О.Мөнхжаргал: Халамжийн системийнхээ ганцхан хувийг хуримтлал, хөрөнгө оруулалт болгоод үзье

О.Мөнхжаргал: Халамжийн системийнхээ ганцхан хувийг хуримтлал, хөрөнгө оруулалт болгоод үзье

Б.Солонго

Хувийн тэтгэврийн сангаар дамжуулан хөрөнгийн зах зээлийг хөгжүүлэх, эдийн засгийг сэргээх боломжийн талаар “Голомт Капитал” үнэт цаасны компанийн гүйцэтгэх захирал О.Мөнхжаргалтай ярилцлаа.

Ойрын өдрүүдийн халуун сэдэв тэтгэврийн зээл байлаа. Энэ асуудал өнөөдөр хэрэгжиж байгаа нийгмийн даатгалын тогтолцоог засах зайлшгүй шаардлагатайг харуулж байна. Танай компанийн судалгааг нь хийж буй  хувийн тэтгэврийн сан байгуулах гарц шийдлийн талаар сонирхохоор ярилцлагадаа урьсан юм?

Манай улсад одоо мөрдөгдөж байгаа тэтгэврийн тогтолцоо нь 1970-аад оноос эхэлсэн халамжийн хэлбэртэй. Сүүлийн үед үүнийг тэтгэврийн даатгал гэсэн нэр томьёогоор өөрчлөх тухай яригдаж байна. Гэхдээ хөгжингүй орнуудын чиг хандлагыг харвал нэг талд нь “тэтгэврийн сан” нөгөө талдаа “тэтгэврийн халамж” гэсэн хоёр ойлголт байдаг.

Тэгэхээр хувийн тэтгэврийн сан гэж юу вэ? Тухайн хүн одоо авч байгаа цалингийнхаа тодорхой хувиар хөрөнгө оруулалт хийж, үүнийг нь хувийн тэтгэврийн сан хэрэгжүүлдэг гэсэн үг юм. Гэтэл одоо бидний ирээдүйдээ зориулан төлж байгаа мөнгийг хуримтлуулах нь битгий хэл халамж тэтгэмжид өгөөд дуусгаж байна шүү дээ.  

Хувийн тэтгэврийн сангийн систем нь Америк, Ази гээд дэлхий дахинд хэдийн амжилттай хэрэгжиж байна. Өөрөөр хэлбэл тухайн улсын иргэд ирээдүйдээ зориулан, одоо олж байгаа орлогоосоо амжилттай яваа компаниудад хөрөнгө оруулалт хийж байна. Харин ямар компанид хэрхэн, яаж хөрөнгө оруулах зэрэг  ажлыг сангийн мэргэжлийн хөрөнгө оруулагчид хийдэг. Манай улсын хувьд одоогоор ийм тоглогч байхгүй байна. Энэ хирээр Монголын хөрөнгийн зах зээл идэвхгүй байгаа юм. Хэдийгээр сүүлийн хоёр жилд хөрөнгийн зах зээл харьцангуй сэргэсэн ч дээрх боломж амьдралд хэрэгжээгүй л байна.  

 

Тэгэхээр иргэд хувийн тэтгэврийн сангаар дамжуулан компаниудад хөрөнгө оруулалт хийж, ирээдүйд ашиг хүртэх тухайд ярьж байна гэж ойлгож болох уу?

Тийм. Хувийн тэтгэврийн сангийн үйл ажиллагаа залуучуудад илүү чиглэх ёстой юм. 20 настай залуу татварын өмнөх цалингаасаа тодорхой хувийн шимтгэлийг сандаа өгөөд сан мөнгийг нь оновчтой хөрөнгө оруулалт болгож өсгөөд 40 жилийн дараа тэтгэвэрт гарахаар нь хуримтлал болгоод өгнө.

