсэн шалтгаанаар гэм буруугүй гэж тооцогдон суллагдсан юм. Уг хэргийн сэжигтнээр түүнээс өөр хүн байгаагүй, Мэри Мейер нь ерөнхийлөгчтэй нууц харилцаатай байсан зэрэг олон шалтгаанаас болж тухайн үед янз бүрийн цуу яриа гарч байжээ.
“Мэри нь дэлхий дахиныг шуугиулсан олон янзын хуйвалдаан, улс төрийн үйл явдлын тухай тодорхой мэдээлэлтэй хүн байсан бөгөөд Уоррены илтгэл гарснаас 10 хоногийн дараа алуулсан учир олон хүмүүс түүнийг тусгай албаныхан чимээгүй болгосон гэж үзэж байсан”-гэж Нина Берли бичсэн байдаг.
Мэригийн аллагын хэргийн нэг чухал гэрч болох Уильям Митчелл гээч нь уг цэцэрлэгт хүрээлэнд өдрийн гүйлтээ хийж байгаад сэжигтэй залууг (Рэй Крампыг) харсан гэж мэдүүлсэн байдаг билээ. Гэтэл энэ нутгийн хүн гэж өөрийгөө танилцуулсан тухайн гэрч маань мэдүүлэг өгснийхөө дараа ямар ч сураг чимээгүй алга болсон төдийгүй хотын архиваас энэ хүний тухай мэдээлэл хайхад тийм хүний тухай ямар ч баримт байгаагүй, хотын оршин суугчдаас энэ хүнийг мэдэх ганц ч хүн олдоогүй байна.
Олон жилийн дараа Уильям Митчелл гэдэг нь ТТГ-ын нэгэн ажилтны нууц нэр байсан гэдэг нь ил болсон бөгөөд энэ мөрөөр хайгаад юу ч олоогүй нь ойлгомжтой болов уу.
Энэ хэрэгтэй холбоотой бас нэг хачирхалтай зүйл нь Мэриг алуулсны дараа түүний гэр, өрөөнд гадны хүн орсон тухай мэдээлэл нь албан ёсны мөрдөн байцаалтын бичиг баримтад тусгагдаагүй явдал юм. Талийгаач болсон зураач бүсгүйн хүргэн болох, хажуугийн байранд амьдардаг Бэн Брэдли энэ явдлыг хараад цагдаа нарт мэдээлсэн байжээ.
“Брэдли ТТГ-ийн сөрөг тагнуулын албаны захирал Жеймс Энглтоныг Мэригийн өрөөнд орохыг харсан гэж өөрийн дурсамжид бичсэн байдаг ба тагнуулын ажилтан Мэригийн өдрийн тэмдэглэлийг хайж байсан гэж тэр үздэг...” хэмээн Нина Берли бичсэн байдаг.
Бений бичсэнээр бол Энглтон нь Мэригийн бүх л бичиг баримтыг устгах гэж ирснээ хүлээгээд, үүнийгээ талийгаач болсон Жон Кеннедийн нэр хүндэд хор болох зүйл ил гарах вий гэж айснаас хийж байгаа гэж тайлбарласан боловч Бен нь энэ том албан тушаалтнаас огтхон ч эмээлгүйгээр Мэригийн бичиг баримтыг хаана байгааг хэлж өгөөгүй байна. Харин дараа нь түүний эхнэр тэдгээр бичиг баримтыг шатаасан гэдэг.
Мэри Мейер нь баян хуульчийн хүүхэд байсан ба ээж нь зохиол бичдэг, нийгмийн янз бүрийн төсөл хэрэгжүүлдэг байж. Нина Берли нь Мэриг “жинхэнэ Америкийн язгууртан”, айлын сайн охин байсан гэж үздэг бөгөөд “Парк-авеню-д өссөн, хамгийн шилдэг сургуулийг дүүргэсэн... ер нь Америкийн гүнж байлаа” хэмээн тэрээр бичжээ.
