"Undercut"
Undercut гэдэг нь үснийхээ хоёр захыг хусаж дээд хэсэгт нь буй шулуун үснүүдээ хоёр тийш самнах явдал юм. Мэдээж, энэ төрлийн засалтыг хийхэд төрөл бүрийн гель, хөөс, лак ашиглах хэрэгтэй.
Яагаад алдартай вэ?
Энэхүү үс засалт нь ХХ зууны эхэн үед алдартай болсон бөгөөд тухайн үед ажилчин ангийн хүмүүст туршлагатай үсчингүүд олддоггүй байсантай холбоотой. Ингээд залуучууд төрөл бүрийн туршилт хийж, үсний уртыг нь өөрчилж байсан юм. Харин сүүлийн үед алдартнууд энэ үс засалтыг ихээр хийх болсон бөгөөд Дэвид Бекхэм Undercut үс засалтын шинэ урсгалыг гаргаж ирсэн юм. Уг үс засалт нь чихийг ил гаргадаг учир зөв чихний хэлбэртэй хүмүүст нэн тохиромжтой.
"Crew Cut"
Crew Cut бол бүх залуучуудад тохирох шилдэг үс засалт юм. Нас, эрхэлж буй ажил, мэргэжил, албан тушаал зэргээс үл хамаарч уг үс засалтыг хийх боломжтой. Сам эсвэл сэнс байхад л таны үс төгс харагдах болно. Хажуугийн богино үснүүд бага багаар дээшээгээ уртсах юм. Ялангуяа хэрвээ та шингэн үстэй бол энэхүү үс засалт илүү зохих бөгөөд орой дээрээ өтгөн мэт харагдуулдаг байна.
Яагаад алдартай вэ?
Crew Cut үс засалтыг хийхэд үс богино байх шаардлагатай учир онцгой арчилгаа шаардагдахгүй бөгөөд таны үс замбараагүй харагдахгүй юм. Чёлкыг нь хажуу тийшээ эсвэл урагш самнаж болно. Бүх төрлийн хувцаслалт, амьдралын хэв маягтай тохирно. Ялангуяа хуульч болон тамирчдад Crew Cut засалт зохино.
"Buzz Cut"
Зэвсэгт хүчинд хүчин зүтгэдэг залуучуудад ихээхэн тохиромжтой бөгөөд арчлахад хялбараас гадна эр зоригийг илэрхийлнэ. Хайчны тусламжгүйгээр зүгээр л үсний машин байхад л энэ төрлийн үс засалтыг хийх боломжтой. Үс үргэлж замбараатай сайхан харагдах бөгөөд нэмэлт үс арчилгааны бүтээгдэхүүн шаардахгүй. Бага зэрэг сахалтай байх нь энэхүү үс засалтыг илүү төгс болгож өгнө.
Яагаад алдартай вэ?
Урт үсэнд дургүй хүмүүст нэн тохиромжтой бөгөөд нэг засуулсан байхад хэсэг хугацаанд л та амар байх боломжтой. Богино учир буржгар үсийг мэдэгдүүлэхгүйгээс гадна ил харагдах халзан хэсгийг дарж өгнө. Үүнээс гадна богино үс нь ихэнхдээ сахилга батыг илэрхийлдэг учир тамирчидтай холбож үздэг байна. Тиймээс эр зоригийн илэрхийлэл болсон Buzz Cut нь эрчүүдэд маш ихээр таалагддаг аж.
"Side Part"
Өнгөрсөн зууны 50-аад оны үеэс алдартай болсон энэхүү үс засалт нь ажил хэрэгч дүр төрхийг бүтээдэг. Орой дээр байх үс нь хоёр хажуу талаар байх үснээсээ урт байх бөгөөд хөвсгөр байдал нь “язгууртан” дүрийг тодорхойлдог байна.
Хэдийгээр ажил хэрэгч, язгууртан төрлийн засалт ч Side Part нь залуучуудад илүү тохиромжтой. Үүнээс гадна өтгөн долгионтой үстэй залуус энэ засалтыг хийх боломжтой бөгөөд шингэн үстэй залуучуудад энэ нь тийм ч тохиромжтой харагдахгүй. Side Part засалт нь таныг үс засалтандаа маш их хугацааг зарцуулсан мэт харагдахгүй ч та үргэлж цэмбэгэр харагдах болно.
Яагаад алдартай вэ?
Энэхүү үс засалт нь анх гарсан цагаасаа эхлээд л алдартай байсан. Ажил хэрэгч, костюм өмсдөг залуучуудад гайхалтай тохирно. Өтгөн, цэвэрхэн загварлаг үс нь таныг аливаад нухацтай ханддаг болохыг илэрхийлэх бөгөөд бүсгүйчүүдийн анхаарлыг ихээр татна. Алдартай секс бэлгэ тэмдгүүд болох Жорж Клуни болон Леонардо Ди Каприо нар энэ төрлийн үс засалтыг илүүд үздэг байна.
"Tousled"
Хэдийгээр бага зэрэг замбараагүй харагдах хэдий ч залуучуудын дунд нэлээд алдартай үс засалтуудын нэг юм. Дунд зэргийн урт үстэй байхад энэ нь илүү сайхан харагдана. Төрөл бүрийн үс арчилгааны бүтээгдэхүүн болох гель, хөөс, лакны тусламжтайгаар энэхүү засалтыг хийх боломжтой.
Яагаад алдартай вэ?
Tousled засалт нь үс засалтын чиг хандлагын өөрчлөлтийг тодорхойлж байгаа бөгөөд залуу эрч хүчтэй, эрх чөлөөтэй байдлын бэлгэ тэмдэг болж байгаа юм.
"Long Round Layered"
Энэхүү үс засалт нь өтгөн, долгионтой үстэй залуучуудад илүү тохирно. Хайчны тусламжтайгаар үсний хэлбэрийг гаргадаг бөгөөд хойш самнах нь үсийг илүү өтгөн харагдуулдаг аж. Үсний уртаас хамаарч үс арчилгааны бүтээгдэхүүнийг сонгох хэдий ч сэнс ашиглах нь илүү тохиромжтой.
Яагаад алдартай вэ?
Энэ үс засалт нь ихэнхидээ хоккейчдын дунд алдартай. Учир нь үс засалтанд төдийлөн их хугацаа зарцуулахгүй. Long Round Layered үс засалт нь бүсгүйчүүдийн анхаарлыг маш ихээр татдаг юм. Спортлог бие галбир, өтгөн үс нь бүсгүйчүүдийн хувьд диснейн Тарзаны дур булаам байдалтай холбогдож харагддаг аж.
"Fade"
Бокс стилийн энэхүү засалт нь таны үсний ямар ч асуудлыг шийдвэрлэнэ. Хоёр хажуу талыг нь маш богино болгож тайрч, орой дээрх үсний урт нэмэгддэг байна.
Яагаад алдартай вэ?
Африк-америкчууд долгионтой үстэй учир энэ үс засалтыг илүүд үздэг. Тиймээс буржгар үстэй залуучууд энэ төрлийн засалтыг ихээхэн сонирхдог юм. Урд үс болон орой дээрх урт үсний засалт нь буржгар үсийг дардаг учир Buzz Cut засалттай холбоотой. Ихэнхи тохиолдолд Fade төрлийн үс засалт нь тамирчдад илүү ажиглагдана.