1
Ди Анжело Рассел, Голдэн Стэйт Уорриорс баг руу
Ди Анжело Рассел Голдэн Стэйт Уорриорс багтай 4 жилийн 117 сая ам.долларын гэрээг байгуулжээ. Брүүклин Нэтс баг энэ улиралд 4 тоглогч солилцсоны нэг нь Ди Анжело Рассел байв.
2018-2019 оны амжилт: Рассел Брүүклинд 81 тоглолтод оролцохдоо 21.1 оноо, 3.9 самбар, 7 оновчтой дамжуулалтыг нэг тоглолтод дунджилж байжээ. Тэрээр 3 онооны оновчтой шидэлтийн тоогоор /234/ NBA-д 9-р байранд жагсаж байна.
2
Расселл Уэстбрүүк, Хьюстон Рокетс баг руу
Оклахома Сити Тандер баг энэ улиралд олон тоглогчдын солилцоо явуулсны нэг нь Расселл Уэстбрүүк байв.
2018-2019 оны хувийн амжилт: Тэрээр өмнөх улиралд OKC-ын бүх тоглолтонд оролцсоноос гадна, NBA бүх оддын нэг болсон юм. Түүнчлэн сүүлийн 3 улирлын турш трипл-дабл дунджилж (22.9 оноо, 11.1 самбар, 10.7 дамжуулалт) шинэ рекорд тогтоосон билээ.
3
Кавай Леонард, Пол Жорж - Лос-Анжелес Клипперс баг руу
ЛА Клипперс багт Леонард чөлөөт агентын гэрээгээр орсон бол бол Жорж солилцоогоор иржээ.
2018-2019 оны хувийн амжилт: Леонард Торонто Рэпторс клубыг хөтлөн NBA-д аваргалахдаа 26.6 оноо, 7.3 самбар, 3.3 ашигтай дамжуулалтыг дунджилсан бөгөөд нэг тоглолтод дунджаар 1.8 бөмбөг таслалт хийж байжээ. Харин Жоржын өмнөх улирлын дундаж 28 оноо, 8.2 самбар, 4.1 дамжуулалт, 2.2 бөмбөг таслалт байна.
4
Энтони Дэвис - Лос Анжелес Лэйкерс баг руу
Лэйкерс, Нью Орлеанс Пеликанс, Вашингтон Визардс багууд хоорондоо олон тоглогч солилцсон.
2018-2019 оны хувийн амжилт: Дэвисийн солилцооны хүсэлт өмнөх улирлын турш олны анхаарлын төвд байсан. Тэрээр нийт 56 тоглолтод 25.9 оноо авч, 12 самбар, 3.9 ашигтай дамжуулалт, 2.4 блок хийсэн дундаж үзүүлэлттэй тогложээ.
5
Лонзо Балл бусад тоглогчдын хамт - Нью Орлеанс Пеликанс багт
Лэйкерс, Нью Орлеан Пеликанс, Вашингтон Визардсын хоорондын тоглогчдын солилцоогоор Балл, Брэндон Инграм, Жош Харт нар Нью Орлеанс Пеликанс багт очжээ. Харин Деррик Фэйворс Юта Жазз багт солилцоогоор, ЖЖ Редик чөлөөт агентын гэрээгээр оржээ.
6
Крис Пол - Оклахома Сити Тандер
Хьюстон Рокетс, Тандер хоёрын хийсэн хэд хэдэн солилцооны нэг нь Пол байлаа.
2018-2019 оны хувийн амжилт: Пол өнгөрсөн улиралд 58 удаа тоглолтод оролцож 15.6 оноо авч, 8.2 ашигтай дамжуулалт өгчээ.
7
Майк Конли, Боян Богданович нар - Юта Жазз
Богданович чөлөөт агентын гэрээгээр, харин Майк Конли солилцоогоор Юта Жазз багт очжээ.
2018-2019 оны хувийн амжилт: Богданович өмнөх улирлыг 18 онооны дундажтай буюу харьцангуй тогтвортой тоглолтыг үзүүлж, Виктор Оладипог гэмтэл авсны дараа Пэйсерсийн ноён нуруу болж байв. Харин 2017-2018 оны улирлын ихэнхийг бэртэлтэй өнгөрүүлсэн Конли өмнөх улиралд карьертаа хамгийн өндөр буюу 21.1 оноо дунджаар авсан юм.
8
Кемба Уокер, Энес Кантер нар - Бостон Селтикс
Уокер солилцооны гэрээгээр, Кантер чөлөөт агентын гэрээгээр Бостон Селтикс багт иржээ.