“Жон Кеннеди ахлах сургуульд байхдаа нэгэн бүжгийн үдэшлэг дээр Мэритэй танилцсан юм. Тэд өсвөр насныхан байсан бөгөөд зарим яриагаар бол Жон үдэшлэгийн дараа Мэритэй уулзаж, болзож байх санал тавьсан гэдэг” –гэж Берли номондоо бичсэн байна.
Гэсэн хэдий ч энэ хоёр залуугийн харилцаа удаан үргэлжилсэнгүй. Коллеж төгссөний дараа Мэри нь ТТГ-д том албан тушаал хашдаг Корд Мейертэй гэр бүл болжээ. Мэригийн нөхөр байнга албан томилолтоор гадагшаа явдаг байсан учир гэрийн бүх ажил, хүүхэд хүмүүжүүлэх үүрэг хариуцлага зөвхөн эмэгтэйн нуруун дээр буусан байна. Тэрээр байгалийн зураг зурах дуртай байсан боловч зав чөлөө багатай байсан учраас Кембрижийн сургууль дахь уран зургийн хичээлдээ цөөхөн очдог байсан гэдэг.
Нөхрийнх нь ажил хэргийн тухай мэдээлэл хомс бөгөөд Мэри түүнийг ТТГ-т ажилладаг гэдгийг, хүмүүсийн яриаг дундаас нь чагнадаг гэдгийг нь, мансууруулах бодистой холбоотой туршилт явуулдаг гэдгийг нь мэддэг байв. Мөн Кордыг коммунистуудтай нууц харилцаатай байсан гэдэг яриа ч бас бий. Сенатор Маккарти энэ талаар мөрдөн шалгалт явуулах хэрэгтэй гэж зүтгэж байсан ч ямар нэг баталгаа нотолгоо болох зүйл олоогүй учир Кордыг тэгэсхээд орхисон байна.
Нина Берли нь “Корд бол Жеймс Бонд, Хэмингуйэн ертөнцөд амьдарч байсан хүн бол Мэри нь урлаг, тэр дундаа Хелен Франкенталер-ийн уран зургийг маш их сонирхдог байлаа”- хэмээн бичсэн байдаг.
Энэ бүх нөхцөл байдлаас болж эхнэр нөхөр хоёр аажмаар бие биеэсээ хөндийрч эхэлжээ. 1956 оны зул сарын баярын өмнөхөн тэдний нэг хүү авто осолд орж өнгөрснөөс болж угаасаа хэврэг байсан гэр бүлийн холбоос бүрмөсөн үгүй болж 2 жилийн дараа тэд салсан байна.
Мэри Жоржтаунд ирж өөрийн ажил мэргэжлээ хөөн, тодорхой амжилтад хүрч байсан бөгөөд олон алдартай хүмүүс, улс төрч, урлагын одуудтай танил болжээ. Тэдгээр хүмүүсийн нэг болох уран барималч Энн Трутт нь Мэритэй цуг нэгэн студиүдэд ажиллаж байлаа.
Мэри тансаг хороололд амьдрах болоход хөрш нь Кеннеди байж таараад яваандаа Жонтой хуучин харилцаагаа сэргээсэн байна. Энэ үед Мэригийн дүү нь эгч нь Washington Post-ын редактор Бен Брэдлитэй суусан, тэр нь сенатортой (Жон) их сайн найз зэргээс болж Жоны болон Мэригийн харилцаа улам ойр дотно болжээ.
Жон Мэри нарын нууц харилцаа хэдийнээс эхэлсэн нь тодорхойгүй боловч Берклигийн үзэж байгаагаар энэ нь 1961, эсвэл 1962 оноос эхтэй гэнэ.
