Тоёота компани энэ сарын 7-ы өдөр Лас Вегас хотноо зохион байгуулагдсан "CES" үзэсгэлэнгийн үеэр устөрөгчийн эрчим хүчээр ажиллах шинэ хот байгуулах төлөвлөгөөгөө танилцуулсан ба барилгын ажил ирэх оноос эхлэх ажээ. Шинэ хот 2000 оршин суугчтай байхаар төлөвлөгдсөн бөгөөд үүнд Тоёота компанийн ажилчид, тэдний гэр бүл, хөрөнгө оруулагчид, эрдэмтэн, судлаачид багтах юм. Оршин суугчдадаа ажиллаж, амьдрах аюулгүй, амар тайван, тав тухтай орчин бүрдүүлж, хамгийн гол нь хиймэл оюун ухаан, автомат жолоодлоготой автомашин, ухаалаг гэр гэх өндөр технологиудыг туршиж, амьдралд хэрэгжүүлэх гол талбар болох юм.
Хотод робот үйлдвэрлэлийг Японы уламжлалт модон байгууламжтай хослуулсан өвөрмөц загвартай модон байгууламж байгуулах ба дээврийг нь нарны эрчим хүчний үүсгүүр тавцангуудаар бүрэх аж. Үүнээс гадна устөрөгчийн эрчим хүчийг ашигласнаар нүүрсхүчлийн хийн ялгаруулалтыг бууруулж чадна гэж үзжээ.
Хотод бүрэн автомат жолоодлоготой машин, явган зорчигчид, цахилгаан скутер болон унадаг дугуй гэсэн гурван төрлийн чиглэлийн зам байх ба энэ нь бүрэн автомат жолоодлоготой машиныг туршиж, хөгжүүлэх бололцоог нэмэгдүүлэх юм. Түүнчлэн бүрэн автомат жолоодлоготой машин, нүүрсхүчлийн ялгаруулдаггүй машинаас өөр тээврийн хэрэгсэл хотоор зорчих боломжгүй гэнэ.
Хотын оршин суугчдыг өдөр тутмын амьдралд нь туслуулахаар өндөр технологийн сүүлийн үеийн робот, эрүүл мэнд, асрах үйлчилгээний наад захын дэмжлэг үзүүлэх мэдрэгчид суурилуулсан Ai системээр хангах аж. Мөн хотод цагдаагийн алба, гал түймэртэй тэмцэх хэлтэс, сургууль, амралт чөлөөт цагаа өнгөрөөх томоохон төв цэцэрлэгт хүрээлэн байгуулах ба хамгийн гол нь оршин суугчдын ажил амьдралын таатай орчинг бүрдүүлж, хиймэл оюун ухаан, бүрэн жолоодлоготой автомашин, робот, ухаалаг гэр гэх мэт өнөө үеийн шинэ технологийг амьдралд хэрэгжүүлж, хөгжүүлэх лаборатори байх нь хотын гол зорилго хэмээн Тоёота компанийн Судалгаа, Шинжилгээ, Хөгжлийн хэлтсийн гүйцэтгэх захирал Жэймс Каффнер хэлжээ. Энэ зөвхөн Тоёота компанийн ерөнхийлөгч Акио Тоёодагийн хүсэл эрмэлзэл биш. Эх орондоо улс төр, эдийн засгийн хувьд асар их өгөөж өгөх том бүтээн байгуулалт юм" хэмээн тэрээр үргэлжлүүлсэн юм.
Тус компаний ерөнхийлөгч Акио Тоёода "Хэрэв бид байгуулаад дуусчихвал бүх зүйл ороод ирнэ. Энэ миний маш том мөрөөдөл. Тоёота компани эх дэлхийгээ илүү сайхан газар болгоход үнэтэй хувь нэмэр оруулж байгаа гэж бид найдаж байна. "Woven City" жижиг байж болох ч маш их ач холбогдолтой, амласан амлалтаа биелүүлэхээр урагшаа алхаж яваа" хэмээн хэлжээ. "Хэдий жижиг талбайд баригдаж байгаа ч дэд бүтцийн хөгжлийг цогцлоосон, технологийн салбарыг тодорхойлсон, хотын бүтцэд дижитал үйлдлийн системийг холбосон онцгой бүтээн байгуулалт хэмээн бид харж байна. Оршин суугчид, барилга, тээврийн хэрэгслүүд бүгд хоорондоо мэдээллийн өгөгдөл, мэдрэгч, системээр дамжин холбогдож, хиймэл технологи, физикийн ухааныг хослуулсан шинэ нээлт бүтээх болно" хэмээн үргэлжлүүлсэн юм.
Автомашин үйлдвэрлэгч томоохон компаниуд автомашин, барилга, байгууламжийн дэлхийн цаг уурт нөлөөлөх нөлөө, уур амьсгалын өөрчлөлт, нүүрсхүчлийн хийн ялгаруулалтын эсрэг тэмцэж, өөрсдийн бүтээгдэхүүндээ ихээхэн анхаарч буй энэ үед Тоёота компани энэхүү ирээдүйн шинэ хотын төслөө танилцуулсан нь техник, технологийн хувьд тэднээс нэг алхам түрүүнд алхаж байгаагийн том илрэл болсон юм.
Хотын төлөвлөлт, зураг төслийг орон сууцны цогцолбор, уулын байгууламж, дэлхийн томоохон барилгын зураг төслийг хийж гүйцэтгэсэн BIG группийн үүсгэн байгуулагч, Данийн архитектор Бярке Ингелс гүйцэтгэхээр болжээ. Тэрээр Нью Йоркийн Дэлхийн Худалдааны Төвийн хос цамхаг, Цахиурын хөндий болон Лондон дахь Google компанийн төв байруудын загварыг гаргасан билээ. Өөрийн компанийн 400 гаруй мэргэжилтнүүдтэйгээ хамтран энэхүү ажлыг хичээнгүйлэн биелүүлнэ гэдгээ мэдэгдээд буй.
Мөн Тоёота компани тус хотын загварыг өөрийн улс орондоо барьж байгуулах, турших хүсэлтэй ямар ч компани, дэлхийн өнцөг булан бүрээс сонирхож буй эрдэмтэн, судлаач нартай хамтарч ажиллахад бэлэн гэдгээ илэрхийлжээ.