Ханс арал дээр хөрс, цэвэр ус байхгүй учир хүн амьдардаггүй, ургамал, амьтан, ч байхгүй. Энэхүү чулуун арал дээр цас хүртэл тогтдоггүй бөгөөд өвөл орсон цас далай руу гулгаж унадаг аж. Дэлхийн хамгийн хэцүү уур амьсгалтай бүсэд орших, ямар ч амьдралгүй чулуун арал хэнд ч хэрэггүй мэт. Харин Канад, Дани улсууд өөрсдийн эзэмшил газраас өчүүхнийг ч бусдад өгөхийг хүсэхгүй байгаа учир утгагүй тэмцлээ өрнүүлсээр байгаа аж.
Эхэндээ уг арал ямар нэг харьяалал, нэр ч үгүй байж. Нутгийн оршин суугчид арлыг мэддэг байсан ч ач холбогдол өгдөггүй байв. Харин 1920 онд Данийн эрдэм шинжилгээний экспедиц арлыг анх судалж, 1933 онд Гренландын хамт Дани улсын эзэмшилд багтаажээ. Ингээд 50 жилийн турш арал тэр чигтээ мартагдаж орхисон байна.
Хожим Дани, Канад улсуудын далайн хилийн зурвасыг тогтоох үед Ханс арлын асуудал дахин сөхөгдсөн байна. Хилийн зурвасыг тогтоох электрон төхөөрөмжийн дагуу Ханс арал нь Гренландыг эх газраас тусгаарлах шугамын яг голд байрлаж таарчээ. 2 улсын хилийн шугам 127 богино хэсгээс бүрдэх бөгөөд Ханс арал 122, 123 цэгүүдийн тэг дунд оршиж байсан учир аль нэг улсад өгөх боломжгүй байлаа. Ингээд арлыг харьяалалгүй үлдээжээ.
Канадын нефть олборлогч компани арал дээр геологийн хайгуулын ажил эхлүүлсний дараа эзэмшилтэй холбогдох жинхэнэ маргаан өрнөсөн юм. Тэд хавцлын бүтэцтэй танилцаж, мөсний дээж авсан байна. Харин 2 улсын засгийн газрууд нефтийн нөөц олдвол хэрхэх тал дээр санаа зовниж байсан юм. Ингээд асуудал үүсгэхгүйн тулд арлыг огт ашиглахгүй, эрэл хайгуул хийгүй байх тохиролцоонд хүрчээ.
Гэвч 1984 онд Даничууд арал руу цэргүүдээ илгээн төрийн далбаагаа мандуулж, Дани улсад тавтай морил гэсэн бичиг үлдээжээ.
Канадууд үүнд дургүйцэн оронд нь өөрийн улсыг далбааг зоогоод, нэг шил Канад виски үлдээсэн байна. Тэр цагаас хойш өнөөг хүртэл 35 жилийн турш тэдний гэмгүй тэмцэл тасралтгүй өрнөсөөр. Нөгөө улсынхаа архийг уучхаад, тугных нь оронд өөрийн улсын далбааг ээлжлэн зоосоор.. Уг утгагүй тэмцэл хэдий хүртэл үргэлжлэхийг мэдэхгүй ч, зөрчилдөж буй талуудын халаасыг хоослохоос өөр шидгүй ажээ.