2018-2019 оны хувийн амжилт: "Бүх одод" тоглогч Кемба өнгөрсөн улиралд Шарлотт Хорнетс багт карьерын дээд үзүүлэлт буюу 25.6 онооны дундажтайгаар тоглосон. Харин Кантер өмнөх улиралд Нью-Йорк Никс, Портлэнд Трэйлблэйзерс багуудад тоглохдоо 13.7 оноо, 9.8 самбар, 1.7 дамжуулалт гэсэн үзүүлэлттэй өндөрлүүлжээ.
9
Кайри Ирвинг, Кевин Дурант - Брүүклин Нэтс
Тэд хоёул чөлөөт агентын гэрээгээр Брүүклин Нэтс багт нэгдсэн.
2018-2019 оны хувийн амжилт: Ирвинг 23.8 оноо, 6.9 дамжуулалт, 1.5 бөмбөг таслалт гэсэн амжилттай тоглосон бөгөөд 6 дахь удаагийн Бүх оддын тоглолтод оролцсон. Харин Дурант Голден Стэйтийн гол тоглогчийн байр сууриа хадгалж, 26 оноо, 6.4 самбар, 5.9 дамжуулалт, 1.1 блок дунджилж байсан боловч Финалын цувралд шөрмөсөө гэмтээснээр улирлаа өндөрлүүлсэн юм.
10
Малколм Брогдон , Т.Ж.Уоррен - Индиана Пэйсерс
Уоррен Финикс Санс багаас солилцоогоор, Брогдон Милуоки багаас Индиана руу очихоор болсон юм.
2018-2019 оны хувийн амжилт: Уоррен Финиксийн багт 43 тоглолтод оролцохдоо дунджаар 18 оноо, 4 самбар, 1.5 ашигтай дамжуулалт хийсэн бол Брогдон бэртэлтэй байсан хэдий ч 64 тоглолтод 15.6 оноо, 4.5 самбар авснаас гадна 3 онооны шидэлтийн амжилт 42.6 хувьтай гэсэн амжилтыг үзүүлжээ.
11
Жимми Батлер - Майами Хит
Майами Хит, Портланд Трэйл Блэйзерс, Филадельфиа 76, ЛА Клипперс зэрэг дөрвөн багийн хооронд болсон солилцоогоор Батлерийг Майами Хит рүү шилжүүлжээ.
2018-2019 оны хувийн амжилт: Батлер өнгөрсөн улирлын эхний 10 тоглолтыг Миннесота Тимбервулвес багт хийсэн бөгөөд нэг тоглолтод дунджаар 21.3 оноо, 5.2 самбар, 4.3 дамжуулалт, 2.4 бөмбөг таслалт гүйцэтгэжээ. Гэвч бэлтгэлийн үеэр багийнхантайгаа зөрчилдсөн нь түүнийг явуулахад хүргэжээ. Филадельфиад очсоны дараа тэрбээр 18.7 оноо, 5.3 самбар, 4 оновчтой дамжуулалт дунджилсан байна.
12
Жулиус Рандл - Нью Йорк Никс
Нью-Йорк Никс баг чөлөөт агентийн гэрээгээр Уэйн Эллингтон, Элфрид Пэйтон, Реджи Буллок нарыг хамгаалагчаар, Таж Гибсон, Маркус Моррис, Бобби Портис нарыг довтлогчоор, Жулиус Рандлыг төвийн тоглогчоор авсан юм.
2018-2019 оны хувийн амжилт: Нью-Йорк Никс багийн шинэ нүүр царай болоод байгаа Рандл 2018-2019 оны улиралд дунджаар 21.4 оноо 8.7 самбар авсны зэрэгцээ 3 онооны шидэлтийг 34.4 хувьтай шидэж, хувийн дээд амжилт тогтоосон.
13
Ал Хорфорд, Жош Ричардсон - Филадельфи 76
Солилцоогоор Жимми Батлерыг Сиксерсээс Майами руу шилжүүлснээр Ричардсон Филадельфид багт очсон. Хорфорд өнгөрсөн гурван улирлыг Бостон Селтикс багт өнгөрүүлсний дараа Сиксерстэй чөлөөт агентын гэрээ байгуулсан.
2018-2019 оны хувийн амжилт: NBA-д ердөө 4 дэх улирлаа өнгөрүүлж буй Ричардсон драфтын хоёрдугаар тойргийн сонголтоос плэй-оффын багийн түлхүүр тоглогчдын нэг болж амжилтаа ахиулсан. Тэрээр нэг тоглолтод дунджаар 16.6 оноотой тоглосон бөгөөд гурван тоглолтонд 35-аас дээш оноо авсан юм. Хорфордын хувьд өнгөрсөн улиралд NBA-ын шилдэг төвийн тоглогчдын нэг гэсэн байр сууриа алдалгүй тоглосон юм.