ХААН Банкны хувьд агаар, орчны бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч, айл өрхүүдэд зориулан Ногоон зээлийн бүтээгдэхүүн санал болгож байна. Мөн түүнчлэн ХААН Банк нь Монголын арилжааны банкуудын хамтран хэрэгжүүлдэг байгаль орчин, нийгэмд ээлтэй үйл ажиллагаа нэвтрүүлэх, тогтвортой санхүү, ногоон зээл, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилготой Тогтвортой санхүүжилт (ТоС)-ийн хөтөлбөрийн Манлай банкаар 2019 онд сонгогдон ажиллаж буй юм.
Монгол Улсын Засгийн газрын дээрх шийдвэрийг дэмжин хамтран ажиллахаар ХААН Банкнаас гэр хорооллын бүсэд амьдардаг иргэдэд цахилгаан халаагуур, эко ариун цэврийн байгууламж, дулаалгын материал худалдан авахад нь зориулж, аялал жуулчлалын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүдэд цахилгаан халаагуур, нарны эрчим хүчээр ажилладаг гэрэлтүүлэг, бага оврын цэвэрлэх байгууламж байгуулах болон эрүүл ахуйн шаардлага хангасан тоног төхөөрөмж худалдан авах /Автомат аяга таваг угаагч, халдваргүйжүүлэгч тоног төхөөрөмж, ундны ус цэвэршүүлэх тоног төхөөрөмж гэх мэт/ зэрэгт зориулсан хөнгөлөлттэй нөхцөл бүхий “Ногоон зээл”-ийг энэ сарын 2-ны өдрөөс тус тус олгож эхэллээ.
Тодруулбал, монгол гэр болон, байшинд зориулсан төхөөрөмж авах эсэхээс шалтгаалж иргэдэд 15 сая төгрөг хүртэл хэмжээтэй, 30 сарын хугацаатай зээлийг жилийн 8 хувийн хүүтэй өгөх бол аялал жуулчлалын чиглэлээр бизнес эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд 200 хүртэлх сая төгрөгийн зээлийг 60 сарын хугацаатай, мөн жилийн 8 хувийн хүүтэйгээр олгох юм. Зээлдэгчид тавигдах шалгуурын хувьд банкнаас тавигдах үндсэн шаардлагуудаас гадна ХААН Банктай хамтран ажилладаг бэлтгэн нийлүүлэгч аж ахуйн нэгжээс цахилгаан халаагуур, дулаалгын материал, эко ариун цэврийн байгууламжийн бүтээгдэхүүнээ сонгосон байх шаардлага тавигдах аж. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас энэ төрлийн зээлийн хүүнд 9 хувийн хөнгөлөлт үзүүлж, улсын төсвөөс санхүүжүүлж буй нь байгаль, орчин нийгэмд ээлтэй, тогтвортой хөгжил, ногоон эдийн засгийг дэмжиж буйн нэг илэрхийлэл юм.
Уучлаарай энэ мэдээнд oдоогоор
сэтгэгдэл бичих боломжгүй байна.