Тус бүс нутагт оршин суудаг Якут, Хамниган хүмүүс бурхан тэнгэр хилэгнэж, дэлхийг сүйрүүлэхээр галт бөмбөг илгээв хэмээн итгэж байжээ.
Тэр үеэр Европын цаг уурын олон станцууд сейсмийн болон агаар мандлын чичирхийлэл хүлээн авсан байна. Хэдэн өдрийн дараагаас Европ болон Оросын тэнгэрт үүлс улаавтар өнгөөр гэрэлтэж, нар жаргах үеийн өнгө өөрчлөгдөн, шөнийн тэнгэр үл мэдэг туяарах зэргээр ер бусын үзэгдэл ажиглагдах болжээ.
Олон улсын хэвлэл мэдээллийнхэн галт уулын дэлбэрэлт гэж үзэж байсан бол, чичирхийллийн долгион тэмдэглэгдсэн Эрхүүд байрлах "Соронзон орон болон Цаг уур, Одон орон судлалын төв"-ийн захирал Аркадий Вознесенский тэргүүтэй Орос судлаачид үүнийг одон орны нөлөө хэмээн таамаглаж байлаа. Харамсалтай нь, тухайн үеийн Орос улсын улс төрийн тогтворгүй байдлаас үүдэн уг үйл явдлыг гүнзгийрүүлэн судлах боломжгүй байжээ.
1921 онд буюу 13 жилийн дараа Оросын Цаг уурын Институтын эрдэс судлаач Леонид Алексеевич Кулик "Транс Сибирийн галт тэрэгний зорчигчид эл үйл явдлыг нүдээр харсан төдийгүй халуун хэвээр байгаа солирын чулуулагт хүрч үзсэн" тухай нийтлэлийг уншаад энэ явдлыг ихэд сонирхжээ. Ингээд Кулик судлаачдын баг бүрдүүлэн Канск хотыг зорьж, орон нутгийн архиваас мэдээлэл цуглуулжээ. Галт тэрэгний зорчигчдын түүх мэдээж худал байсан боловч Канск хотын хойд хэсгээр ажиглагдсан дэлбэрэлтийн талаарх ерөнхий мэдээлэл авчээ. Судлаачдын багийнхан Алс холын Ванавара дах харуулын цэгээс эхлээд Ангар мөрөн дараа нь Тунгуска голыг даган тайгыг зүглэсэн байна. Ийнхүү 1927 оны 04 сарын 03-ны өдөр дэлбэрэлтийн ул мөрийг илрүүлсэн ба 1300 гаруй километр талбайн 80 гаруй сая модод тэр чигтээ газарт тэгшлэгдэж, устсан байж. Зөвхөн дэлбэрэлтийн төв хэсэгт зарим үхэжсэн, шатсан моддын үлдэгдэл босоо байдалтай үлдсэн байжээ.
Өнөө үеийн шинэ эрэл хайгуул
Дэлбэрэлт болсон газрын ойр орчмыг бүхэлд нь самнасан боловч ямар нэг нүх эсвэл солирын чулуулаг олдоогүй аж. 1927 оны намар, Куликийн урьдчилсан дүгнэлт дотоодын болон олон улсын сонинуудад хэвлэгджээ. Түүний бодлоор, төмрийн солир агаар мандалд дэлбэрснээр энэхүү сүйрлийг дагуулсан. Солирын ямар нэг ул мөр олдохгүй байгааг намгархаг газрын хөрсөнд дэлбэрэлтийн ором үлдэх боломжгүй хэмээн тайлбарлажээ. Бодит нотолгоо дутмаг байсан хэдий ч Кулик энэхүү үйл явдлыг тэнгэрт анх хурц гэрэл үзэгдсэн газар болох Филимоновын өртөөний нэрээр ‘‘Филимоновын Солир" (Filimonovo meteorite) гэж нэрлэсэн байна. Гэвч үүнийг түүхэнд "Тунгускийн үйл явдал" хэмээн тэмдэглэжээ.
Эл үйл явдлын талаар шинжлэх ухааны үндэслэлтэй баримт маш цөөн. 1928 оноос хойш дэлбэрэлт болсон газрыг 40 гаруй судлаачдын баг судалсан ба хөрс, чулуу, моддоос хүртэл дээж аван шинжилсэн ч тодорхой үр дүнд хүрээгүй. Зарим чичирхийллийн долгион болон агаарын даралтын долгион дэлбэрэлт болсны дараахан тэмдэглэгдсэн байдаг бол сүйрсэн ойн газар зүйн зураглал 30 гаруй жилийн дараа хийгдсэн байдаг. Бодитой баримт, мэдээлэл дутмагаас үүдэн олон янзын таамаглалууд гарсаар иржээ. 1934 онд, Зөвлөлтийн сансар судлаачид Куликийн судалгаанд үндэслэн Тунгускад солир унасан гэх дүгнэлт гаргажээ. Сүүлт од, солир ихэвчлэн мөснөөс бүтдэг тул дэлбэрэлтийн үеэр ууршиж, ямар нэг ул мөр үлдээгүй гэж үзсэн байна.