Америкийн хөрөнгийн зах зээлээр жишээ авахад л ханшийн өсөлт, уналт гэх мэт бүх эрсдэлээ тооцоход жилийн дундаж өгөөж нь 10 хувьтай байдаг. Өөрөөр хэлбэл 40 жилийн турш өгөөж нь жил бүр 10 хувиар өсөж байна гэсэн үг юм. Ингэснээр тэтгэврийн насанд хүрэхдээ хангалттай тэтгэмж авах боломжтой болж байгаа юм.  Дэлхий дээр хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажилладаг олон компани бий. Тэднээс үйл ажиллагаагаа зөв удирдаж байгаа нь өрсөлдөөнд ялж, хөрөнгө оруулалт татаж чаддаг.

Гэтэл Монголд төрийн удирдаж байгаа ганцхан сан байгаа нь хөрөнгө оруулалт бараг хийгддэггүй, хуримтлал үүсдэггүй сан байна. Энэ сан мөнгөө өсгөхийн тулд арилжааны банкинд хүүтэй байршуулдаг. Өөрөөр хэлбэл 1,2 сая төгрөгийн цалинтай ажилтны нийгмийн даатгалд төлсөн 300 мянган төгрөгийн шимтгэл банкинд байршиж байна гэсэн үг юм. Гэтэл мөнөөх ажилтан банкнаас зээл авах шаардлага гарлаа гэж  бодъё л доо. Банк нийгмийн даатгалын санд 13 хувийн хүү өгдөг гэж үзвэл ашигтай ажиллахын тулд нөгөө ажилтанд ядаж 15-16 хувиар зээл өгч таарна. Үүнээс болж улсынхаа эдийн засагт өөрийн хувь нэмрээ оруулж, нийгмийн даатгал, татвараа төлөөд ажиллаж байгаа тэр ажилтны санхүүгийн зардал өсөөд байна шүү дээ.

 

Тэгэхээр хувийн тэтгэврийн сан нь хөрөнгийн зах зээлд тоглогч болох нь. Гэхдээ хувь хүн өөрөө хувьцаа худалдаж авч болно шүү дээ. Заавал сангаар дамжуулах ямар шаардлагатай юм бэ?

Юуны өмнө хөрөнгийн зах зээлийн өнөөдрийн нөхцөл байдлыг ярих хэрэгтэй байх. Сүүлийн хоёр жил манай хөрөнгийн зах зээл харьцангуй сэргэж, 10 орчим компани хөрөнгийн зах зээлд IPO гаргаж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх олон тэрбум төгрөгийг татан төвлөрүүлээд байна. Өөрөөр хэлбэл тэдгээр компаниуд урт хугацаатай хөрөнгө оруулалтыг олон нийтээс татан төвлөрүүлээд байна гэсэн үг юм.

Үүнтэй зэрэгцүүлж харвал бусад ААН-үүд банкнаас 16-17 хувийн хүүтэйгээр зээл авч байна. Тэд зээлээ төлөхийн тулд бараа бүтээгдэхүүнийхээ үнийг өсгөхөөс аргагүй. Мөн урт хугацааны хөрөнгө оруулалт хийж чадахгүйд хүрдэг. Таван жилийн хугацаанд 17 хувийн хүү төлөхөд л 70-80 хувийн хүүний зардал нэмэгдэж байна.

Харин хөрөнгийн зах зээл бол дэлхийн хөгжлийн түүхийг бүтээж байна гэж хэлж болох юм. Энэ зах зээлээс компаниуд урт хугацааны хөрөнгө оруулалт татаж, энэ хирээр аж ахуйн нэгжүүдийн хариуцлага өндөрсөж байна. Учир нь зөвхөн гэр бүлийнх байсан компаниуд 5000 хувьцаа эзэмшигчдийн өмнө хариуцлага хүлээдэг болж байна гэсэн үг юм.

Монголын хөрөнгийн зах зээл дэх хамгийн амжилттай жишээг дурдвал “АПУ”-г хэлж болно. Хэрэв 10 жилийн өмнө тус компанийн хувьцааг авсан бол өнөөдөр 1000 хувь өсчээ. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн хэрэглээ өсөхийн хирээр компанийн ашиг, хувьцаа эзэмшигчдийнх нь баялаг өсөж байгааг эндээс харж болно.

