10
Ал Капони (Al Capone)
Ал Капони нь "Сорвит" хэмээх хочоороо олны танил болсон нэгэн. Мафийн толгойлогч, гэмт хэргийн босс, бизнесмэн тэрээр 1899 оны 1 дүгээр сарын 17-нд Нью Йорк хотын Брүүклин дүүрэгт төржээ. "Chicago Outfit"-ийг хамтран үүсгэн байгуулж 33 нас хүртлээ долоон жилийн турш толгойлсон. "Валентины өдрийн хядлага"-ыг удирдаж байснаар нь хүмүүс сайн мэддэг ба энэ үеэр өөр дээрмийн бүлгийн долоон хүний аминд хүрсэн байдаг.
1931 онд татвараас зугтсан хэргээр баригдаж, 11 жилийн ял сонсчээ. Шоронд байх хугацаанд нь тэмбүү өвчнөөс үүдэлтэй сэтгэцийн өөрчлөлт илрэх болсон. Шоронгоос суллагдсаныхаа дараахан харвалт өгч улмаар 1947 оны 1 сарын 25-ны өдөр зүрх нь зогсож нас баржээ.
9
Багси Сийгл (Bugsy Siegel)
1906 оны 2-р сарын 28-нд Еврэй-Америк гаралтай мафийн толгойлогч Бенжамин Багси Сийгл Нью-Йорк хотын Брүүклин дүүрэгт төржээ. Тэрээр танхай балмад үйлдлээрээ цуутай од төдийгүй Лас Вегасын цуутай "Стрип" гудамжийн үүсэл, хөгжилд чухал үүрэг гүйцэтгэсэн нэгэнд тооцогддог. Мафийн толгойлогчоор ажиллаж байх хугацаандаа Америкийн мафи, тэр дундаа Үндэсний Гэмт Хэргийн Синдикатад нэлээд нөлөөтэй байсан. Архины хорионы үеэр хууль бус наймаа эрхлэхээс гадна "Murder" компанийн үүсгэн байгуулагч, удирдагчдын нэг байжээ.
Багси Сийгл нь хүчирхийлэл, буудалцааны хэргүүдээрээ танигдсан гэхэд болно. 1939 онд мафийн толгойлогч Харри Грийнбергийн амийг хороохоор завдсан хэргээр шалгагдсан ч 1942 онд гэмт хэрэгт холбогдолгүй гэсэн шийдвэр гарсан. Түүнийг 1947 оны 6-р сарын 20-нд Калифорний Виржиниа Хилл-д найз охиныхоо гэрт байхад нь түүнийг буудан хороожээ.
8
Артур Саймон Флегенхаймер (Arthur Simon Flegenheimer)
1901 оны 8-р сарын 6-нд Нью Йорк хотод төрсөн Артур Саймон Флегенхаймэр нь "Dutch Schultz" гэсэн нэрээр амьдардаг байжээ. Тэрээр Америкийн мафи дахь цор ганц Итали бус гаралтай мафийн бүлгэмийг толгойлж байсан юм. 1935 онд Лаки Лучиано татвараас зайлсхийсэн хэргээр шалгагдаж эхлэхдээ өөрийн бүлгээ хэдэн хэсэгт хувааснаар нэгийг нь Флегенхаймэр толгойлох болжээ. Түүнийг сэргэлэн ухаантай, огцом зан авиртай нэгэн байсан гэдэг. АНУ-ын Мафитай тэмцэх газрын прокурор Томас Дюви рүү халдсан нь түүний алдаа болсон аж. Үүнээс хойш түүнийг асуудал үүсгэж болзошгүй нэгэн гэж тандах болж, улмаар 1935 оны 10-р сарын 24-нд Нью Жерси мужийн Нью-Арк хотод буудан хороожээ.