Инженер, шинжлэх ухааны зохиолч Александр Казанцев Хирошима, Нагасаки хотуудын жишээн дээр үндэслэн нэгэн ер бусын тайлбар дэвшүүлжээ. Тэрээр харь гарагийн гаралтай байж болзошгүй, мянган Хирошима бөмбөгтэй тэнцэхүйц хэмжээний цөмийн дэлбэрэлт Тунгускад болсон бөгөөд энэ нь Сибирт нисдэг таваг осолдсон эсвэл тодорхойгүй шалтгаанаар гараг хоорондын зэвсгээр галласан байх магадлалтай хэмээн таамагласан. 1973 онд Америкийн физикчид жижиг хэмжээний хар нүх манай гарагтай мөргөлдсөнөөр дэлхийн агаар мандалд материйн дэлбэрэлт болсон хэмээх таамаг дэвшүүлжээ.
1960 оноос хойш Тунгускийн үйл явдлыг газар доорх үзэгдлээр тайлбарлахыг оролдох болов. Зохиолч Жюль Вернийн нэрээр нэрлэгдсэн галт уулын хайлмаг эсвэл байгалийн хий газрын гүнээс оргилон гарах үзэгдлийн онолын дагуу бол, Сибирийн доогуурх магмын урсгал их хэмжээний галт уулын хийн бөөгнөрөл үүсгэж базальт давхаргын дунд хавчуулагдсан байна. Эцэст нь 1908 оны 6 сард, энэхүү хайлмалыг бүрхэж байсан чулуулаг давхарга хийн даралтын улмаас хайлж, хагарал үүссэнээр дараалсан хэд хэдэн дэлбэрэлт үүсэх шалтгаан болсон аж. Ингээд дэлбэрэлтээс үүдсэн химийн бодисын үлдэгдэл нь агаар мандалд тархаж дэлхийн хаа сайгүй үзэгдсэн өнгийн үүлийг бий болгожээ. Одоог хүртэл энэ бол онолыг хувьд хамгийн оновчтой тайлбар юм. Сибирийн нууруудад хийн бөмбөлгүүд олдсон хэдий ч тайгын хөлдүү хөрсний ялзмагаас олдсон органик бодисын метаны хий газрын гүнд байдаггүй. Геологичид бүс нутгийн хэмжээнд хайгуул хийсэн боловч Verneshots –ийн таамаглалыг нотлох баримт олдоогүй.
Хүлээн зөвшөөрөгдсөн тайлбараас үзэхэд энэхүү үйл явдлын гол шалтгаан нь сансар огторгуйн биет дэлхийн агаар мандалд орсноос болжээ. Энэ таамаглалыг гэрчлэх гол үйл явдлууд нь тайгад галт бөмбөлөг унасан, дэлбэрэлтийн дараа нано хэмжээний алмааз олдсон, металл болон силикатын үлдэгдлүүд, моддын хавтгайрсан байдал, нэг чигт дэлбэрэлт үүссэн байдал зэрэг юм. Энэхүү сансрын биетийн талаарх бусад мэдээлэл тодорхойгүй бөгөөд металл болоод силикатан үлдэгдлүүд дээр Тунгускийн соронзон чулуулгуудаас болоод химийн шинжилгээ хийх боломжгүй ажээ. 2007 онд Лука Гасперини (Luca Gasperini ) тэргүүтэй Болонийн Их Сургуулийн судалгааны багийнхан, Тунгускийн дэлбэрэлтийн улмаас нутгийнхны Чеко гэж нэрлэдэг бяцхан нуур бий болсон гэх таамаг дэвшүүлжээ. Чеко нуур бол тэр хавьдаа баймгүй гүнзгий, цэвдэг хайлснаас үүсэж тогтсон нуур бөгөөд 1908 оноос өмнө ийм нуур байсан талаарх мэдээ баримт байхгүй аж. Гэхдээ Тунгускийн үйл явдлаас өмнө энэ бүс нутаг тийм ч сайн газрын зураг хийгдээгүй байсан тул зарим эрдэмтэд энэ таамаглалтай санал нийлдэггүй.
Энэ үйл явдлаас хойш 100 гаруй жилийн дараа, маш цөөн мэдээ баримт үлджээ. Өнгөрсөнд болсон, баттай баримт байхгүй, эзгүй болсон газар нутагт хэдийнээ модод ургасан байх ба дэлбэрэлтийн ул мөрийг харж болох цөөн хэдэн хожуул л үлдсэн байдаг.