Мөн мэргэжлийн хөрөнгө оруулагч юу хийх вэ гэвэл таныг бүрэн төлөөлнө. Жишээ нь  улсын их дэлгүүрийг хувьцаа эзэмшигчдэдээ ногдол ашиг өгдөггүй гэсэн шүүмж байдаг. Хэрвээ мэргэжлийн хөрөнгө оруулагч байсан бол борлуулалтын орлогыг юунд зарцуулсан, хэзээ өгөөжөө өгөх вэ гэж асуух нь тодорхой юм. Хувьцаат компанийг хамгийн хариуцлагатай байлгадаг нэгж нь мэргэжлийн хөрөнгө оруулагч гэж хэлж болно.  

 

Сангийн үйл ажиллагааг мэргэжлийн хөрөнгө оруулагч хариуцаж, сандаа мөнгө өгч байгаа иргэдийн өмнөөс хариуцлага үүрч, хөрөнгийг нь өсгөж, өгөөжийг нь нэмэгдүүлэх үүрэг хүлээнэ гэсэн үг үү?

Яг тийм. 2013 онд энэ талаар хууль баталсан ч сангийн үйл ажиллагаа явуулж байгаа мэргэжлийн байгууллага ховор байгаа юм. Зарим байгууллага дотооддоо хувийн тэтгэврийн сан ажиллуулж байгаа ч голдуу тухайн ажилтны өөрийн хүсэлтээр татварын дараах цалингаас нь тодорхой хэмжээнд хуримтлал үүсгэх үйлчилгээ үзүүлдэг. Гэтэл олон хүн татварын дараах үлдсэн мөнгөөрөө  хуримтлал үүсгэж чадахгүй байна. Хуримтлал үүсгэсэн ч ирээдүйн өгөөж нь багасдаг.  

Энд “Самсунг” компанийн жишээг татъя. Манайд хөрөнгө оруулалтын сан байдаггүй учраас хувь хүмүүс хувиараа хувьцаа эзэмшдэг. Харин Самсунг компанийн 7-8 хувийн хувьцааг даатгалын, эрүүл мэндийн, тэтгэврийн сангууд эзэмшиж байна. Мөн “Самсунг”-ийн ажилчдын хөрөнгө оруулалтын сан ч гэж бий. Ажилтан бүр  Солонгосын аль компани ашигтай ажиллаж байгааг ажиглаад, дүгнээд байх боломжгүй учраас үүнийг нь мэргэжлийн хөрөнгө оруулагчид хийж өгч байна гэсэн үг л дээ. Тэд хэр хэмжээгээр аль компанид хөрөнгө оруулалт хийх, ирээдүйн үр дүн ямар байх зэрэг мэдээллийг боловсруулаад улирал тутам дүгнээд явдаг байх нь. Монголд мэргэжлийн хөрөнгө оруулагчид болоод сангууд нь үүсгэн байгуулагдаагүй учраас энэ  ажил хийгдэхгүй байгаа юм. Аж ахуйн нэгжүүд тодорхой хэмжээний их хуримтлалаар хөрөнгө оруулалт татаж чадвал Хөгжлийн банкаа хараад суухгүй шүү дээ. Хятадын компаниуд арилжааны банкнаасаа 3-4 хувийн хүүтэй зээлээр хөрөнгө татаж байхад, манай компаниуд Хөгжлийн банкнаасаа 8-9 хувиар зээл авч чадвал хамгийн сайн хувилбар болж байх жишээтэй.  

 

Хувийн тэтгэврийн сангуудыг байгуулж, хөгжүүлэхэд хөрөнгийн зах зээлийн талаарх иргэдийн боловсрол маш чухал?

