1
Улаан буудай: Европын соёлын эх үндэс
Чухамхүү энэ ургамлаас болж Европчуудын өвөг дээдэс нь анчин, нүүдэлчин амьдралаа орхин суурин амьдралтай болсон билээ. Улаан буудай болон түүнтэй төстэй бусад ургамал нь хүмүүсийг өлсгөлөнгөөс аварч, яваандаа тэдний соёлын нэгэн хэсэг болсон байна. Гэхдээ энэ бүх үйл явц олон зуун жилийг дамжсан, аажимхан хурдтай явагдсан юм.
Эрдэмтдийн үзэж байгаагаар улаан буудай нь Бага Ази, Өмнөд Европ, Хойд Америк зэрэг улсын нутгуудад зэрлэг хэлбэрээр ургадаг байжээ. Ихээхэн тэжээлтэй энэ ургамлын нэг том дутагдал нь болж гүйцэх үедээ шууд л газар унах учир эрт дээр үеийн хүмүүс түүхий байхад нь түүж хүнсэндээ хэрэглэдэг байж. Харин энэ буудайн нөөцийг хангалттай их байлгахын тулд тариалж эхэлсэн он жил бол 10,200 жилийн өмнөх үе бөгөөд тохиолдлын шинж чанартайгаар улам бүр цаг агаарын нөхцөлд тэсвэртэй, ургац арвинтай үүлдэр сорт бий болсон байна. Ингэж 6500 жилийн өмнө одоо бидний мэдэх өнөөгийн улаан буудай бий болжээ.
Ойрхи Дорнодод улаан буудайтай бараг нэгэн үед арвайг хэрэглэж эхэлсэн гэдэг ба зарим эрдэмтэд бүр улаан буудайгаас өмнө энэ ургамлыг тариалж ашиглаж эхэлсэн гэдэг. Арвай нь улаан буудайгаас тэжээллэг болон амтлаг чанараараа дутуу боловч олон улс үндэстний соёлын эх үүсвэр болсон гэдэг. Арвайн гарал үүсэл нь чухам ямар ургамалтай холбоотой тухай одоогоор тогтоосон зүйл үгүй байна.
2
Будаа: Азийн соёлын эх үүсвэр
Бусад олон ургамлын адил дэлхийн янз бүрийн өнцөг буланд будааг хүмүүс өөрийн хүнсэнд хэрэглэж байсан боловч Азид хамгийн түрүүнд буюу Африкаас түрүүлж хэрэглэж эхэлжээ. Дорнод Азид 9000 жилийн өмнөөс будаа тариалж, энэ ургамалтай холбоотой зан үйл, соёл бий болсон гэж үздэг. Одоо хүн төрөлхтний ихэнх хэсгийн үндсэн хоол нь будаа бөгөөд дэлхийн оршин суугчдын долоон хүний нэг нь будааг тарих хураах бэлтгэх ажилд оролцож байгаа гэж үзвэл бараг тэрбум хүн энэ будааны ачаар ажилтай байгаа гэсэн үг юм.
Будааны эх үүсвэр нь Oryza sativa эсвэл Oryza nivara хэмээх нэртэй зэрлэг ургамал байх магадлалтай гэдэг бөгөөд аль алинаас нь ч гаралтай гэх үзэл бодол бас бий. Дээрх зэрлэг ургамал нь одооч Хятад, Бангладеш, Камбож, Энэтхэг, Малайзын нутагт ургасаар байна. Эрт үеийн хүмүүс байгалиас хайрласан энэ хишгийг авч хэрэглэхэд бас бэрхшээл байсан ба будаа нь улаан буудайтай адил боловсронгуутаа унадаг байжээ. Гэсэн ч тариалж, хураадаг болсноор “будааны соёл” гээч зүйл бий болжээ.
