1
Үдэшлэг зохиох
Нэг бялуу аваад л тэмдэглэчихдэг байсан өмнөх үе бүхэлдээ өөрчлөгдөж, хүүхдийн төрсөн өдрийг тэмдэглэх гэж эртнээс төлөвлөж, бэлдэж, дор хаяж 50 зочидтой, янз бүрийн амттанаар ширээгээ чимж тэмдэглэх болсон. Доктор Жаклин Вулли төрсөн өдрийг хамгийн гол нь мартагдахааргүй, утга учиртай байх нь чухал гэдгийг онцолж төрсөн өдрөөрөө хүүхдүүд ч мөн томчууд шиг гайхалтай, тансаг өдөр байгаасай хэмээн хүсдэг гэжээ.
Доктор Вулли хүүхдүүдийг насаар нь ангилан төрсөн өдрийн баяраа хэрхэн тэмдэглэдэг болохыг мэдэхээр судалгаа явуулж, үүнд 3-5 насны 99 хүүхэд хамрагджээ. Удахгүй 3 нас хүрэх 3 хүүхдээс судалгаа авахад эхний хүүхэд төрсөн өдрөөрөө үдэшлэг зохиож тэмдэглэсэн бол 2 дахь хүүхэд үдэшлэг хийж тэмдэглэж байгаагүй, харин сүүлийн хүүхэд 2 төрлийн үдэшлэг хийж байсан гэжээ. Үдэшлэг зохиож байгаагүй хүүхэд 2 настай удахгүй 3 хүрэх хүүхэд байсан бол 2 үдэшлэг хийсэн гэх хүүхэд 4 нас хүрсэн байжээ.
Доктор Вуллигийн цэцэрлэгийн насны хүүхдүүдэд явуулсан судалгаагаар тэдэнд нас нэмж том болох нь их утга учиртай байдаг гэжээ. Тэд ямар ч бие махбодын өөрчлөлт хэлээгүй бөгөөд харин том болох тусам байнга төрсөн өдрөө бодож, тогтмол тэмдэглэхийг хүсдэг хэмээсэн нь төрсөн өдрийн баяр тэдэнд ямар чухал болохыг харуулж байна.
2
Ач холбогдол
Доктор Вулли хүүхдийн 5 насны төрсөн өдрөөр үдэшлэг зохиоход хамгийн тохиромжтой гэжээ. Энэхүү үдэшлэгийн ачаар эцэг эхчүүд дараах давуу талуудыг олж авна.
- Хүүхдүүд өөртөө итгэлтэй болно. Хүүхэд өөрт нь зориулсан баярын өдөр гэр бүлийнхээ хайр энэрлийг мэдэрч, аав ээж нь түүнд ямар их хайртайг, гэр бүлийнхээ чухал гишүүн гэдгээ мэдэрнэ. Тэдний төрсөн өдөр бол эцэг эхийнх нь амьдралын хамгийн чухал өдөр.
- Гэр бүлийн харилцаа холбоог улам бэхжүүлнэ. Гэр бүлийн жил бүр тэмдэглэдэг уламжлал болсон баяруудыг тэмдэглэж байх нь их чухал. Баярын арга хэмжээ ямар байх, хэр их зүйл бэлдсэн байх нь огт хамаагүй. Зөвхөн гэр бүлээрээ хамтдаа байх нь л чухал.
- Тэд нийгмийн харилцааг бий болгоно. Найзууд, эмээ, өвөө, гэр бүлийн бүх гишүүдтэйгээ хамт байснаар хүүхдийг өөрийн санаа бодол, мэдрэмжээ илэрхийлдэг болоход тусална.
- Тэднийг сайхан дурсамжтай болгоно. Доктор Вуллигийн судалгаагаар хүүхдүүдийг том болох үед бага насандаа ямар байсан гэх мэт өдөр тутамдаа бүтээсэн дурсамжаас огтхон ч үлддэггүй мөртлөө янз бүрийн үнэр, чимээ, дуу гэх мэд мэдрэхүйн эрхтнээрээ хүлээн авсан зүйлс нь тод үлддэг байна. Тиймээс бага насанд нь төрсөн өдрийн баярыг нь тэмдэглэж өгөх нь өөр нэгэн сайхан дурсамжийг бий болгоно.
- Хүүхдүүдэд цаг хугацааны талаар ойлголттой болоход тусална. Хүүхдүүд гэр бүлийнхэн, аав ээж нь хэлж өгөхгүй л бол хэр зэрэг том болж байгаагаа мэддэггүй. Тиймээс л төрсөн өдрийн баяр нь хүүхдүүдийг том болж, өсөж хөгжиж байгааг мэдрүүлнэ.
3
Хамгийн гол нь хайраа мэдрүүлэх
Зарим эцэг эхчүүд хүүхдийн төрсөн өдрийг нүсэр, сайхан тэмдэглэх ёстой гэсэн дарамтад өөрсдийгөө оруулдаг. Хүүхдийнхээ амьдралын нэг жилийн баярыг тэмдэглэхэд тийм ч том, сүрдмээр байх албагүй. Хүүхдүүдэд тэмдэглэж байгаа гэх мэдрэмж, баяр баясал, хайрыг мэдрүүлэх нь л чухал учраас лаа үлээлгэж, бялуу идсэн ч тэдэнд үнэхээр сайхан санагдана.
Хүүхдийн тань төрсөн өдрийн баяраар дэлхий дээрх хамгийн том бялуу, хамгийн үнэтэй бэлэг, хамгийн үнэтэй хувцас өмсгөх нь чухал биш. Харин хүүхдэд гэр бүлийн халуун дулаан уур амьсгал бүрдүүлж өгч, аав ээж нь хайраар дүүрэн байх л чухал юм.