Өнгөрсөн хугацаанд олон сургалтуудыг хийж ирлээ. Ялангуяа IPO гарах үеэр түлхүү хийж байсан. Боловсрол их дутмаг байгаа нь үнэн. Хувьцаат компанийн түүхийг яривал хөрөнгийн хэрэгцээн дээр үүссэн гэдгээр тайлбарлаж болно. Голланд улс  Инденозиас баялаг авчрахын тулд усан онгоц хэрэгтэй болсон. Иргэн бүрээсээ 100 доллар хуримтлуулаад 100 ширхэг усан онгоц бариад тэндээсээ баялгаа авчирч байсан. Энэ бол хөрөнгийн зах зээл үүссэн анхны тогтолцоо юм. Өөрөөр хэлбэл улсад нь баян банк байхгүй учраас иргэдээсээ хөрөнгийг нь хуримтлуулж ашигтай бизнес хийж байна шүү дээ. Энэ бол хөрөнгийн зах зээлийн зарчим.

Түмэн шувуут” компаниар жишээ татахад эдийн засаг хөгжих тусмаа иргэдийн өндөгний хэрэглээ өсөж байна. Буруу санаагүй бол 2004 онд нэг хүнд жилдээ 20 ширхэг өндөг хүнсэндээ хэрэглэдэг байсан. Өнөөдөр 2-3 дахин өсөж жилийн хэрэглээ 80-90 өндөг болж өссөн байна.

Тэгэхээр надад 10 сая төгрөг байлаа гэж бодьё. Тэр мөнгөөрөө 50 өндөглөгч тахиа аваад өөрөө өндөг үйлдвэрлэж болно. Гэхдээ үүний оронд том аж ахуйн нэгж, өөрөөр хэлбэл “Түмэн шувуут” руу энэ мөнгөө хийчих юм бол би өөрөө өндөглөгч тахиатай зууралдах ямар ч шаардлага алга. Нэгэнт байгуулагдчихсан тэр том компанийн ирээдүйн ашгийг би өнөөдөр худалдаж авч байна. Тэр компани сайн ажиллаад байвал миний хувьцаа өсөөд байна.

Би говьд нэг уурхайд ажилладаг байлаа гэж бодоход цалингаасаа 1-2 хувийг тэтгэврийн сан руугаа хийгээд байвал миний өмнөөс хаана хэнд хөрөнгө оруулалт хийхийг тухайн сан шийдээд хөрөнгийн зах зээлд тоглоно. Зарим нь өндөр өсөлттэй компанид хөрөнгө оруулдаг, зарим нь ногдол ашиг өндөр өгдөг компанид хөрөнгө оруулдаг гээд олон төрлийн бодлоготой. Харин би сонгосон компанийнхаа бодлогыг дагаж ирээдүйд тэтгэврийн өгөөж, хуримтлалаа нэмэгдүүлж авна.

 

Тэгэхээр эрсдэлийг нь ярихгүй бол болохгүй байх?

Эрсдэлээ хуваан хуваарилах арга зам байдаг. Би зөвхөн “Түмэн шувуут”-д хөрөнгө оруулвал тэр компани сайн ажиллавал надад ашигтай. Харин доголдвол өгөөж нь буурна. Тэгвэл 10 сая төгрөгөө 10 компанид хуваагаад оруулчихаж болно. Эрсдэл өндөр байвал өгөөж дагаад өсдөг зарчим байдаг. Багц бүрдүүлнэ гэж бид ярьдаг л даа. Банкиндаа 50 хувиа хадгалаад, 30 хувиа бондод хийгээд, 20 хувиа хөрөнгийн зах зээл рүү хийх ч юм уу. Энэ бол хамгийн болгоомжтой хувилбар гэж явдаг. Тэтгэврийн сангийн тухайд бол ганцхан эрх, үүрэгтэй байна шүү дээ. Тэр бол иргэдийн өгсөн мөнгийг өсгөх.

