1
Нэг ханаа онцлох
Нэг ханаа бусдаас нь арай өөр байдлаар онцолж засах нь бага зардлаар өрөөнд өнгө нэмэх, харагдах байдалд томоохон өөрчлөлт оруулах нэг арга. Ялангуяа тод өнгө оруулвал шууд л харц булаах болно.
Нэг ханаа өөр өнгөөр будахаар гэж шийдсэн бол анхаарах хэдэн зүйл бий. Нэгдүгээрт, байршил. Ер нь бол аль ч ханаа өөрчилж болох ч тэр хана чинь ямар нэгэн зүйлийг онцгой харагдуулж байвал илүү зүгээр. Тухайлбал, том өрөөний сервантны арын хана эсвэл тавиуртай талдаа ч юм уу. Унтлагын өрөөнд бол орны толгой харсан талын хана хамгийн зөв сонголт юм.
Гоо зүйн талаа бас бодолцож үзэх хэрэгтэй. Ихэнхдээ тод өнгө шинэлэг харагдах ч заавал тод өнгө сонгох хэрэгтэй гэсэн үг биш. Хар, шоколадан бор юм уу бараан өнгө ч зүгээр. Шинэлэг орчин бүрдүүлэхэд обойны хээ, загварыг ашиглах нь хамгийн зөв сонголт бөгөөд хээтэй плита, модон хавтан ч ашиглаж болно.
2
Жижиг хэрэгслүүдийг янз бүрээр хослуулах
Өрөөнд өөр өөр бүтэцтэй зүйлс тавьснаар нэгэн хэвийн уур амьсгалыг өөрчилнө. Ор, буйдан дээрх дэрнүүдээ янз бүрийн материал, хэлбэр дүрс, өнгөөр уусгаж тавьснаар илүү загварлаг харагдана. Гэрлийн бүрхүүл ч мөн гэрт томоохон өөрчлөлт оруулах зүйл бөгөөд төмөр, нэхмэл утсан гэх зэргээр янз бүрийн материалтайг сонгох хэрэгтэй.
Бүтцэд анхаарч сонголт хийх нь харьцангуй хэцүү байж магад. Энэ тохиолдолд тухайн зүйл ямар мэдрэмж төрүүлэхээр харагдаж байгааг бодоод үзээрэй. Жишээ нь дээрх зургаас кофены ширээг харахад хатуу санагдаж байгаа бол буйдан дээрх хөнжил ямар зөөлөн болох нь мэдрэгдэж байгаа биз.
Иймэрхүү эсрэгцлийг сайн тохируулж чадвал амжилттай интериор дизайнд тооцогдоно. Төсөвтөө тааруулж сонголт хийхээр бол одоо өрөөнд байгаа зүйлсээ ажиглаад түүнтэй эсрэгцэх материалтай зүйлсийг сонгож аваарай. Мөн нэг өрөөнд байгаа зүйлээ нөгөө өрөөндөө оруулж болох л юм, ямар ч зардалгүй өөрчлөлт оруулна шүү дээ.
3
Гэрэлтүүлэг нэмэх
Зөвхөн таазан дээр л гэрэлтэй байх бус, өрөөний булан бүрт гэрэлтүүлэг хийх хэрэгтэй. Хана, шалны гэрэлтүүлгийг ашигласнаар төв хэсгээр гэрэл төвлөрөх бус өрөө жигд гэрэлтэй харагддаг.
Дөрвөн төрлийн гэрэл байдаг. Үүнд:
- Натурал: Гаднаас цонх, хаалгаар орж буй байгалийн гэрэл.
- Төв: Өрөөг бүхэлд нь гэрэлтүүлэгч ба ихэнхдээ таазны гэрэл.
- Тодруулагч: Өрөөний аль нэг хэсэг рүү л тусч, бусдаас ялгаруулах гэрэл.
- Зорилтот: Ширээний чийдэн, ном уншихад зориулсан гэх мэт ямар нэг зүйлд зориулсан гэрэл.
Өрөө тань эдгээрийн зохицол байх ёстой. Өрөөндөө байхгүй гэрлийг аваад тавиад үз, дараа нь өрөө чинь ямар өөр болохыг хараад чи гайхшрана.
4
Харагдах байдлыг өөрчлөх
Кофены ширээ, номын тавиур, ханын тавиур зэрэг тавилгуудад илүү загварлаг хэв маяг оруулах шаардлагатай. Гэртээ байгаа зүйлстээ бага зэргийн хэв маяг оруулах эсвэл арай загварлагаар байршуулснаар багагүй өөрчлөлт хийж болно. Үүнд заавал дэлгүүр явах шаардлагагүй, эхлээд гэр доторхоо ухаад үзээрэй.
Өөрөөр хэлбэл тавилга, чимэглэлээ албаар тэгж тавьсан мэт харагдуул гэсэн үг. Энэхүү шийдэлд яаж байрлуулах нь сонин биш, харин тэдний өнгө, хэмжээ, загварыг харгалзан өөр өөр зүйлсийг хэрхэн хоршуулах уу, санаандгүй мэтээр сондгой тоогоор тавих уу гэдэгт байгаа юм. Шаардлагатай бол дизайны загвар, шийдлүүдийг харж байгаад санаа авч болно шүү дээ.
Гэртээ өөрчлөлт хиймээр санагдах үе хүн болгонд л тулгарна. Тэр үед өрөөгөө бүхэлд нь өөрчилөх гэж мөнгө цуглуулж, цаг алдах шаардлагагүй. Харин хэв маягт нь багахан өөрлөлт хийж шинэлэг уур амьсгал нэмэх нь хамгийн зөв шийдэл байх болно. Тиймээс дараагийн удаа гэртээ ямар нэг өөрчлөлт хиймээр санандвал иймэрхүү зөвлөмжүүдийг туршаад үзээрэй. Бага зардлаар хүссэн өөрчлөлтөө хийхэд тань тусалж магад.