1
Төгсгөлгүй аянга цахилгаан
Венесуэлийн Сулия мужийн Кататумбо голын ойролцоо бараг байнга аянга цахилгаан цахих бөгөөд жилийн 140-160 шөнөд нь ийм үзэгдэл тохиолдоно. Шөнөөр гялалзан харагдах аянга цахилгаан нь бүтэн 10 цаг үргэлжлэх нь ч бий гэнэ. Нэг цагт 280 удаа аянга цахилгаан цахисан гэсэн судалгаа байдаг ба хамгийн сонирхолтой энэ аянга цахилгааны дараа гарах дуу чимээ бараг үгүй юм байна.
Ийнхүү аянга цахилгаан ихээр буудаг нь тус газар нутаг нь ихээхэн үүлэрхэг байдагтай холбоотой байж болох ба бас Кататумбо гол нь намаг шавар дайран гарах үедээ органик нэгдлүүдийг ил гаргаад, тэр нь дараа нь задарч ионжсон метан бий болж дээш хөөрсөөр үүлтэй нийлэхдээ ийм байгалийн сайхан үзэгдэл бий болдог байж болох юм. Гэхдээ агаарт асар их хэмжээний метан бүхий газар нутаг цөөнгүй боловч тэнд Кататумба голын орчим дахь шиг аянга цахилгаан ихээр буудаг зүйл үгүй билээ.
2
Буцалж буй гол
Халуун рашаан, булаг бол хаа сайгүй байдаг зүйл бол харин бүхэл бүтэн гол нь тэр чигээрээ буцламгай халуун байдаг нь ганц нэгхэн тохиолдох зүйл билээ. Перу улс дахь Амазон мөрний нэгэн бэлчирт 6 км урт, 6 метр гүн гол урсан өнгөрөх ба энэ голын ус нь халуун цайны температуртай буюу Цельсийн 60 хэмийн халуунтай байдаг байна.
Нутгийн иргэд голоо Шанай-Тимпишка хэмээн нэрлэх ба энэ нь “нарнаас халсан гол” гэсэн утгатай юм байна. Энэ голд ямар нэг байдлаар унасан, орсон амьтад тэр даруй шалзарч үхдэг ба уг голын эргээр амьдардаг, халуунд тэсвэртэй зарим жижиг микроорганизм нь урьд өмнө шинжлэх ухаанд олж нээгдээгүй байсан юм байна.
Ийм их хэмжээний усыг өдий хэмжээнд хүртэл халаахын тулд маш их хэмжээний энерги хэрэгтэй. Гэтэл энэ голд ойрхон гэж болох хамгийн ойрын галт уул нь 700 км зайтай байдаг ба эрдэмтэд чухам юу энэ голыг ингэж халааж байгааг олж тайлах гэж оролдсоор байгаа ч одоогоор амжилтад хүрээгүй л байна.
3
Тэнгэрт гэрэлтэх гал
Норвегийн Хессдален хэмээх нэртэй нэгэн хөндийн оршин суугчид нь тэнгэрт гэрэлтэх янз бүрийн хэмжээтэй гал харсаар бүр дасжээ. Энэхүү ер бусын гэрэл нь од харваж байгаа мэт маш хурдтай нэг газраас замбараагүй гэмээр чигтэй хөдөлгөөнөөр шилжих, эсвэл нэг байрандаа удаан хугацаагаар гэрэлтэх зэргээр байх ба түүнээс гарах гэрэл их хүчтэй учир заримдаа унтаж амрах гэхэд саад болох үе ч байдаг гэнэ.
Эрдэмтэд энэ гэрэл нь ямар нэг байр байшин, онгоц, техник зэрэгтэй ямар ч холбоогүй гэж баталж байгаа ба учир нь эдгээр гэрэл нь ямар нэг дуу чимээ дагуулдаггүй, халуун ялгаруулдаггүй, газарт ямар нэг шатсан түлэгдсэн шинжтэй мөр үлдээдэггүй (бөмбөгөн аянга бол ийм мөр үлдэнэ) юм байна. Мөн энэ гэрэл газартай шүргэлцэх үедээ бактери устгадаг гэжээ.