Азийн хүмүүс зөвхөн үр тариаг идэж хэрэглээд зогсохгүй үндэс ишийг нь ашиглан цаас хүртэл хийж байж. Мөн будаа нь энэ бүсэд баян тарган амьдралын шинж гэгддэг учир шинэ залуу хосуудад аяга дүүрэн будаа хийж гэр бүл болгодог, энэ нь мөнхөд баян тарган байхын билэгдэл гэж үздэг ёс бий болсон байна. Японд будаа болон идэх гэж бичихдээ нэг л дүрс үсгээр тэмдэглэдэг нь будаа Азийн улс орны соёлд ямар их нөлөөтэйг харуулж байна.
3
Эрдэнэ шиш: Америкийн соёлын өв
Хүн төрөлхтний хүнстэй холбоотой соёлын гурав дахь эх үүсвэр нь эрдэнэ шиш юм. Энэ нь Индианчуудын хоол хүнс төдий биш тэдний сүсэг бишрэлийн өв билээ. Эртний Майя нар бурхан хүнд зориулж энэ ургамлыг бий болгосон гэж үздэг байжээ.
Мөн Америкийн бусад соёл ч эрдэнэ шишийг ариун зүйл гэж тооцож, залуу бүсгүйчүүд нь толгойдоо энэ ургамлын ишийг сүлжин зүүж гоёдог, хүзүүндээ эрдэнэ шиш зүүж (одоогийн бидний поп корн гэж нэрлэх тэр хэлбэрийг анх индианчууд гаргасан юм) шашны зан үйлээ гүйцэтгэдэг байжээ. Мөн эрдэнэ шишийн хагарч хатсан хальсаар ирээдүйд юу болохыг тааж мэргэлдэг байсан гэдэг.
Эрдэнэ шишийг одоогоос 9000 жилийн өмнө Мексикийн Бальсасийн хөндийд анх тариалж эхэлсэн ба теосинте хэмээх эрдэнэ шишээс ихээхэн жижиг хэмжээтэй ургамлаас гаргаж авсан байна. Энэ ургамал нь ердөө 3-4 см урт, хатуу жижигхэн үрэл хэлбэртэй үр байсан юм. Теночтитланы удам судар энэ ургамлыг томруулж зөөлрүүлэхийн тулд олон зуун жилийг заран байж өнөөгийн эрдэнэ шишийг бий болгосон билээ.
4
Амтлагч, халуун ногоо : Газар зүйн нээлт, дайн, колоничлол, техникийн хөгжлийн эх үүсвэр
Хатаасан цэцэг, цинамон, чинжүү, лаврын навч,цагаан гаа, гүргэм –эдгээр амтат ургамал нь тропикийн бүсэд ургадаг учир Европчуудын хувьд ер бусын өвөрмөц хүнс байжээ. Алс холоос зөөн авчирдаг учир маш өндөр үнэтэй, тэр үед баян тарган хүнийг “уут дүүрэн чинжүүтэй хүн” гэх зэргээр ярьдаг байсан гэдэг.
Европчууд Энэтхэг болон бусад өмнө зүгийн улс оронд хүрэх зам хайх үед зальтай дорнын худалдаачид замд тохиолдож болох саад бэрхшээлийг хэтрүүлэн ярьж амтлагч ургамлаа үнэд хүргэдэг байсан ба баяжихын тулд Европчууд ямар ч саад бэрхшээлийг үл хайхран Өмнөд, Хойд Америк, Филиппин, Молуккскийн болон Кондын арлууд хүрэх гэж Африкийг тойрсон Энэтхэгийн далайн зам зэргийг нээсэн ба Магеллан бүр дэлхийг тойрсон билээ.
Анх 5 хөлөг онгоцтой эхэлсэн Магелланы аялал сүүлдээ ганцхан онгоцтой болсон ч энэ хөлөгтөө ачиж ирсэн амтлагч ургамлаар бүр бүх өрөө дарсан төдийгүй нэмээд ашиг олсон түүхтэй. Энэхүү амтлагч ургамлуудыг тарих, Европт авчирч худалдаалах эрхийн төлөө олон улс орон хоорондоо дайтаж, шинэ газар нутгийг колоничилж байсан нь саяхан билээ.
