Сиа гэх нэр нь хоч, эсвэл тайзны нэр эсэхийг мэдэх хүн цөөн бол хиймэл үсэн доорх түүний жинхэнэ төрхийг мэдэх хүн бүр ч цөөн.
43 настай дуучин маань өнгөрсөн энэ оны гуравдугаар сард малгай, хиймэл үсгүйгээр Лос Анжелесд болсон “Daily Front Row Awards" шагнал гардуулах ёслолд ирсэн байна. Сиа нүүрнийхээ ихэнх хэсгийг далдалсан хиймэл үс зүүн, харин ам хэсгээ дуулах, ярихдаа чөлөөтэй байлгахаар ил гарган явдаг. Түүний ийнхүү нүүрээ далдлан явдаг болсон нь ганцаарчилсан үзүүлбэрээс нь болсон гэнэ.
Сиагийн бүтэн нэрийг Sia Kate Isabelle Furler гэдэг. 2010 он гэхэд тэрээр 5 цомог гаргасан бөгөөд студид дуулахаа больж, Beyonce, Kylie Minogue, Flo Rida, Rihanna зэрэг алдартай дуучдад дууны үг бичиж өгөхөөр шийджээ. Тэрээр дуучин Alicia Keys-д дуу бичиж өгсөн боловч түүний дууг дуулаагүй гэдэг.
Харин 2011 онд David Guetta-ын хамтаар “Titanium” дууг дуулснаар ихээхэн амжилт олсон юм. Сиагийн дуулсан хэсгийг David Guetta зөвшөөрөл авалгүйгээр гаргасан байж. Тэрээр энэ тухай 2014 онд NPR сэтгүүлд өгсөн ярилцлагадаа "ийм зүйл болно гэж огт бодоогүй, маш их бухимдаж байгаагаас гадна дуучныхаа ажлыг түр орхиж дууны үг зохиохоор шийдсэн" тухайгаа ярьсан байна.
Эл явдлын дараахан тэрээр царайгаа олонд ил гаргахаа больсон юм. Ийнхүү царайгаа нуух болсон тухайгаа тэрээр 2012 оны сүүл, 2013 оны эхээр уран бүтээлээ үзэгч олонд хүргэхдээ хиймэл үс зүүх бодолтой байгаагаа илэрхийлсэн байна. Тэрээр бясалгал хийж байхдаа өөрийгөө шаргал үстэй байж болох юм гэсэн санаа гарган, Эми Уайнхаус шаргал үстэй байхад би ч бас тэгж болно гэж шийдсэн гэж тайлбарлажээ.
2014 онд Сиа "1000 Forms of Fear" нэртэй 6 дахь цомгоо гаргасан байна. Цомгийнх нь гол дүр нь залуу бүжигчин Мэдди Зиеглер байсан билээ.
Тэрээр 2013 онд Billboard-д царайгаа нуух болсон шалтгаанаа дэлгэрэнгүй тайлбарлан бичжээ. Түүндээ, "хэрэв энгийн хүмүүс алдартай байх ямар байдгийг биеэрээ мэдэрч үзсэн бол тэд хэзээ ч алдартай болохыг хүсэхгүй. Үзэл бодлоо тулгадаг, ааш муутай хадам ээжийн зан байдлыг компьютер ашигладаг хүүхдүүдтэй нийлүүлээд нэг хүн болж байгаагаар төсөөл. Тэгээд маш их уйдсан, алдартнуудын амьдралыг сурвалжлах үүрэгтэй хүмүүсийг дээр нь нэмээд, тэд таныг цаг тутам, өдөр болгон шүүмжилж байгаагаар төсөөл. Энэ бол алдар нэртэй хүний амьдрал" хэмээн бичсэн байв.
2014 онд тэр Крим Коннеллийн “Nightline” шоунд оролцож байхдаа алдартай, олонд танигдах дургүй гэдгээ дахин хэлсэн байдаг. “Би олон нийтийн сүлжээнд бичигдсэнээр өөрийгөө үнэлүүлмээргүй байна. Алдартай дуучдын дууг бичин, тэдэнтэй найз нөхөд болж 2 жил гаруй болохдоо тэднийг хэрхэн амьдарч байгааг харсан учраас би тэдэн шиг амьдармааргүй байна. Камер байхгүй үед хиймэл үс зүүдэггүй, өөрийнхөөрөө байдаг” гэжээ.
Харин тэрээр улаан хивсний ёслол, үдшийн ток шоун дээр хиймэл үсгүй ирдэг.
Түүний царайгаа далдлан олны хараанаас далд байх гэсэн оролдлого нь нэг талаасаа аюулгүй байдлаа хангах, нөгөө талаасаа алдартай байх нь сэтгэцэд нь муугаар нөлөөлнө гэж үздэгтэй холбоотой аж. Тэрээр анх дуулж эхлэх үедээ хар тамхи, архинд донтож байснаас гадна сэтгэл санааны гүн хямрал, 2 туйлт сэтгэцийн өөрчлөлттэй гэж оношлогдож байж. 2010 онд амиа хорлох тухай ч бодож байсан гэжээ.
2016 онд Жеймс Кордены “Carpool Karaoke” нэвтрүүлэгт оролцож байхдаа Сиа өөрийн аюулгүй байдлын төлөө царайгаа нуудаг. "10 гаруй жил дуулж, амжилттай явж байгаа учраас аюулгүй байдлаа хангах шаардлага гардаг. Тэгээд би архи уухаа ч, дуучин байхаа ч болихоор шийдсэн яагаад гэвэл бага зэрэг алдартай болоход энэ бүхэн хяналтаас гарч эхэлсэн. Дараа нь харин поп хөгжимийн урсгалд юу дутуу байгаа вэ хэмээн бодож үзэхэд миний зүгээс ямар ч хариулт олдоогүй" гэж ярьж байжээ.