Судлаачдын үзэж байгаагаар энэхүү нууцлаг явдал нь тус хөндийд ихээр байх цайр, хүхэртэй холбоотой бөгөөд эдгээр бодисын нэгдэл нь ямар нэгэн хэмжээгээр цахилгаан гаргах “зай”-ны үүрэг гүйцэтгэдэг байна. Мөн энэ гэрэл нь тухайн нутаг орчмын бөмбөгөн аянга байж болох ба ямар нэг бороо шороотой холбоотой биш харин тухайн газрын геологийн онцлогоос бий болдог байж болох гэсэн таавар бий. Үүнээс гадна өөр олон таавар байгаа боловч эдгээрийн аль нь ч яг таг батлагдаагүй байгаа билээ.
4
Нуурын дээгүүр тэнүүчлэх гал
Финландад бас нэг сонирхолтой гал байдаг бөгөөд энэ удаа гал нь тэнгэрт биш харин Паасселкя нуурын хөвөөгөөр тэнүүчлэх бөгөөд энэ үзэгдэл эрт дээр үеэс хойш болсоор байгаа юм. Энэ галыг намар цагт харж болох ба ихэнхдээ галын дөл адил хэлбэртэй харагдах боловч зарим нэг нь бөөрөнхий бөмбөрцөг хэлбэртэй байна.
Ер нь иймэрхүү тэнүүчлэх галыг зөвхөн энд биш өөр бусад газар харж болдог гэдэг боловч яг гал нуурын хөвөөн дээр байгааг нь баталгаажуулж зураг авсан ганц газар нь энэ билээ. Галын гарал үүслийн тухай мөн маргаантай бөгөөд зарим нэг нь агаар мандлын цахилгаан соронзон үзэгдэл гэж тайлбарлаж байхад нөгөө хэсэг нь газрын гүнээс гарах метан шатаж байгаа гэж үзэх хүмүүс бий.
Эрдэмтэд энэ галыг цахилгаан соронзон орны хүчтэй үйлчлэлтэй холбон ойлгож байгаа ба бороо орохын өмнө ийм соронзон орон их хүчтэй илэрдэг байна. Иймэрхүү гал нь өндөр байшин, мод, хад, нисэж буй онгоцны далавчны үзүүрт бий болж болох юм. Гэхдээ нуурын эрэг дээр энэ гал ямар байдлаар бий болж байгааг мөн л тогтоож чадаагүй байна.
5
Нойрмог тосгон
2013 онд Казахстаны Калачи тосгоны оршин суугчдад нэгэн хачирхалтай явдал тохиолддог болсон нь гэв гэнэт хүмүүс их нойрмог, дүйнгэ болох бөгөөд заримдаа бүр ой ухаанаа түр хугацаагаар алдах, хий юм харах байдлаар илэрч эхэлсэн байна. Нутгийнхан бараг л явдал дундаа гэнэт унтах ба ажил, сургууль, гэр , гудамжинд хамаагүй нойрмоглож, энэ нь хэдэн цагаас бүр долоо хоног хүртэл үргэлжилдэг байжээ.
Сэрсэн хүмүүс нь энэ тухайгаа ярихдаа ямар нэг хий үзэгдэл үзэж байгаа юм шиг санагдсан гэдэг ба энэ үед хүмүүсийн оюун санаа хэвийн ажиллаж байсан боловч биеийн эд эрхтнээ хөдөлгөж огт чаддаггүй байсан гэжээ. Өөрөөр хэлбэл бие, тархи аль аль нь унтаж байх үе шиг амарч чадахгүй байсан бололтой.
Маш олон төрлийн судалгаа хийсэн боловч бодит шалтгааныг нь тогтоож чадсангүй. Халдвар болон бактерийн үйлчлэл нөлөө лав хамаагүй гэдгийг яг таг тогтоосон бөгөөд цацраг идэвхт бодисын хэмжээ тус тосгоны орчимд хэвийн байж. Тосгоны оршин суугчдыг нүүлгэн шилжүүлэх тухай яриа гарахад цөөнгүй хүн үүнийг эсэргүүцсэн байдаг.
