Солонгосын одод яагаад амиа хорлохыг хүсдэг вэ?

Өмнөд Солонгосын К-поп урсгал сүүлийн жилүүдэд асар хурдацтай хүчээ авч, дэлхий нийтэд хүрч эхэлсэн. Харамсалтай нь, тус улсын шинэ залуу уран бүтээлчид амиа хорлох үйлдэл олширсон нь, тэдэнд их хэмжээний дарамт шахалт, хүндрэл буйг илтгэж байгаа юм. "Yonhap News"-ийн мэдээлснээр Өмнөд Солонгос  амиа хорлолтын төвшнөөр дэлхийд 2-т жагссан байна. Үүнд нэр хүнд бүхий оддын тоо багагүй хувийг эзлэх болсон бөгөөд эл асуудалд саяхнаас анхаарал хандуулж, учир шалтгааныг тодруулжээ. 

Солонгосын одод яагаад амиа хорлохыг хүсдэг вэ?

"Kara" хамтлагийн дуучин Ан Сожин сэтгэл санааны гүн хямралаас болж 2015 онд цонхоороо үсэрсэн. Харин Ким Жонхён (Kim Jonghyun) 2017 оны 12 сард угаарын хийнд хордож амиа егүүтгэсэн. 2019 оны 10 сард Сулли урт хугацааны турш дээрэлхүүлсний эцэст мөн л амиа хорлосон. Харин 11-р сарын сүүлээр Гү Харагийн цогцсыг олсон бөгөөд тэрээр өмнө нь 3 удаагийн амиа хорлох оролдлого хийж байсан гэнэ. Сүүлд 12-р сарын 3-ны өдөр жүжигчин Ча Ин-Ха амиа хорлосон байдалтай олджээ. Энэ бол зөвхөн олны анхаарлыг хамгийн их татсан амиа хорлолтууд бөгөөд бодит байдал дээр маш олон одууд амиа хорлож байсан аж.

 

1 Сэтгэл зүйн хямралыг цаг тухайд нь анзаараагүй

"Yonhap News" -ын мэдээлж буйгаар солонгосчуудын амиа хорлож буй шалтгаанд сэтгэл санааны гүн хямрал, хувийн харилцаа, санхүүгийн хүндрэл, эрүүл мэндийн байдал болон сэтгэцийн асуудал багтаж байгаа гэнэ. Нийт амиа хорлолтын 31 хувь нь сэтгэл зүйн асуудлаас үүдэлтэй байжээ. 

Харин Солонгосын одуудын хувьд удаан хугацааны турш сэтгэл зүйн хямралд өртөж, үүнийгээ бусадтай хуваалцаж чаддаггүй учир ойр дотнынх нь хүмүүс анзаардаггүй байна. Жишээлбэл: Жонхён маш их ядарч, шантарч байгаа талаараа бичиж байсан. Харин Сулли цахим сүлжээний шоглоомын бай болсон бөгөөд түүний бичсэн нийтлэл бүрийг хэрэглэгчид шүүмжилж байсан. Гү Харагийн хувьд түүний сайн найзыгаа алдсандаа ихээр гуниглаж, эцэст нь амиа хорлосон байх магадлалтай аж. 

Үүнээс гадна зөвхөн сэтгэл санааны байдал төдийгүй аливаа бүтээлийг төгс хийхийн тулд нойр хоолгүй зүтгэх нь бас нэгэн шалтгаан болдог байна. 

Сэтгэл зүйн хямралыг цаг тухайд нь анзаараагүй

2 Одууд амралтгүй ажиллах хэрэгтэй болдог

2013 онд "Good Day" хамтлагийн гишүүн Ким Чэ Ён долоо хоногт 5 удаа шөнө дунд болтол бүжгийн бэлтгэл хийж байсан бөгөөд энэ нь ирээдүйд Psy-аас илүү алдартай болох зорилготой байсан гэнэ. Бэлтгэлдээ зориулж буй цаг хугацаагаа тэрээр өөрийнхөө ирээдүйд хөрөнгө оруулалт хийж байгаа хэрэг хэмээн хүлээн авдаг байжээ.

Ирээдүйн дуучин, жүжигчдийг бага байхаас нь тодорхойлдог бөгөөд тухайн хүүхдийг ирээдүйтэй, авъяаслаг гэж үзэж байвал 10-12 насанд нь хөгжмийн  компаниуд булаацалдаж авдаг байна. Ингээд ирээдүйн одын бэлтгэл эхэлж тэрээр дуу, бүжиг, англи хэлний сургалт, дугуйланд хамрагдана. Хүүхэд байхаасаа эхлэн тэд "спартан" дэглэмээр амьдарч эхэлдэг байна. Тэдэнд сургуулийн энгийн амьдрал, нийгмийн харилцаа, үеийнхээ хүүхдүүдтэй ижил байдлаар хөөрөх, хөгжилдөх боломж олдоггүй.

