1
Жереми Микс гэж хэн бэ?
Жереми Микс нь 1984 оны 4 сарын 7-ны өдөр Калифорни мужид төржээ. Стоктон хотын цагдаагийн газраас түүний зургийг Фэйсбүүк хуудаснаа байршуулж эрэн сурвалжилснаар алдартай болгосон юм. Түүний зураг нийт 75,000 лайк, 20,000 сэтгэгдэл цуглуулсан аж.
Үүнээс хойш цэнхэр нүдэт дээрэмчин, Jail Bae зэргээр хочлогдох болсон тэрээр 2014 оны 6 сарын 18-нд галт зэвсэг хууль бусаар эзэмшсэн, баривчлах ажиллагаанд саад учруулсан хэргээр баривчлагдсан. Ингээд түүнийг суллахын тулд барьцаа 780,000 евро төлөх шаардлагатай болсон аж. Харин ээж Катрин нь хүүгийнхээ цахим орчинд түгсэн алдар нэрийг ашиглан GoFundMe дээр хандивын хуудас үүсгэн мөнгө цуглуулж эхэлжээ. Мэдээжийн хэрэг түүнийг батлан даалтаар суллуулах гэсэн бүсгүйчүүд олон байв.
Үүнээс өмнө Жереми хулгайн хэргээр 2002 оноос хойш 9 жилийн ял эдэлж байсан байна. Түүний шивээснээс үүдэн гэмт хэргийн бүлгэмийн гишүүн мөн гэж хүмүүс боддог байв. Хожим нь "KXTV" телевизэд өгсөн ярилцлагадаа Жереми өөрийгөө гэмт хэргийн бүлгэмийн гишүүн болохоо хүлээн зөвшөөрч машиндаа буу авч явдаг гэдгээ ч хэлжээ. Хамгийн сүүлд 2016 оны 03 сарын 18-нд дахин баривчлагдаад суллагдсан байна.
2
Загвар өмсөгч болсон нь
Суллагдсаны дараагаар тэрбээр загварын ертөнцөд оржээ.
Түүнд анх Лос Анжелесийн алдарт "White Cross Management" агентлагийн Жим Жордан санал тавьснаас хойш алдартай брэндүүдийн хамтран ажиллах саналд дарагдаж эхэлжээ.
185 см өндөр, цэнхэр нүдтэй, гоёмсог эрүү шанаатай тэрбээр жинхэнэ моделийн шалгуурт нийцэж байв.
Удалгүй Жереми Нью Йоркийн загварын долоо хоногийн тайзнаа алхаж, тансаг харшид амьдран, 120,000 еврогийн үнэтэй спорт машинаар гангарч эхэлжээ. Түүний хувийн инстаграм хаягийн дагагчдын тоо аль хэдийнэ 1.6 сая хүрээд байна.
3
Тэрбумтны охиныг уургалсан нь
Жереми нь гэрлэсэн, хоёр хүүхдийн эцэг нэгэн байв. Гэвч тэрбээр суллагдсаныхаа дараа, эхнэрээсээ салаагүй байх үедээ Туркд далайн эрэг дээр хувцас үйлдвэрлэлийн "Topshop" компаний өв залгамжлагч Клоэ Гринтэй үнсэлцэж буй зураг нь олон нийтийн сүлжээнд цацагдсан.
“Дэлхийн хамгийн халуухан гэмт хэрэгтэн” Жереми өв залгамжлагчийн төлөө эхнэрээсээ салснаар шүтэн бишрэгчдийнхээ дургүйцлийг нэлээд хүргэсэн ба тэр цагаас хойш эхнэртэйгээ уулзаагүй боловч хоёр хүүгийнхээ өмнө үүрэг хариуцлагаа хүлээсэн хэвээр байгаа юм. Клоэтой нийлэхээс ердөө гуравхан сарын өмнө л эхнэртэйгээ үнсэлцэж буй зургаа инстаграм хуудаснаа нийтэлж Валентиний баярын мэнд хүргэж байсан билээ.
"US Weekly" сэтгүүлээс 2018 оны 3 сард Клоэ Грин Жеремигийн хүүхдийг тээж буй талаар олон нийтэд мэдээлж байжээ. Үүнээс долоо хоногийн дараа Жеремиг үнэт эдлэлийн дэлгүүрээр явж байхыг харсан хүмүүс түүнийг найз бүсгүйдээ гэрлэх санал тавих гэж байна хэмээн таамаглаж байв.
Клоэ Грин 2018 оны 5 сарын 29-ний өдөр 28 настайдаа хүүгээ төрүүлсэн. Хосууд хүүхдээ төрүүлсний дараагаар Сардин арал руу явж романтик завьтай аялал хийжээ.
Хожим нь Клоэгийн аав Сэр Флип Грин Жеремиг Лос Анжелес дах өөрийн "Topman" маркетингийн компанид ажилд оруулснаас гадна засан хүмүүжүүлж, боловсрол олгох үүднээс сургуулийг нь ч төгсгөхөөр явуулжээ.
2018 оны 8 сарын сүүл гэхэд, тэрбумтны өв залгамжлагч бүсгүй ядам хуруундаа бөгж зүүсэн нь олон нийтэд илж болж шуугиан тарьсан юм. Үүний дараахан Жереми 8 жил хамт амьдарсан эхнэртэйгээ албан ёсоор гэрлэлтээ цуцлуулсан байна.
4
Хууралт ба салалт
Өнгөрсөн оны 11-р сард Жеремигийн хуучин эхнэр Мелиса өөрийн Инстаграмдаа түүнийг итгэж болохооргүй хүн хэмээн тодорхойлж, тэр ч байтугай одоогийн эхнэр Клоэг араар тавьж байгааг нь дэлгэжээ.
Тэрээр "Бүх зүйлийг минь эерэгээр хүлээн авч, урам зориг хайрладаг та бүхэндээ баярлалаа.. Миний амьдрал хэзээ хэзээнээс илүү сайн байгаа. Харин хуучин нөхөр маань хэдийн харилцаандаа үнэнч байж чадалгүй эргэж нийлэхийг хүсээд эхэлж. Харин би түүний тоглоом болохын оронд өөрийгөө хүндлэх ганцаар амьдрахыг илүүд үзэх болно" гэсэн нийтлэл оруулжээ.
Жереми, Клоэ хоёул бие биенийхээ ялгаатай талуудыг ойлгож харилцаагаа авч үлдэхийг хичээж байсан ч эцэст нь тэдний харилцаа салалтад хүрсэн юм. Клоэ өөр нэгэн итали эртэй аавынхаа завин дээр хамтдаа байгаа зураг цацагдсанаар нэлээд дуулиан тарьсан.
Эх сурвалжийн мэдээлснээр хосууд хоёр сарын өмнө салсан ч хоорондоо холбоотой хэвээр аж.