"Escobar Fold 1" ухаалаг гар утсыг дэлхийн чиг хандлагад нийцүүлэн нугардаг дэлгэцтэй хийсэн бөгөөд 1920x1444 пикселийн харьцаатай, 7.8 инчийн AMOLED уян дэлгэцтэй. Мөн 6-8 гб багтаамжтай, найман цөмт "Snapdragon 855" процессортой, 16 болон 20 мегапикселийн хос камертай аж.
Харин баттерейн хүчин чадлыг 4000 миллампер-цаг хэмээн тодорхойлсон байна.
Нэмэлт төхөөрөмжийн хувьд хурууны хээ уншигч болон USB-C холбогчтой. "Escobar Fold 1" ухаалаг гар утас нь нэлээд өвөрмөц хийц загвартай бөгөөд Android 9.0 Pie үйлдлийн систем дээр ажилладаг. Үүнээс гадна 2 сим уншигчтай ба дэлхий дээрх бүх үүрэн холбооны сүлжээнд ашиглах боломжтой юм байна.
Зохион бүтээгчид нь тус гар утсыг эвдрэхгүй гэдэгт бат итгэлтэй байгаа аж. Дэлгэцийг шил биш тусгай хуванцар материалаар хийсэн учир эвдэхэд хэцүү гэнэ. Samsung, Apple-ийн гар утаснуудаас ялгарах бас нэг онцлог нь хакераас хамгаалах дээд зэргийн хамгаалалтын системтэй болохыг Роберто онцлон тэмдэглэлээ.
Харин "Escobar Fold 1"-ийн сурталчилгааг дотуур хувцастай халуухан моделиудаар хийлгэсэн нь олны анхаарлыг ихэд татаж чаджээ.
Роберто Эскобар цаашид гарах шинэ бүтээгдэхүүнүүдээ Apple-ийн бүтээлүүдээс ялгаатай байлгахаар шийджээ. Тэрээр Apple компани ухаалаг төхөөрөмж ашиглан хэрэглэгчдийг хуурч мэхлэн, энэ зах зээлд хүчээр хяналт тавьж байна хэмээн ярьсан байна.
"Escobar Fold 1" нь үнэтэй технологиос бүтсэн, техникийн өндөр үзүүлэлттэй ч, үнийн хувьд маш боломжийн тогтоогджээ. Үүнийг цахимаар ердөө 349 доллараар худалдаалах бөгөөд тооны хувьд хязгаарлагдмал буюу 100 мянган ширхэг л үйлдвэрлэгдэх юм байна.