“Цагаан ордонд зочилсон хүмүүсийн нэрсийн жагсаалтад Мэригийн нэр анх 1962 онд орсон байдаг. Үүнээс хойш тэрээр олон удаа Жон дээр очсон юм...Жеки байхгүй үед л (Жоны эхнэр) Мэригийн нэр зочдын нэрс дотор харагддаг байлаа” хэмээн сэтгүүлч бүсгүй номондоо бичсэн байна.
Кеннедигийн туслагч Майер Фельдманы хэлснээр бол Мэри нь цагаан ордонд маш их ирдэг байсан учраас ордны ажилчид түүнийг яг л нэг байх ёстой хүн мэт харьцдаг болсон байсан гэнэ. Харин Брэдли өөрийн дуртгалдаа бичихдээ Мэри болон Жоны харилцааны тухай юу ч мэддэггүй байгаад бүр сүүлд энэ тухай сонссон гэжээ.
“Ерөнхийлөгч маань гэр бүлийн хувьд тогтворгүй гэдгийг би бусад хүмүүсийн адил мэддэг байсан боловч ямар ч батлах зүйл үгүй байсан билээ” хэмээн тэр номдоо бичсэн байна.
Харин Мэригийн өдрийн тэмдэглэлийг уншаад “Мэри АНУ-ын ерөнхийлөгчийн нууц амраг байжээ” гэдгийг ойлгосон ба энэ хууралтыг мэдсэний дараа сэтгэл санаа нь ихээхэн тавгүй болсон гэж тэрээр бичиж байв.
Мэри Мейерийн амьдралын тухай судлагч Нина Берли болон бусад хүмүүс нь зураач бүсгүй ерөнхийлөгч хоёрын хооронд нэлээд өвөрмөц харилцаа тогтсон байсан гэж үздэг ба Мэри нь ерөнхийлөгчийн бусад нууц амрагийг бодвол илүү сонирхолтой, түүний улс төрийн үзэл бодлыг дэмждэг хүн байсан гэдэг.
“ Мэри бол элитийн нэг, цаг үеэсээ түрүүлсэн, өөрийгөө орчин үеийн урлагаар илэрхийлдэг, үйл хөдлөлөөрөө үзүүлдэг хүн байсан ба марихуан болон ЛСД хэрэглэдэг хүн байв. Түүний сонирхон байсан урлагийн чиглэл нь бүр сүүлд,1980-аад оны үед олон түмний анхаарлыг татаж эхэлсэн билээ.”
1962 онд Мэри алдартай сэтгэл судлаач Тимоти Лиритэй уулзсан бөгөөд түүнээс ЛСД хэрэглэх хамгийн орчин үеийн аргын тухай асууж сураглаж байсан гэдэг. Мөн Лиригийн хэлснээр бол энэ бодис нь зөвхөн өөрт нь төдийгүй өөр бас хүний сонирхлыг татаж байгаа гэж ойлгуулсан байна. Тэр хүн нь Жон Кеннеди байжээ гэдгийг сэтгэл судлаач бүр сүүлд мэдсэн юм.
“Миний нэг найз, их том хүн... тэр миний болон бусад хүмүүсийн хэрэглэдэг ЛСД-ний тухай сонсоод хэрэглэж үзмээр байна гэсэн юм”
Мэригийн үзлээр бол “бүх л нөлөөтэй хүмүүс иймэрхүү бодисыг хэрэглэдэг болно, ингэснээр тэдний бодол санаа илүү өргөн хүрээтэй болж, үүний үрээр дэлхий ертөнц дэх дайны аюул багасах болно “ гэдэг байсан тухай Лири дараа нь хэлсэн байдаг.
“Мэри өвс татдаг байлаа. Би Мэриг үхэхээс хэдэн сарын өмнө Тимоти Лиригээс ярилцлага авсан юм. Мэри ирж зарим нэг туслалцааг Лиригээс гуйдаг байсан гэх... ер нь Лири бол 100% итгэж болох эх сурвалж гэж бодохгүй байна. Түүний хэлснээр бол Мэри нь Оросуудтай эв найртай байхын тулд Кеннеди үхэх ёстой гэдэг байсан юм гэнэ лээ”-хэмээн Берли хэлсэн байдаг.
