1
Бие даасан байдалд суралцана
Хүчирхэг ээжүүд үр хүүхдээ өсгөхийн хажуугаар гэрийн бүх ажлаа хийж, ажилдаа ч амжилт гаргаж чаддаг. Тийм ч учраас бяцхан охидын хувьд ээжрүүгээ харах бүрд "бүхнийг чадагч-супер эмэгтэй" мэт санагдах болно. Үүнээс гадна тэд хэрхэн өөрийн бие махбод, сэтгэл зүйдээ хохирол учруулалгүйгээр өөрийн амьдрал, асуудлаа шийдвэрлэхийг сайн мэддэг. Ийм л ээжүүд охиддоо зөв үлгэр дуурайлал үзүүлж, ээж шигээ л хүн болох юмсан гэсэн бодлыг төрүүлнэ.
Бие даасан байдал гэдэг нь таны хийж байгаа зүйл биш. Харин таны тархи, оюун ухаанд юу байгаа вэ гэдэгтэй холбоотой. Хүчирхэг эмэгтэйчүүд охиддоо өөрийн үзэл бодол, итгэл үнэмшлээ тулгадаггүй. Харин өөрийнхөөрөө бодож, өөрөө шийдвэр гаргах ухаанд суралцуулдаг учир ийм ээжүүдийн охид үргэлж өөртөө итгэлтэй, бусдыг даган дуурайдаггүй, өөртөө үнэнч эмэгтэй болж төлөвшдөг.
2
Бууж өгөх, шантрах гэдгийг мартах болно
Хүн бүр байнга хүчирхэг, ямар ч саад бэрхшээлгүй амьдарна гэж байхгүй. Цаг хугацаа өнгөрөх тусам хүний амьдралд олон олон асуудлууд тулгарсаар байдаг. Үүний адил ээжид тань хэцүү зүйл тохиолдоод, хэрэв тэр танаас нуухыг хичээж байгаа бол түүнд санаа зовох хэрэггүй. Ээжийгээ хэрхэн асуудлаа шийдэж, бүх зүйлсийг яаж, ямар аргаар даван туулж байгааг харснаар охид ямарваа саад бэрхшээлийн өмнө хүчтэй, тэвчээртэй байж сурдаг.
3
Өөрийн үнэ цэнээ мэдэж, өөрийгөө хайрлаж сурна
Хүчирхэг эмэгтэйчүүд өөрсдийн үнэ цэнээ мэдэж, бусдыг өөрсдийг нь дутуу үнэлэхийг зөвшөөрдөггүй. Хэрэв хэн нэгэн таныг ямар ч онц шалтгаангүй шүүмжилбэл та үүнд гутарч, санаа зовних ямар ч шаардлагагүй гэдгийг ээжээсээ сурч авна. Та өөртөө итгэж, өөрийгөө хайрлаж, таныг доогуур үнэлсэн нэгэнд "үгүй" гэж хэлж чаддаг болно.
4
Цаг үргэлж хүчирхэг байх албагүй
Хүчирхэг ээжүүд чанга, хатуу байдаг ч ямар ч эх хүн л учраас уян, зөөлөн чанар бий. Танд зөвлөгөө өгөх нэгэн, эсвэл уйлахад чинь мөрөө дэрлүүлэх нэгэн хэрэгтэй болбол ээж тань хэзээд таны дэргэд байна. Ээж тань танд бүх зүйл зүгээр гэдгийг ойлгуулж, таны өмнө нулимс дуслуулах үед та хүн байнга хүчирхэг, хатуу байдаггүй гэдгийг мэдэрнэ.
5
Амьдрал амаргүй гэдгийг ойлгоно
Амьдралын хатуу ширүүнтэй нүүр тулгарах үе хүн бүрд тохиолдоно. Гэхдээ ээжүүд маань бурхан биш шүү дээ. Цаг үргэлж биднийг асуудлаас гаргаж, хүссэн болгоныг өгч чадахгүй. Харин энэ бүхэнтэй гагцхүү өөрөө тэмцэх ёстой, үүнийхээ төлөө шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй, хэний ч өмнө өөрийгөө батлах зоригтой байх ёстой гэдгийг бидэнд сургах болно. Энэхүү дайчин чанар л хэзээд ээжийн тань танд өгсөн хамгийн том бэлэг байх болно.
6
Бусдыг хайрлахад суралцана
Эх хүн бүр үр хүүхдээ ямар ч хариу нэхэлгүйгээр хайрладаг бөгөөд тэдний төлөө золиос гаргахад хэзээд бэлэн байдаг. Чамайг өвдсөн, сэтгэл санаагаар унасан, шаналж шархалсан гээд бүх л цаг үед дэргэд чинь байж, шөнөжин хажууд чинь нойргүй хонох үе ч бий. Ээжийнхээ өөрт нь мэдрүүлж буй хайр халамжийн хэрээр охид бусдыг хайрлах сэтгэлтэй нэгэн болж төлөвшдөг.
7
Аз жаргалаа өөрөө бүтээ
Хүчирхэг эмэгтэйчүүд ямар нэг сайхан зүйл тохиолдохыг хүлээлгүй өөрөө амьдралын сайн сайханг бүтээж, бүх зүйлсийг эерэгээр харж чаддаг. Тэд охиддоо өөрийн аз жаргалаа олж, жижиг зүйлээс баяр баяслыг мэдэрч байхыг сургадаг.
Та ч гэсэн үлгэр жишээ, хүчирхэг ээж болохыг хүсвэл бяцхан охиндоо дээрх зүйлсийг ухааруулж амьдралд ажрахгүй хүчирхэг эмэгтэй болгож хүмүүжүүлээрэй. Хамгийн чухал нь эх хүн бүрийн үйлдэл, хандлага охидыг ирээдүйд ямар хүн болохыг шийддэг гэдгийг цаг үргэлж санаж яваарай.