1. Тэр үргэлж өөрийгөө өрөвддөг
Тэд үргэлж л хорвоо ертөнц өөрт нь ямар хатуу хандаж байгаад халаглан, юуг ч өөрчилж чадахгүй байгаадаа гомдоллодог. Ерөнхийдөө өөрийгөө хохирогч хэмээн төсөөлдөг хүмүүс дандаа ийм хандлагыг эргэн тойрондоо цацаж явдаг гэхэд хилсдэхгүй юм. Гадаад ертөнцөөс өөрт нь ирж буй хүнд саад бэрхшээл бүрийн өмнө өөрийгөө өрөвдөлтэй амьтан хэмээн төсөөлж бусад хүмүүсийг ч мөн өөр шигээ сул дорой нэгэн болгохыг хичээдэг байна.
2. Та нэг л мэдэхэд түүний үгэнд итгэчихсэн байх болно
Та түүний өрөвдөм түүх, амьдралыг сонсож түүнийг өрөвдөн чин сэтгэлээсээ туслахыг хүсэх болно. Ингэснээр тэр таны сэтгэл санаагаар тоглож, таныг өөрийнхөө үгэнд автуулна. Тэр ч байтугай та түүний төлөө хийсэн зүйлдээ ч гэмших сэтгэл төрнө гээч...Эцэст нь тэр таны анхаарлыг өөртөө илүү ихээр татаж, та түүний хэлсэн бүхнийг сонсох болно.
3. Түүнийг вампиртай зүйрлэхэд болохгүй зүйлгүй
Хохирогчийн дүрд тоглогчид өөрийнхөө асуудлыг бусдаар шийдүүлж санаагаа амраахаас нааш сална гэж байдаггүй. Нэг л их зовж зүдэрсэн хүн байх ба аливаа үүрэг хариуцлагыг өөртөө үүрнэ гэж түүхэнд байхгүй. Ийм “сөрөг этгээд”-тэй удаан хугацаагаар хамт байх юм бол та ч мөн хамаг эрч хүч, тэвчээрээ үрэн таран хийгээд л дуусна.
4. Бүхнийг хойш нь тавьдаг
Өөрийгөө үргэлж л арчаагүй, сул дорой гэж бодож сэтгэн, бусдад тэгж ярьж явдаг хүн яаж ч өөрийнхөө амьдралыг өөд нь татаж, өөрийгөө хөгжүүлэн сайжруулъя гэж бодох билээ дээ? Товчхондоо гэвэл түүний амьдрал хаана байгаа тэндээсээ огт урагшлахгүй гэсэн үг юм. Үүнээс долоон дор зүйл гэвэл амьдралыг нь сайжруулъя гэсэн хүн бүрийн зөвлөгөөг няцааж, яагаад ийм асуудалд орсон талаараа түм түмэн шалтаг тоочиж явдаг.
5.Санаанаасаа саад бэрхшээл зохиодог
Хэрэв та түүний зан авир, хандлагын талаар шүүмжилж, түүнийг муулах юм бол тэр чихээ таглаад л алга болж орхино. Тэдний хувьд өөрийнх нь талаар сөрөг зүйл ярьж, шүүмжилдэг хүмүүсээс харилцаагаа таслах нь энгийн л үзэгдэл байдаг. Юманд хэтэрхий сэтгэлийн хөдлөлөөр хандаж, оновчгүй шийдвэр гаргадаг зан чанар нь хохирогчдын дүрд тоглогчдыг шинэ харилцаа үүсгэхэд нь төвөгтэй байдлыг бий болгодог.
6. Барагтай бол хүнд итгэхгүй
Өөрийгөө хохирогч гэж үздэг хүмүүсийн сэтгэлийн гүн дэх хамгийн том сул тал нь өөртөө болон бусдад итгэдэггүй явдал юм. Өөрийнхөө бат итгэсэн үзэл бодолдоо үнэнч амьдардаг учраас бусдыг ч гэсэн яг л өөр шигээ итгэл даахгүй амьтад гэж үздэг.
7. Өөрийгөө бусадтай байнга харьцуулдаг
Хохирогчид өөртөө итгэх итгэл багатай тул өөрийгөө бусадтай харьцуулахгүй байж чаддаггүй ажээ. Зүгээр гудамжинд хажуугаар нь нэг сайхан бүсгүй зөрж өнгөрөхөд л өөрийгөө түүнтэй харьцуулан сэтгэлээр унаж байдаг байна. Өөрийгөө үргэлж шүүмжилж байдаг нь түүний эргэн тойронд амьдарч байгаа хүмүүст ч муугаар нөлөөлдөг. Яг үнэндээ бол энэ хорвоо дээр төгс хүн гэж нэгээхэн ч үгүй бөгөөд төгс биш байх нь муу зүйл биш гэдгийг ухаарах хэрэгтэй юм.
8. Тэр амьдралдаа сэтгэл дундуур байдаг
Амьдралд нь хэчнээн эерэг зүйл тохиолдлоо ч хохирогчдод хэзээ ч хангалттай санагдахгүй. Өөрт нь хэчнээн сайхан зүйл байлаа ч байнга л түүнээс илүү ихийг өөрийн болгохыг хүсэж сэтгэл дундуур явдаг. Тэдний энэ зан авирыг хэзээ ч төгсөшгүй хөнөөлт тойрогтой зүйрлэж болох юм. Ийм төрлийн хүмүүс гутранги үзэлтэй байдаг ба амьдралдаа огт талархаж чаддаггүй байна.
9. Үргэлж хэрүүл өдөж явдаг
Уулын мод урттай богинотойн нэгэн адилаар хүн бүрийн үзэл бодол өөр хоорондоо ялгаатай байдаг билээ. Тэгвэл хохирогчид өөрийнх нь үзэл бодолтой зөрөлдсөн хэнийг ч өөрийг нь доромжилж, доош нь хийж байна гэж хүлээж авах ба үргэлж хариу дайралт хийн хэрүүл өдөж явдаг.
10. Хариуцлага хүлээнэ гэж байхгүй
Ямар нэгэн юм боллоо гэхэд хэзээ ч өөрийнх нь буруу болдоггүй. Яаж ийж байгаад л хамт ажиллагч, ах эгч, дүү гээд бусдын буруу л болж таардаг. Өөрийн үйлдэлдээ хариуцлага хүлээхээс айдаг “хохирогч” бүх хариуцлагаа бусдад үүрүүлдэг муу зантай.
Та эдгээр шинжүүдийг агуулсан хүнтэй таарч байсан уу? Хэрэв тийм бол сэтгэгдлээ бидэнтэй хуваалцаарай.