7
Дон Карло Гамбино (Carlo Don Carlo Gambino)
"Загалмайлсан эцэг" гэгдэх тэрээр 1902 оны 8 дугаар сарын 24-ний өдөр Сицилийн Палермод төржээ. Анх 19 насандаа аллага үйлдэж Коса Нострагийн бүлгэмд элссэн. Багси Сийгл , Фрэнк Костелло нарын хамтаар Лаки Лучианогийн удирддаг ‘Залуу Туркүүд’ бүлгэмийн гишүүн байсан. Дараа нь "Mangano" хэмээх гэмт хэргийн өөр нэг бүлгэмд харьяалагдах болсноор мөнгө хүүлэх, хууль бус мөрийтэй тоглоомын сүлжээг хариуцдаг байжээ. 1957 онд цуут Алберт Анастасиа алагдсанаар тэрбээр "Mangano" бүлгийн толгойлогч болж бүлгийнхээ нэрийг "Gambino" болгон өөрчилсөн. Тэрээр уг гэмт хэргийг бүлгэмийг 20 жил удирдаж 1976 оны 10-р сарын 15-нд Нью Йоркийн Массапекуад таалал төгсчээ.
6
Фрэнк Лукас (Frank Lucas)
1930 оны 9-р сарын 9-нд Хойд Каролина мужийн Ла Гранжид төрсөн Франк Лукас нь өсвөр насандаа дээрэмчин Бампи Жонсонтой найзууд болжээ. Жонсоныг өөд болсны дараа Лукас Итали-Америк гаралтай мафийн хар тамхины сүлжээний монополийг халж, өөрийн гэсэн сүлжээг үүсгэсэн нь 20-р зуундаа томоохонд тооцогдох болсон юм. Тэрээр Америкийн Армийнханд геройн үнэгүй өгөх болсноор цэргийн онгоцнуудыг хар тамхины тээвэрлэлтдээ ашиглах болжээ. Төлөвлөсөн гэмт хэргээ бүтээхийн тулд үйлддэг хэрцгий хүчирхийллээрээ түүний бүлгийнхэн алдартай. 1975 онд түүнийг хар тамхи зөөвөрлөсөн зуу гаруй хэрэгт яллан хорьжээ. Гэсэн хэдий ч тэрээр Мансууруулах бодистой тэмцэх албаныхантай тохиролцож чадсан нь 70 жилийн хорих ял сонссон ч ердөө тавхан жилийн дараа буюу 1981 онд суллагдсанаар тодорхой болсон юм.
5
Жон Готти (John Gotti)
Жон Готти 1940 оны 10-р сарын 27-нд Нью Йорк хотын Бронкст төржээ. Дөнгөж 12 настайгаасаа Карминь Фатикод ажиллах болсон тэрээр Гамбино бүлгийн гишүүн байсан ч Фатикогийн бүлгийхэнтэй нийлж героин зарах болсон байна. Ийм үйлдлийг урвалтад тооцдог Гамбино бүлгийнхэн түүний тухай 1985 онд олж мэджээ. Баригдсаныхаа дараа гарах үр дагавраас айсан тэрээр Гамбино бүлгийн толгойлогч болох зорилгоор Пол Кастелланогийн аллагыг зохион байгуулжээ. Улмаар 1992 онд гэмт хэргүүд нь илрэн баригдаж, аллага зохион байгуулсан, рекет, мөнгө угаах, удаа дараа хүний амь бүрэлгэсэн хэргээр яллагдсан. Шоронд орсноор түүний бий болгосон ‘Тефлон Дон’ бүлгэм нь нуран унажээ. 2002 онд хоолойны хавдраар нас барсан байна.
4
Вито Риццуто (Vito Rizzuto)
Сицилийн мафи зөвхөн Итали, Америкт цэцэглээгүй, Канадад ч бас салбарлан хөгжиж тэндэхийг Вито Риццуто толгойлдог байжээ. 1946 оны 2-р сарын 21-нд Сицилийн Каттолика Эрашиад төрсөн тэрээр эцэг эхийн хамт 1954 онд Канадын Монреал руу нүүсэн. Тэрээр өөрийн аав болох "Котрони" гэмт хэргийн бүлгэмийн толгойлогч байсан Николо Риццутогийн замналыг үргэлжлүүлэх болсон. Түүний үйлдсэн гэмт хэрэг нь рекет, мөнгө хүүлэлтээр зогсохгүй "Бонанно" бүлгийн гурван удирдагчийн амийг бүрэлгэхэд гар бие оролцжээ. 2003 онд баривчлагдсан хэдий ч 2012 он хүртэл хоригдоогүй байдаг. Риззуто нь 2013 оны 12-р сарын 23-нд 67 насандаа Монтреалын нэгдсэн эмнэлэгт уушгины хавдраас болж амьсгал хураажээ.