Дуу болон дууны үгийг тухайн компани өөрсдөө сонгодог бол, хоолны дэглэм болон амьдралын хэв маягийг тухайн агент сонгож өгдөг байна. Үүнээс гадна эдгээр сурагчид хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоотой болох ёсгүй, эмнэлгийн тусламж ч авах хориотой байдаг аж. Энэ нь компанийн нэр хүндэд сөргөөр нөлөөлнө гэж үздэг байна.

Одууд амралтгүй ажиллах хэрэгтэй болдог

3 Гэрээ байгуулсан тохиолдолд эрх чөлөө гэгч зүйлийг мартах хэрэгтэй

Ирээдүйн уран бүтээлч насанд хүрмэгц тухайн агенттай гэрээ байгуулдаг бөгөөд уг гэрээнд гадуур гарах, амрах зэргийг хориглодог аж. Таалагдаагүй тохиолдолд бүх зүйлийг орхиж явах боломжгүй. Учир нь гэрээг ихэнхдээ олон жилийн хугацаатай хийж, гэрээгээ цуцлах тохиолдолд их хэмжээний мөнгөн торгууль ногдуулахыг дурдсан байдаг.

Жишээлбэл: 2009 онд "TVXQ" хамтлагийнхан өөрийн ажил олгогчийг шүүхэд өгсөн байна. Ийнхүү шүүхэд өгөх болсон шалтгаан нь тэдэнд 13 жилийн турш хамтлагаа орхиж явах боломж өгөөгүй аж. Хамтлагийн дуучид өөрийн эрхийг хамгаалахыг оролдсон бөгөөд 3 дуучин хамтлагаасаа гарч чаджээ. Гэвч үүнээс хойш дуу хөгжмийн байгууллагын хууль дүрэм улам л чангарсан байна.

Мэдээж, нэг талаас энтертайнмент компаниудыг ойлгож болох юм. Тэд тухайн хүнийг бэлдэхийн тулд маш их цаг хугацаа боломж бололцоогоо зарцуулсан учир ашгаа хүртэхийг хүснэ.

Гэрээ байгуулсан тохиолдолд эрх чөлөө гэгч зүйлийг мартах хэрэгтэй

4 Тэд хэт их үүрэг, хариуцлага хүлээдэг

Нөгөө талаас одууд асар их өндөр хариуцлага үүрдэг бөгөөд тэд чанартай бүтээл гаргахаас гадна, үргэлж олны өмнө ил байдаг учир биеэ зөв авч явж, өөрийн үйлдэл бүрийг хянах хэрэгтэй болдог. Тэд хостой болох, ядарсан үедээ хүссэнээрээ амрах эрхгүй.

"JJCC" хамтлагийн гишүүн Принс Мак-ын хэлснээр 10 жилийн гэрээ байгуулах нь 20 жилийн турш эрх чөлөөтэй, өөрийн хүссэнээр амрах цаг хугацааг алддаг гэжээ. Үүнээс гадна орлогын 80-90 хувийг тухайн хамтлагийн хариуцагч компани өөртөө авдаг гэнэ. Мөн тэд ямар ч тохиолдолд эерэг хандлагатай байх хэрэгтэй. Солонгос дуучдын дуулж буй дууны үг нь ихэнхдээ аз жаргалтай, баяр хөөртэй амьдралыг илэрхийлдэг учир дуундаа тохирсон амьдралын хэв маягтай байх хэрэгтэй хэмээн зохиолч Жоан Макдональд хэлсэн байна.

“Одууд үргэлж стресс, дарамттай байдаг учир сэтгэл санааны хувьд таагүй байх нь ойлгомжтой. Тэдний талаарх мэдээлэл цахим сүлжээгээр цаг үргэлж тархаж, тэдний уналт нь алдрын оргилд хүрсэнтэй адил хурдан байдаг” ажээ.

