1
Буцааж авах өдрөө баттай болго
“Би боломжтой болохоороо буцааж өгье”, эсвэл “ Жилийн эцэс гэхэд буцаагаад өгнө өө” гэх мэт асуудал байж болохгүй. Ингэснээр зээлдэгч өөрийн хүссэн үедээ л таны мөнгийг буцааж өгнө. Бүр та “Чи боломжтой болохоороо л өгөөрэй гэсэн шүү дээ” гэсэн хариулт сонсож магадгүй юм. Тиймээс хэн нэгэнд мөнгө зээлэхээр шийдсэн бол таны мөнгө хэзээ халаасанд тань буцаж орох өдрийг заавал тооцоолж, баттай болгоорой.
2
Мөнгөө санаа зоволгүй нэх
Яагаад өөрийнхөө мөнгийг нэхэхээс төвөгшөөх ёстой гэж? Тэр хүн танаас мөнгө зээлснээ мартсан, эсвэл таныг өөрийг чинь мөнгө зээлдүүлсэн гэдгээ мартсан байгаасай ч гэж бодож байж магадгүй. Тиймээс их ч бай бага ч бай өөрийн мөнгийг санаа зоволгүй нэхэж, асууж сураарай.
3
Их хэмжээний мөнгө зээлдүүлсэн бол бага багаар төлөхийг нь зөвшөөр
Арав, хорин мянгыг бол асуудалгүй шууд л цагт нь төлчих байх. Гэхдээ мөнгөө буцааж авахдаа зээлдүүлсэн хүний санхүүгийн байдал, сарын цалинг нь бодолцох хэрэгтэй. Хэрэв зээлдүүлэгч таны мөнгийг бүгдийг нь нэг дор өгөх чадамжгүй, сарын цалин нь хүрэлцэхгүй бол хувааж төлөхийг санал болгоорой.
4
Мөнгө зээлдүүлэхдээ баталгаа гаргуулж ав
Энэ бол энгийн л зүйл. Та ямар нэгэн бичиг баримт бүрдүүлж, нотариатаар батлуулах шаардлагагүй. Үүнд цагаан цаасан дээр зээлдэгчийн зээлэх гэж буй мөнгөний хэмжээ, буцааж өгөх он сар өдөр, иргэний үнэмлэх дээрх мэдээлэл, мөн гарын үсэг нь байхад л хангалттай. Энэхүү баримт зээлдэгчийг баттай этгээд болохыг гэрчлэх болно.
5
Өөрийн шийдэмгий, хурц байдлаа харуул
Зээлдэгч танаас мөнгө зээлсэн гэдгээ, буцааж төлөх ёстой гэдгээ байнга санаж байх ёстой. Үүний тулд та түүнд байнга сануулж, шударгаар ойлгуулах хэрэгтэй.
6
Бололцоотой үедээ л хүнд мөнгө зээлдүүл
Хүнд мөнгө зээлэхгүй байлаа гээд та муу, амиа бодсон хүн болгохгүй. Харин ч бидэнд өөрийн гэсэн хэрэгцээ, шаардлага байдаг гэдгийн илрэл болно. Ажлаасаа завсардсан, эсвэл их хэмжээний торгууль төлсөн зэрэг мөнгөний зарлага ихтэй, мөнгөгүй үедээ хэн нэгэнд мөнгө зээлнэ гэдэг үнэндээ л хэцүү асуудал. Эсвэл зайлшгүй худалдаж авах ёстой зүйл байгаа бол өөрөөсөө харамлаад, хойш тавих хэрэггүй. Өөрийн мөнгөө өөртөө л зарцуул. Та тэдэнд мөнгө зээлэхээс өөрөөр тусалж чадна шүү дээ. Жишээлбэл өөр мөнгөтэй хэн нэгнийг санал болгох, мөнгө олох арга хэлэх гэх мэт.
7
Хүүтэй зээлэхээ битгий март
Хэрэв зээлдэгч мөнгөө хугацаанд нь төлөхгүй байвал хэмжээнд нь тохируулж хүү тооцоорой. Гэхдээ мэдээж хоорондоо зөвшилцвөл шүү дээ. Хүү тооцох нь зээлдэгчийг өрөө хурдан төлөх сэдэл төрүүлж, мөнгөө хурдан эргүүлж авахад тустай. Хэн ч илүү мөнгө төлөхийг хүсэхгүй шүү дээ.
8
Алдагдал хүлээж болохгүй
Хүнд мөнгө зээлэхэд хамгийн гол нь танд алдагдалгүй, харамсхааргүй байх ёстой. Заримдаа зээлдэгч таны мөнгийг буцааж өгөхгүй байх үе ч бий. Тиймээс өөртөө хэт ахадсан, томоохон алдагдал хүлээхээр их хэмжээний мөнгө зээлдүүлэхээс ямагт татгалзаж байгаарай. Бусдад туслах нь сайн үйл ч гэлээ өөртөө хохиролгүй байх нь хамгийн чухал шүү.