34 настай Сара Эдвардс, 36 настай Пол Эдвардс нар "Bumple" болзооны сайтаар дамжуулан танилцжээ. Тэд 12 сарын 15-нд чаталж эхэлсэн бөгөөд 7 хоногийн дараа утсаар ярьж, нэг нэгнийхээ хоолойг сонсжээ. Харин тэд маргааш нь хуримаа хийхээр шийдсэн гэнэ.
Цагаа дэмий үрэхгүйн тулд Сара, Пол нар Вегас хотод хуримын ёслолын захиалга өгч, Гатвик нисэх онгоцны буудал дээр уулзахаар тохиролцсон байна. Зул сарын баяр, тансаг хуримын ёслол энэхүү тэдний үлгэрийн гэмээр учралд гайхалтай уур амьсгал бүрдүүлж өгчээ.
Шинэхэн хосууд маань эгэл жирийн хүмүүс байсан бөгөөд мөнгө санхүүгээ хэмнэх тал дээр ихэд анхаарсан бололтой. "Би тогтсон хэв маягийг дагахыг хичээсэн энэ бүхэн хэзээ ч санаснаар болж байгаагүй. Эцэст нь цөхрөнгөө баран шийдэмгий алхам хийсэн ч харамсахгүй байна" хэмээн Сара ярьжээ. Тэдний хэн нь анхны болзоон дээрээ шууд гэрлэх санал гаргасныг хосууд санахгүй байгаа ч ямартай ч утсаар ярьж байгаад л гэнэт ингэж шийдсэн байна.
Ийнхүү "Шууд л гэрлэе" гэх ганц үг тэдний амьдралыг эрс өөрчилсөн юм. Сара энэ тухайгаа гэр бүлдээ мэдэгдээгүй бөгөөд тэд дургүйцэнэ гэдгээс айсан байна. Харин Полын хувьд өмнө нь амьдрал зохиож байсан, 13,15 настай хоёр охинтой ба гэрлэлтийн тухайгаа мөн л хэнд ч хэлээгүй аж.
7 хоног харилцахдаа шинэхэн хосууд маань хэн хэнийхээ өнгөрсөн, одоо, ирээдүйн зорилгын талаар ярилцаж, бие биеийнхээ тухай мэдээлэлтэй болсон бөгөөд хол байсан ч тэдний хооронд ер бусын гүн гүнзгий холбоо тогтож, маш хүчтэй татагдаж байжээ.
Уулзалт дээр ирэхдээ бүсгүй хэдхэн хоногийн өмнө авсан хуримын даашинзаа өмсөн ирсэн бол, залуу костюм өмсжээ. Сараг хармагцаа
Пол өвдөг дээрээ сөхөрч, хуримын бөгж зүүж өгчээ. Ийнхүү хосууд Вегаст гэрлэлтээ албан ёсоор батлуулсан байна.
"Бид нээлттэй, шударга ярилцсан. Энэ нь бидний дунд итгэлцлийг бий болгож өгсөн. Амьдралд тохиолдож буй бүх зүйл учир шалтгаантай байдаг" хэмээн Сара ярьжээ.
Цөхрөнгөө бараад танихгүй хүнтэй амьдралаа холбох нь тийм ч түгээмэл үзэгдэл биш. Бидний ихэнх нь сонголтдоо харамсахгүйн тулд хайртай хүнээ маш сайн танихыг эрмэлздэг. Гэхдээ цаг хугацаа хэнийг ч хүлээхгүй учир заавал цаг алдах шаардлагагүй биз ээ.