Тэд хэт их үүрэг, хариуцлага хүлээдэг

5 Хувийн амьдрал зохиох боломжгүй

Оддын сэтгэл санаанд нөлөөлдөг бас нэгэн зүйл нь хувийн амьдрал зохих боломжгүйд оршино. Жишээлбэл: "SM Entertainment", "YG Entertainment" болон "JYP Entertainment" компанийнхан өөрийн дуучдыг хэн нэгэнтэй хайр сэтгэлийн холбоотой болохыг эрс хориглодог байна. Мэдээж, тэд нууцаар болздог боловч дараа нь өөрсдөө асуудалд ордог. Гү Харагаас жишээ авч үзье. Тэрээр найз залуугаасаа салсны дараа найз залуу нь секс хийж буй бичлэгээ цахим сүлжээнд нийтэлнэ гэж дарамталжээ. Харин Гү Хараг үзэн ядагсад үүнийг өөгшүүлсэн юм. Өмнө нь дуучин бүсгүй найз залуудаа хэд хэдэн удаа зодуулж байжээ.

Хувийн амьдрал зохиох боломжгүй

Ийнхүү дотно харилцаа, хосын амьдралыг эсэргүүцдэг учир эрэгтэй одууд сексийн дарамт учруулсан гэх хэрэгт ихээр өртдөг. Жишээлбэл: "CNN"-ийн мэдээлж байгаагаар, 11 сарын сүүлээр Чон Жун-ён болон Чой Жон-хун нарыг цагдаагийнхан хүчирхийллийн хэргээр баривчилсан гэнэ. Тэд "Burning Sun" клубд ажиллаж байхдаа бүсгүйчүүдийн уух зүйлд нойрсуулах эм хийж, дараа нь тэднийг дагуулан буудалд орж, бэлгийн дарамт учруулдаг байсан аж. Энэхүү нууц хэргийг "Big Bang"-ын экс гишүүн Сынри нууж байсан гэх таамаг бий. Тэрээр "Burning Sun" клубын хамтран эзэмшигч ажээ.

Үүнээс гадна одууд ямар ч хамгаалалтгүй байдаг бөгөөд тэд бэлгийн дарамт үзүүлсэн гэх гомдолд хэн ч итгэдэггүй байна. 2010 онд "Girls’ Generation" хамтлагийн Жессика энэ асуудалд өртсөн аж. 2011 онд Эли хүчирхийллийн хохирогч болсон ч хэрэгтэн олон нийтийн ажил хийж суллагдсан байна.

6 Одуудад хандах хандлага

Эцэст нь Солонгос одуудын амиа хорлодог гол шалтгаануудын нэг нь ялангуяа бүсгүйчүүдийн хувьд, тэднийг “амьгүй зүйл” мэтээр хүлээн авах явдал юм. Зургаан долоо хоногийн хугацаанд олны танил хоёр бүсгүй амиа хорлосон бөгөөд "The Guardian" сэтгүүлийн мэдээлж байгаагаар энэ нь одуудад хандах хандлагатай холбоотой аж.

Сулли сэтгэл санааны гүн хямралд орсон байсан бөгөөд ялангуяа феминистүүдийн үзэл бодлыг дэмжсэнээр ард түмний дургүйцлийг ихээр хүргэсэн. Ингээд бүсгүйг хорлох, үзэн ядах үйл ажиллагаа эхэлсэн аж. Энэ асуудалтай Гү Хара ч тулгарчээ.

Харин зарим охид зурагтын нэвтрүүлгийн үеэр инээгээгүй, феминизмийн талаар ном уншсаныхаа төлөө бусдын дургүйцлийг хүргэж байсан гэнэ. Учир нь өмнөд солонгост эцгийн эрхт ёс илүү давамгайлдаг гэж иргэд нь үздэг байна.

Өмнөд Солонгосын шоу ертөнц гэдэг бол үргэлж залуу, үзэсгэлэнтэй хүмүүсийг олонд танилцуулдаг бөгөөд улс орны бүхий л хүмүүс тэднийг шүтэн биширч, дуурайхыг оролддог. Гэрээ байгуулсан одууд өөрийн хэв маягийг цаг үргэлж хадгалж, орлогынхоо ихэнх хувийг агентууддаа өгөх ёстой.

Одуудад хандах хандлага

Өмнөд Солонгост одуудыг хувь хүн гэдэг талаас нь биш харин олон нийтийн хөрөнгө мэт хардаг учир тэдэнд энгийн амьдралаар амьдрах эрх байхгүй. Одууд доромжлолыг тэвчиж, морь нохой мэт зүтгэж хэзээ нэг өдөр эрх чөлөө ирнэ гэдэгт итгэж амьдрах хэрэгтэй болно. Тэд үргэлж өөрийн харьяалагдах компаниасаа төдийгүй, олон нийтийн дарамтад байдаг учир сэтгэл санааны гүн хямралд орж амиа хорлох алхмыг сонгоход хүрдэг байна. 

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()