Зарим таамгаар коммунистууд болон социалистуудад сайнаар ханддаг гэдгээ нуудаггүй Мэри Мейер нь Жонтой энэ талаар харилцан тохиролцоонд хүрч, энэ тухайгаа тэмдэглэлдээ бичиж байж. Хэдэн жилийн дараа Жоныг олигтой улс төрч биш гэж ойлгон яваандаа түүнийг орхисон гэнэ.
Өөр бусад таамгаар Мэри нь “сулхан улс төрч” ерөнхийлөгчийг зайлуулах хуйвалдаанд оролцож байсан ба ийм учраас тэрээр ерөнхийлөгчийг алахаас хэдэн сарын өмнө салж, өөрийгөө сэжиглэх аюулаас холдуулсан бололтой.
Энэ шуугиан тарьсан харилцааны тухай ганцхан баримт байдаг нь Жоны Мэрид бичээд, илгээгээгүй захидал юм. Алуулахаасаа хэдэн хоногийн өмнө бичсэн тус захиа нь тэр хоёрын харилцааны тухай хариулт шаардсан олон асуултын эх үндэс болдог билээ.
“Чи хэсэг хугацаагаар хотын захаас холдвол ямар бол? Над дээр ирэх юм уу эсвэл далай явж болох юм. Бостонд 10-р сарын 19 нд ирж бас болох нь. Намайг хүссэн юмаа авч чадахгүй байх нь надад сайн гэж чи хэлдэг. Энэ олон жилийн хугацаанд хамт байсны хувьд чи үүнийгээ арай тодорхой болгох хэрэгтэй болов уу. Эсвэл зүгээр л “тийм” гээд хэлж болохгүй гэж үү?”
Мэрийг алсан аллагын учир одоо хүртэл олдоогүй байгаа билээ. Энэ удаан хугацаагаар учир нь үл олдох байдалтай байгаа нь янз бүрийн үнэн худал таамаг, цуу яриа гарахад хүргэж байгаа юм. Жишээ нь ТТГ-ийн шилдэг ажилтны нэг Питер Женни нь өөрийнхөө эцгийг Мэриг устгах ажиллагаанд оролцсон тухай”Мэригийн оньсого” гэсэн ном бичсэн байдаг.
Гэхдээ Нина Бэрли энэ таамгийг бодит байдлаас хол гэж үзэж байгаа ба жинхэнэ алуурчин нь гэмт хэргийн газраас баригдсан тэр залуу гэж итгэдэг байна.
“Тэр залуугийн (Рэй Крамп) эсрэг нотлох баримт нь хангалттай үндэстэй боловч шууд бус баталгаа байсан юм. Миний хийсэн мөрдөн шалгалтаар Крамп нь хүчирхийлэл үйлдэх хандлагатай хүн байсан ба хэд хэдэн удаа түймэр тавьсан, 13 настай хүүхдийг хүчиндсэн зэргээр шоронд сууж байсан зэргээр энэ нь батлагдаж байгаа юм”-хэмээн Нина үздэг байна.
Магадгүй бид энэ хэргийн үнэн учрыг хэзээ ч олж мэдэхгүй байх.
“Надад хэлснээр бол Мэриг эзгүй байх хооронд нь гэрт нь хэн нэг хүн орж эд зүйлийг ухаж төнхдөг байсан тухай найз нартаа ярьж байсан гэдэг. Гэхдээ харин хэн ч надад Мэри амь насныхаа төлөө айж байсан тухай яриагүй билээ. Мэри бол зоригтой, бараг л айхыг мэддэггүй бүсгүй байсан юм” хэмээн Берли хэлсэн гэдэг.