Энэхүү “нойрмог өвчин”-ний гол шалтгаан нь тосгоноос хэдэн км-ийн зайтай байрлах ураны уурхайтай, түүнээс ялгарах угаарын хийтэй холбоотой байж болох юм. Гэхдээ энэ нь яг үнэн эсэхийг мөн л тогтоож чадаагүй ба 2016 оноос хойш тосгонд дахиж энэ үзэгдэл илрээгүй байна.
6
Бөв бөөрөнхий чулуу
Энэ дэлхийн хамгийн алслагдсан газрын нэг Арктикийн Чамп арал дээр ямар нэг амьд амьтан үгүй, ургамлын аймгийн хувьд ч бас ихээхэн ядуу, хэдхэн долоо хоног үргэлжлэх зун цагаар багахан ургамал ургана. Гэхдээ энэ арлын нэг онцлог нь чулуун “бөмбөг” ихээр агуулдаг нууц юм. Бөмбөг нь 2 см-аас хэдэн метр хүртэл янз бүрийн хэмжээтэй байдаг бөгөөд яг л хүний гараар бүтсэн мэт бөв бөөрөнхий. Гэтэл эрдэмтэд энэ нутагт хүн хэзээ ч амьдарч байгаагүй гэж нотолно.
Энэ үзэгдлийг судалсан геологич болгон бөмбөлөг үүссэн шалтгааныг өөрийнхөөрөө тайлбарлах ба далайн эргийн ус чулууг зүлгэсээр ийм болгосон гэж байхад нөгөө хэсэг үүнийг эсэргүүцэж, жижиг чулуун бөмбөлгийг далайн ус ингэж зүлгэсэн байж болох ч метр хэмжээний том бөмбөлөгт энэ таамаг нь яав ч тохирохгүй гэж маргалдана. Одоогоор энэ бөмбөлгийн үүслийн талаар албан ёсны ямар нэг таамаг үгүй бөгөөд дэлхий өөр бус нутагт бас иймэрхүү чулуу таардаг юм байна. Гэхдээ энэ нь хаанаас, ямар гарал үүсэлтэй нь бас л тодорхойгүй.
7
Ер бусын оршин суугчидтай агуй
Румын улсад 5 сая жилийн настай нэгэн агуй байдаг нь 18 метрийн гүнд, 1200 кв.м талбайтай гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан бяцхан бичил ертөнц билээ. Одоогоор эрдэмтэд 300 кв.метр хэсгийг судалсан ба эндээс 50 гаруй янз бүрийн амьд бие (микро организмууд, янз бүрийн аалз зэрэг хавч хэлбэрт шавьж) олсны ихэнх нь урьд өмнө шинжлэх ухаанд мэдэгдээгүй, шинэ төрөл зүйл байжээ.
Агуй дотор хүчилтөрөгч бараг үгүй, хүхэр-устөрөгчийн хий, нүүрсхүчлийн хий, аммиак, метаны хий ихээр хуримтлагдсан өвөрмөц агаар мандалтай учраас хүн энд удаан байх боломжгүй юм.
Ямар шалтгаанаар энэ агуй бүрэн тусгаарлагдсан шалтгаан нь тодорхойгүй ба эрдэмтдийн таамаглаж байгаагаар их мөстлөгийн үеэр агуйд байсан зарим амьд организм үхэж сөнөлгүй амьд үлдэн газар доорх амьдралд дасан зохицсон байж болох юм гэнэ. Энэ агуй 500 000 жилийн өмнө гадаад орчноос бүрэн тусгаарлагдсан ба энд үлдсэн амьтдын өмнөх үе нь Румын нутагт сая жилийн өмнө байсан тропикийн цаг агаарт зохицсон амьтад байсан бололтой.