Сүүлийн 10-аад жилд технологийн компаниуд маш амжилттай явж байна. Ийм компанид хөрөнгө оруулдаг сан байна. Эсвэл үнэлгээ нь нэг их өсдөггүй хэрнээ, ногдол ашиг өгдөг Америкийн машин үйлдвэрлэлийн компаниудад хөрөнгө оруулдаг сан ч байна. Хоёр өөр өгөөжтэй сан байгаа биз. Хүн болгон тэр Google, Facebook яаж мөнгө хийгээд байгааг мэдэхгүй шүү дээ. Үүнийг гишүүдийнхээ өмнөөс судалж, шийдвэр гаргаж, хөрөнгийг нь өсгөх нь сангийн ажил болж байгаа юм. 

 

Одоо иргэдийн нийгмийн баталгааг төр дангаараа хариуцаж, ганцхан байгаа сангаа эзэмшиж байна шүү дээ. Хэрэв хувийн тэтгэврийн сангуудыг байгуулаад хөгжүүлчихвэл төр ямар байдлаар оролцох ёстой вэ?

Төр халамжийн бодлогоо л хэрэгжүүлэх ёстой. Америкт хэрэгждэг эрүүл мэндийн даатгалын систем гэх мэтийг хариуцах хэрэгтэй. Тэтгэврийн хувийн санд төр оролцохгүй. Харин төрийн нэгжүүд, өөрөөр хэлбэл, нэг аймгийн хуримтлалын сан тэр аймагт ажилладаг төрийн албан хаагчдын тэтгэврийн хуримтлалыг хариуцаж болно. Энэ жишиг их хүчтэй, мэргэжлийн байж чаддаг. Хамгийн алдартай нь Калифорни мужийн бүх ажилчдын даатгалын сан юм.

Зөв явж байгаа microsoft, google, facebook гээд хамгийн ашигтай компаниуддаа хөрөнгөө оруулж байдаг. Харин төрийн үндсэн дэмжлэг бол хөрөнгийн зах зээлээ чөлөөтэйгээр нээж өгөхөд оршдог.

Жишээ нь, Тавантолгой бол Монголын хамгийн ирээдүйтэй компани. Хонгконг дээр хувьцааг нь гаргах асуудал яригдаж байна. Давхар бүртгэлтэй нэгэн зэрэг хийх ч юм уу, эхлээд Монголд гаргаад дараа нь гадагшаа гаргах ч юм уу. Иймэрхүү бодлогоор энэ зах зээлээ төр нь дэмжээд явах хэрэгтэй шүү дээ. Тэгэхгүй бол одоо халамжийн системээр Засгийн газрын зардлыг өсгөөд байна. Аж ахуйн нэгж маань олон төрлийн дарамтад уналаа. Цалингийн чинь 50 хувийг шимтгэлд авч байгаа гэж ярьдаг нь үнэн. Учир нь компани нь олон төрлийн татвар төлж байна, гааль, НӨАТ гээд, зардал нь өндөр байна. Тэгэхээр ажилчдад очих ёстой байсан бодит орлого цаагуураа нийгмийн халамж руу яваад байгаа хэрэг л дээ.

 

Энэ нь даатгалын сангийн хөрөнгийг байршуулдаг арилжааны банкуудад хохиролтой хувилбар болох уу?

Компаниуд хөрөнгийн зах зээлээс урт хугацааны хөрөнгөө шууд босгочихвол банкнаас зээл авах хэрэггүй болчихно. Энэ хэрээр улсын эдийн засаг өснө, сайжирна. Нөгөө талаар банкны хадгаламж багасахын зэрэгцээ хүү нь буурна. Дагаад зээлийн хүү бууна. Нөгөө 1.2 саяын цалинтай залуу одоо банкнаас 16 биш  6 хувийн хүүтэй зээл авах боломжтой болчихож байгаа юм. Нэг ёсондоо тухайн иргэний амьжиргаа дээшилж байгаа хэрэг юм. Банк илүү сайн засаглалтай, нээлттэй болох нь харин ч ашигтай. Иргэдийн хөрөнгө оруулалт сангаар дамжаад буцаад л банкиндаа очно. Төлбөр тооцооны томоохон хэрэгсэл нь арилжааны банк нь өөрөө шүү дээ. Харин ч хүү өгдөг хадгаламж хэлбэрээр биш харилцах дансны орлого нь нэмэгдэнэ. Хадгаламжид найдах биш банкны бусад олон бүтээгдэхүүнээ зах зээлд ашигтай ажиллуулах боломжтой болно.