5
Шар буурцаг: Хоол хүнсний нэр төрөлд орсон өөрчлөлт
XX зууны эхээр өндөр хөгжилтэй улс оронд ч өлсгөлөн гарах нь нэмэгдэж эхэлжээ. Хэдийгээр өндөр хөгжлийн үе байсан боловч хүн амын өсөлт, өндөр наслалт нэмэгдэхийн хэрээр хүнсний, уургийн нэмэлт, хямд нөөц хэрэгтэй боллоо. Шар буурцаг энэ үед чухал нөөц болсон гэдэг. Энэхүү ургамлыг 5000 гаруй жилийн өмнөөс тарьж ургуулж байсан тухай Хятадын судар бичиг өгүүлсэн байдаг байна.
Хятадууд тарьж ургуулах төдийгүй илүү өндөр ургацтай төрөл сорт бий болгосноос хойш одоо энэ ургамал нь хамгийн чухал хүнсний нэг болсон ба шар буурцгийн уураг нь сүү болон өндөгний уургаас дутуугүй бөгөөд 37-42 хувийн уураг агуулдаг, 19-22 хувийн тос, тослогтой, 30 хүртэл хувийн нүүрс ус агуулдаг юм. Энэ их ач холбогдолтой ургамлыг тарьж ургуулахад зарцуулах хөрөнгө, цаг нь махан болон сүүн бүтээгдэхүүн бий болгохоос хэд дахин хямд боловч тэднийг бүрэн орлож чаддаг гэдгээрээ онцгой хүнс .
Хэрвээ шар буурцаг байгаагүй бол одоо хүнсний нэр төрөл цөөн, маш өндөр үнэтэй байх ба XX болон XXI зуунд олон хүн өлсөж үхээгүй байлаа гэхэд уургын дутагдалд орсон байх байсан билээ. Мөн шар буурцаг нь гэрийн тэжээвэр амьтны гол хүнсний нэг юм.
6
Хининий мод болон агь: олон зуун мянган хүний амийг аврагч
200-300 жилийн өмнөхөн л хумхаа өвчин нь хамгийн аюултай өвчинд тооцогдож байсан ба ялангуяа дулаан цаг ууртай улс оронд энэ өвчин их гарч олон хүний аминд хүрч байсан гэдэг. Шинэ тивийг нээснээр, хининий модны эмчлэх шинж чанарыг мэдэж авснаар энэ өвчний эсрэг тэмцэх найдвартай аргатай болсон билээ.
Хумхаа өвчнийг энэ ургамлын тусламжтайгаар эмчлэх аргыг олох зэрэгт ихээхэн цаг хугацаа шаардагдсан нь лавтай. Хэдийгээр Индианчууд уг өвчний тухай, өвчнийг хэрхэн эмчлэх тухай тодорхой ойлголттой байсан боловч цагаан арьстнуудад энэ нууцаа дэлгэлгүй удаан байсан гэдэг. Харин Европчууд уг ургамлын бүтэц, шинж чанарыг мэдэж аван эмчилгээний арга барилтай болсны дараа хумхаа өвчин буурч эхэлсэн юм.
1970-аад оны үед Хятадын эрдэмтэд Ту Юю хэмээх эм баригчийн удирдлага дор агь ургамлын хандаас цинхаоусу (барууны эмийн үйлдвэрлэлд артемизин гэсэн нэртэй болсон) хэмээх бодис гарган авсан нь хумхаагийн эсрэг хамгийн өндөр үр нөлөөтэй бодис болсон билээ.
Хүн төрөлтний түүхэнд, хөгжил цэцэглэлтэд өвс ургамлын оруулсан хувь нэмэр маш их бөгөөд бусад чухал ургамал болох чихрийн нишингэ, төмс, цай, овьёос зэрэг ургамлын тухайд тусад нь ярих ёстой болов уу.