Хүндрүүлэгчтэй хөнжлийг ихэнхдээ даавуу, флис, фланел зэргээр хийж дотор нь хуванцар бөмбөлгүүд хийдэг байна. Ерөнхийдөө 3-14кг жинтэй байдаг бөгөөд энэ нь гэмтлийн дараах өвчин намдаах, нойргүйдлийг эмчлэх, аутизмтай болон хэт их хөдөлгөөнтэй хүүхдийг тайвшруулах, эмчлэхэд чиглэгддэг аж.
Тус хөнжлийг аутизмын өвчтэй Темпл Грандин хэмээх бүсгүй зохион бүтээжээ. Тэрээр "Би нойргүйдлийн асуудалтай байсан. Хөлөө жийгээд хэвтэхээр унтаж чаддаггүй байсан учир халуун байсан ч унтлагын өмд цамц өмсдөг байлаа. Хожим хүндрүүлэгчтэй хөнжил зохион бүтээснээс хойш нойргүйдэл арилснаас гадна хөнжилний даралт тайвшруулах үйлчилгээ үзүүлж байгааг анзаарсан" гэжээ.
Мэдрэхүйн тал дээр аутизмтай хүүхдүүд нэлээд асуудалтай байдаг. Энэ төрлийн өвчтэй хүний биед хүн хүрмэгц айж, төвөгшөөдөг. Би 20 гаруй насандаа л бусдын адилаар хүмүүстэй гар барьж, ярилцаж буй хүнийхээ нүд рүү нь харж ярьж сурсан. Надад “шидэт машин” байгаагүй. “Мэдрэхүйн өлсгөлөн”-г дарахын тулд би зүгээр л хөнжлөөр биеэ ороох, эсвэл өөр дээрээ их хэмжээний буйдангийн дэр тавьдаг байсан. Унтахаар хэвтэхдээ би орны даавуу болон хөнжлөө унтлагын мешок мэтээр ороож шургаж унтдаг байсан.
Мэдрэхүйн өлсгөлөн, мэдрэхүйн анхаарлыг хөгжүүлэх асуудалд зөвхөн аутизмтай хүүхдүүд өртдөггүй. Хэд хэдэн судалгаанаас харахад ээжгүй өсөж буй хүүхдүүд сэтгэл зүйн асуудалтай байдаг нь тогтоогдсон. Тиймээс хүүхдийг тогтмол тэвэрч байх хэрэгтэй. Үүнээс гадна дутуу төрсөн хүүхдүүдийг ч гэсэн тэвэрч, анхаарах хэрэгтэй юм. Ээжгүй өсөж буй сармагчны зулзага ч гэсэн дутуу байгаа мэдрэхүйн анхаарал халамжаа нөхөхийн тулд өнхрүүшийн үслэг хэсгийг зуурдаг хэмээн Грандин хэлсэн байна.
Хэсэг хугацааны дараа Темпл буудайгаар хөнжилний дотор талыг дүүргэх санаа олжээ.
Булчингийн болон ясны өвчин намдаах
Энэ төрлийн өвчтэй хүмүүс өвчин мэдрэхээс гадна сэтгэл санааны хямралд орох, ядарсан мэдрэмжийг ихээр авдаг. Хүндрүүлэгчтэй хөнжил бүтээгчид хүнд хөнжил нь серотонин болон мелатонин дааврын төвшинг нэмэгдүүлдэг учир сэтгэл санааг өөдрөг болгож, тав тухгүй байдлыг үгүй хийхэд тусалдаг гэжээ.
Хөлийн тайван бус байдалтай тэмцэх
Хөлийн тайван бус байдлын үед хөл хатгах, гижигдэх мэт таагүй мэдрэмж төрдөг байна. Ялангуяа оройн цагаар ихээр мэдрэгддэг учир нойргүйдлийн шалтгаан болдог. Үүнийг өөрөөр Уиллис-Экбомын өвчин гэж нэрлэдэг. Ихэнхдээ даралт өөрчлөлтэй, чихрийн шижин, судасны бүдүүрэлтэй хүмүүст тохиолддог.
Хүндрүүлсэн хөнжил нь халуун жин тавьж байгаа мэт нөлөө үзүүлж, хөлөнд өгөх ачааллыг жигд болгож, стрессийг тайлдаг байна.
Сэтгэлийн түгшүүр болон айдсыг бууруулах
"Advanced Telecommunications Research Institute International"-ын үзэж байгаагаар сэтгэлийн түгшүүр, зовнилыг арилгахын тулд хүн өдөрт 15 удаа тэврүүлэх ёстой байдаг гэнэ. Харин хүндрүүлэгчтэй хөнжил нь тэвэрч буй мэдрэмжийг төрүүлдэг учир кортизол дааврын төвшинг бууруулдаг аж.
Сэтгэл зүйн асуудлыг шийдвэрлэх
"CalmClinic"-ийн редактор Мики Абрахамын үзэж байгаагаар серотонин дааврын төвшин буурснаар хүн төрөлхтөн сэтгэл зүйн асуудалтай тулгардаг гэнэ. Энэ төрлийн өвчлөлийг эмчлэх эм бэлдмэл байдаг хэдий ч эхний шатанд өвчний шалтгааныг олохгүйгээр эм хэрэглэх хориотой байдаг аж. Харин хүндрүүлэгчтэй хөнжил нь тайвшруулах үйлчилгээтэй байдаг учир үүнийг эхний шатанд нь эмчлэх боломжтой гэж мэргэжилтнүүд үзэж байна.
Хэрхэн хэрэглэх вэ?
Хөнжлөө худалдаж авахын өмнө нэн түрүүнд та өөрт тохирох хэмжээг гаргах хэрэгтэй. Хүүхдэд бол 110:140 см-ийн 3-6 кг-ийн хөнжил тохирно. Харин насанд хүрсэн хүмүүсийн хувьд 140:200 см-ийн 7-14 кг-ийн хөнжил тохиромжтой. Өөрөөр хэлбэл, биеийн жингийн 10 хувиас илүү гарах ёсгүй гэсэн үг.
Ингээд өөрт тохирсон хөнжлийг олсны дараа хүссэнээрээ хэрэглэх боломжтой. Мөн та өөрөө хөнжлөө өөрийн жиндээ тохируулан хийж болох бөгөөд энэ тохиолдолд хүндрүүлэгч худалдаж авах хэрэгтэй юм.
Гэхдээ зүрх судасны өвчин, амьсгалын замын өвчин, температурын өөрчлөлтөд хэт мэдрэмтгий хүмүүс хэрэглэхэд хориотой. Хэрвээ дээр дурдсан хориглох заалтын аль нэг нь танд байгаа бол эмчтэй зөвлөөрэй.