 

Манай улсад хувийн тэтгэврийн сан байгуулах хууль эрх зүйн орчин бий юу?

Сан байгуулагдах боломж бол 2013 онд хуулиар баталгаажсан байгаа. Харин хэн ч энэ тогтолцоог бодит утгаар нь хэрэгжүүлээгүй байна. Яагаад гэвэл Монголын хөрөнгийн зах зээл нь олон бүтээгдэхүүнгүй. Бас туршлага дутуу байна. Хамгийн гол нь хуримтлал өгч байгаа хүмүүс татварын дараах орлогоосоо хөрөнгө оруулах боломжгүй байна. Тиймээс амьжиргааны зардлаа бодоод хөрөнгийн зах зээлд хөрөнгө оруулж чадахгүй байгаа юм.

 

Тэгвэл бид татварын өмнөх орлогоосоо хэдэн хувийг хувийн тэтгэврийн сан руу оруулж байх нь тохиромжтой бол. Шимтгэлээ төлчихөөд үлдсэнээс нь өгч чадахгүй байгаа юм чинь одоо нийгмийн даатгалын санд төлж байгаа хувиасаа тодорхой хэсгийг тэтгэврийн сан руу хийгээд байх нь. Хууль хэрэгтэй байх?

Хамгийн эхний бодит алхам бол одоо өгч байгаа даатгалын шимтгэлийнхээ нэг хувийг хувийн хөрөнгө оруулалтын санд өгье. Өөрөөр хэлбэл шинээр батлах хуулиндаа тусгаад явъя гэсэн үг. Одоо яригдаж байгаа хуулийн төсөлд түрүүний хэлснээр татварын дараах орлогоос хувь авах төсөл байгаад байгаа юм.

Ажил хийж байгаа хүнээсээ дахиад нэмж мөнгө авах гээд байна. Халамжийн систем үнэхээр ашиггүй гэдгийг өнгөрсөн хугацаанд бид хангалттай харсан шүү дээ.  Харин энэ системийн нэгхэн хувийг хуримтлал болгоод үзвэл иргэндээ ч санхүүгийн зах зээлдээ, улсын дийн засагт ч тун хэрэгтэй байгаа юм.

Бид уул уурхайн баялгаа тэгш хуваарилж, орлогыг иргэддээ өгнө гэдэг.  Баялгийг иргэддээ тэгш хуваарилж ирсэн гадны улс орнуудын жишээ бий. Англи, Норвеги улсаад нь 1970-аад онд энэ ажлыг нэг ижил түвшнээс эхэлсэн. Англи тэтгэмж хэлбэрээр өгөөд байсан. Харин Норвеги өнөөдөр нэг их наяд ам.долларын хуримтлалтай сууж байна. Яагаад гэвэл тус улс  нь мэргэжлийн хөрөнгө оруулалтын сан хэлбэрээр ажилласан. Дэлхийн ашигтай компаниудын хувьцааг худалдаж авсан учраас хуримтлалтай болж чадсан байна. Харин манай улс эргэлтэд ороогүй ордынхоо өмнөөс зээл авч мөнгө өгөх гээд байгаа нь буруу юм л даа. Ямар ч байсан шийдвэр гаргагчид энэ асуудалд нухацатай хандаж, ирээдүйг харсан шийдвэр гаргах цаг болсон гэж бодож байна.   

 

Эх сурвалж: Зууны мэдээ

Сэтгэгдэл

Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.