8
Хаашаа ордог нь мэдэгдэхгүй хүрхрээ
Америкийн Миннесота мужийн Брюль голд нэгэн ер бусын хүрхрээ бий. Үнэндээ энэ нь хадаар тусгаарлагдсан хоёр хүрхрээ бөгөөд баруун талын хүрхрээ нь нуурын усанд цутгадаг бол зүүн талынх нь 3 метрийн өндрөөс доош унахдаа бараа сураггүй алга болдог байна. Энэ хүрхрээг нутгийнхан чөтгөрийн аяга хэмээн нэрлэдэг ажээ.
Зүүн хүрхрээний дор байрлах аяга хэлбэрийн нүхэнд ус дүүрнэ гэж байдаггүй ба доош унах ус нь ёроолгүй сав руу орж байгаа мэт сэтгэгдэл төрүүлнэ. Эрдэмтэд энэ доош унах ус нь дахин хаа нэг газар ил гарч болох тухай таамаглал дэвшүүлэн янз бүрийн эд зүйл, тусгай өнгөтэй шингэн зэргийг усанд урсгаж үзсэн боловч эдгээрийн аль нь ч ил гарч ирээгүй байна.
Энэ ус эргэн Брюль гол руу эргэн ордог байх гэсэн таамаг дэвшүүлэн хүрхрээний өмнөх үеийн болон хүрхрээнээс хойших 100 гаруй метрийн орчимд усны төвшинг хэмжиж үзэхэд бараг адилхан төвшин зааж байжээ. Магадгүй ус газар доогуур явж хаа нэгтэй гарч ирж болох боловч үүний тулд ус чөлөөтэй урсах нөхцөл болох гуу жалга, хонгил зэрэг байх хэрэгтэй. Гэтэл хэрэв гуу жалга, хонгил байсан бол энэ нь аль эрт элс, чулуу, мод зэргээр битүүрч тагларсан байх ёстой. Бас эрдэмтдийн хаяж үзсэн янз бүрийн эд зүйл хаашаа орсон байж болох талаар ямар ч таавар одоогоор алга байна.
9
Ер бусын нуур
Өмнөт Осетын нэгэн нуур нь 940 метрийн урттай боловч 4-6 жилдээ нэг удаа бүх ус нь тэр чигээрээ алга болдог байна. Тэрхүү ус алга болох нь цаг агаар, улирлын өөрчлөлттэй ямар ч хамаагүй бөгөөд зун, өвөл, мөсөөр хучигдсан үедээ ч алга болно. Мөсөн бүрхүүлтэй үед ус алга болоход мөс хэсэг хугацаагаар тогтон байсаар байх боловч удалгүй хоосон нуурын ёроол руу унадаг байна. Ингэж хоосорсон нуурын ёроол хэдэн хоногоос хэдэн сарын турш усгүй байж болох бөгөөд энэ хооронд зарим нэг өвс ургамал ургаж амждаг билээ. Дараа нь нуурын ус дахин бий болох ба энэ ус хаанаас гарч ирж байгаа нь мэдэгдээгүй л байна. Геологич эрдэмтэд ус алга болдгийг нуурын ерөөлд байх агуйтай холбон тайлбарлаж байгаа юм. Гэсэн хэдий ч энэ нь ус тэр чигээрээ,гол нь хэсэг хугацаанд алга болдгийг бүрэн тайлбарлаж чадахгүй билээ.
Ус ямар замаар эргэн бий болдог ч бас ойлгомжгүй. Нэг сонирхолтой зүйл байгаа нь энэ нууранд гүрвэлээс өөр ямар нэг амьтан байдаггүй явдал юм. Гэв гэнэт үгүй болдог нууранд загас байх боломжгүй нь ойлгомжтой боловч шувуу энэ усан сангаас аль болох холхон байдаг нь сонирхолтой. Ус алга болох үед нуурын ёроолд ямар нэг хог болох модны мөчир, янз бүрийн сав зэрэг зүйл үлддэггүй бөгөөд гадаад орчноос нууранд орсон бүх л зүйл устайгаа цуг алга болдог байна.