3
Винсент Гиганте (Vincent Louis Gigante)
Винсент Гиганте нь ‘Этгээд эцэг’, ‘Халаад’, ‘Халаадтай Тааварлашгүй этгээд’, ‘Нью Йоркийн жинхэнэ эцэг’, ‘Эрүү’ зэрэг олон сонирхолтой хочтой байсан юм. 1928 оны 3-р сарын 29-нд Нью Йоркийн Манхэттанд төрсөн тэрээр бусад толгойлогчдоос ялгаатай нь гэр бүлээсээ мафитай холбогдсон анхны хүн нь байжээ. Өсвөр насандаа хэсэгхэн хугацаанд хөнгөн жингийн боксчины карьер нь амжилттай байсан ч тэрээр удалгүй Женовын гэмт бүлгийг нэлээд алдартай болгожээ. Пол Кастелланогийн аллагын дараа Гиганте нь Женовын гэмт хэргийн бүлгэмийн толгойлогч болжээ. Энэ нь түүнд Capo di tutti Capi (боссуудын босс, толгойлогчдын толгойлогч) нэрийг авчирсан байна. Насанд хүрсэн цагаасаа эхлэн сэтгэлзүйн өвчинтэй тэмцэж ирсэн тэрээр 1997 онд рекит, аллага зэрэг хэд хэдэн хэргээр яллагдан 10 жилийн хорих ял сонсчээ. Шоронд байх хугацаандаа биеийн байдал нь муудсаар 2005 оны 12-р сарын 10-нд нүд аньсан байдаг.
2
Никодемо Скарфо (Nicodemo Domenico Scarfo)
‘Жижиг Ники’, ‘Алуурчин’, ‘Заналт Ники’ хочит Никодемо Скарфо нь 1929 оны 3-р сарын 8-нд Нью Йорк хотын Брүүклин дүүрэгт төрсөн. Женовын гэмт хэргийн бүлэглэлийн бүтээгдэхүүн тэрээр 1950-аад оны эхэн үеэр өөрийн гэсэн мөрийтэй тоглоомын газрыг ажиллуулдаг байв. Дараа нь Филаделфийн гэмт хэргийн бүлгэмийн толгойлогч болжээ. Түүнийг мэдэх хүмүүс нь цэвдэг сэтгэлтэй, нарциссист (биеэ хэт дөвийлгөх өвчтэй) хэмээн тодорхойлдог. Үл хөдлөх хөрөнгийн томоохон арилжаа эрхлэгч Виллард Раусаас 1 сая доллар хүчээр салгах гэж дарамталсан нь түүний уналтын шалтгаан болсон. Раус Холбооны Мөрдөх Товчоонд (FBI) мэдээлэл өгснөөр Скарфог барьж авч чадсан байдаг. Эхлээд энэ хэрэгт нь түүнд 14 жилийн хорих ял төлөвлөж байсан ч 9 аллагын хэрэг, Харри Риккобеныг удаа дараа хороохыг завдсан зэрэг хэргүүд нь илэрснээр нийт 45 жилийн хорих ял сонссон. Скарфо нь 2017 оны 1-р сарын 13-нд Атланта мужийн шоронд ял эдлэж байхдаа өөд болжээ.
1
Сальваторе Рийна (Salvatore Toto Riina)
Бүх цаг үеийн хамгийн хэрцгий толгойлогчдын нэг тэрээр 1930 оны 11-р сарын 16-нд Сицилийн Корлеонд төрсөн, Сицил дахь мафийн толгойлогч юм. Гэмт хэргийн замналынхаа үед тэр өөрийн гараар 40 гаруй хүнийг цааш нь харуулж, зуу гаруй аллага захиалжээ. Тэрээр мафийн эсрэг байдаг хэд хэдэн прокурорыг хөнөөхийг даалгасан байдаг. Харамсалтай нь энэ үйлдэл нь түүний баривчлагдах шалтгаан болмон аж. Олон тооны аллага бүхий хэд хэдэн хэргээр түүнд бүх насаар нь хорих ял оноосон. Парма дахь шоронд хоригдож байх хугацаандаа эмнэлэгт нь хоёр удаа хагалгаанд орж, улмаар комд орсон байна. 2017 оны 11-р сарын 17-нд 87 насныхаа төрсөн өдрийн маргааш өөд болжээ. Тэрээр нас барсныхаа дараа ч хамгийн хэрцгий толгойлогчийн байр сууриа алдаагүй юм.