Японы тайван нийгмийг цочроосон "Аум Шинрикё" бүлгэмийн аймшигт түүх

1995 оны 3-р сарын 20-нд Токио хотын метроны гурван буудалд хорт хий ашигласан халдлага болж, 13 хүн амиа алдаж, 50 хүн гэмтэл авсан хэрэг гарсан билээ. Хэзээнээс аюулгүй, тайван байдгаараа гайхагдсан Японы нийгмийг цочроосон энэхүү террорист халдлагыг "дэлхийн төгсгөл"-д итгэдэг шашны бүлэглэл болох "Аум Шинрикё" үйлдсэн юм.

Японы тайван нийгмийг цочроосон "Аум Шинрикё" бүлгэмийн аймшигт түүх

1 Халдлага

Токио хот, 1995.03.20, өглөөний их түгжрээний үе.

Дэлхийн хамгийн завгүй тээврийн хэрэгслийн нэгт тооцогддог метрогоор сая сая зорчигчид орж гарсан хаврын нэгэн өглөө байлаа. Энэ үеэр нэгэн аюултай шашны бүлгэмийн гишүүд аль хэдийн мэдрэлд нөлөөлөгч шингэн химийн бодисоор дүүрэн таван цүнхийг галт тэргэнд үлдээсэн байв.

Цүнхнээс шингэн асгарахад зорчигчид нүд нь хүчтэй өвдөхийг мэдэрч эхэлжээ. Хормын төдийд хохирогчид ханиалган хахаж, бөөлжиж, зарим нь юм харахаа больж бие нь мэдээ алдаж эхэлсэн байна. Гурван шугамын метронд гарсан нийт таван халдлагаар 13 хүн нас барж, 5,800 орчим хүн эмнэлэгт хүргэгджээ.

Халдлага

Тус химийн бодис нь Сарин гэж нэрлэдэг нацистуудын гаргаж авсан мэдрэл нөлөөлөгч бодис байжээ. Энэ нь Японы түүхэнд дотроосоо хийгдсэн хамгийн аймшигт террорист халдлагад тооцогддог.

Гэмт хэрэгтнүүд дэлхийн төгсгөл ирж байна гэдэгт итгэсэн Аум Шинрикё шашны бүлгэмийн гишүүд байв. Цаазын ял сонссоноос нэлээд хэдэн жилийн дараа тус бүлгэмийн ахлагч Шоко Асахараг хэдэн дагагчдынх хамт цаазаар авчээ.

Шоко Асахара

2 Энэхүү шашны бүлгэм хаанаас гаралтай вэ?

“Туйлын үнэн” гэж орчуулагдах Аум Шинрикё бүлгэм нь анх 1980-аад оноос Хинди, Буддын шашныг хольж гарч ирсэн ч сүүлдээ дэлхийн сүйрлийн тухайн Христийн зөгнөлд итгэх болсон. Бүлгэмийн үүсгэн байгуулагч Шоко Асахара гэгч нь өөрийгөө Христ, Буддагийн дараах  “гэгээрсэн нэгэн”-ээр өргөмжилсөн байдаг.

Товчоор зүгээр л Аум гэж дууддаг уг бүлгэм нь Японд 1989 онд албан ёсоор шашны байгууллагаар бүртгэгдсэн. Энэ үеэс хойш тэрээр их сургуулиудад лекц унших, ном бичих зэргээр олон улсад дагагчдынхаа тоог нэмэгдүүлснээр хамгийн оргил үедээ Аум нь дэлхий даяар хэдэн арван мянган гишүүнтэй байжээ.

Энэхүү шашны бүлгэм хаанаас гаралтай вэ?

Хэдийгээр материалист үзлийг үгүйсгэдэг байсан ч тэргүүн Асахарагийн үс, биеэ угаасан ус зэргийг нь авч, зан үйлд хэрэглэхийн тулд нэлээдгүй мөнгө төлдөг байсан тухайгаа бүлгэмийн гишүүн байсан хүмүүс сүүлд дурсжээ. 1988 онд “цус сэлбэлт” гэх зан үйлийг хийлгэхийн тулд тухайн үеийн нэг гишүүн нь 8,100 ам.доллар орчим төлж удирдагчийн цус гэж хэлсэн зүйлийг ууж байсан аж.

Асахараг дагагчдын ихэнх хувийг элит их сургуулиудын оюутнууд эзэлдэг байв. Тэдгээр залуус хичээлийн ачаалал, ирээдүйн карьер зэргээс шалтгаалан дарамттай байх үед бүлгэм энэ бүгдээс илүү утга учиртай зүйл рүү хөтөлж, ойлгуулж буй мэт санагддаг байжээ.

Яваандаа Аум нь дэлхий сүйрнэ гэдэгт итгэсэн аюултай шашны бүлгэм болсон төдийгүй удахгүй Дэлхийн III Дайн болж дэлхий сүйрэхэд зөвхөн бүлгэмийн гишүүд л амьд үлдэнэ гэж итгэжээ.

Хүчирхийлэл үйлдэх, хүн барьцаалах, гэмтээх, аллага үйлдэх, химийн болон биологийн бодис ашиглаж бусдыг хордуулах зэргээр бүлгэмийн гишүүдийн үйлдэл улам харгис хэрцгий болсоор байв.

3 Халдлагын дараа юу болсон бэ?

1995 оны 3 сард болсон халдлагын араас бүлгэмийнхэн хэд хэдэн галт тэрэгний буудал дээр устөрөгчит цианид цацах гэж оролдсон боловч бүтэлгүйтсэн.

Нэгдмэл байдал сайтай, гэмт хэргийн түвшин бага гэдэгтээ сэтгэл өндөр байсан Япон улсын хувьд уг метроны халдлага санаанд багтамгүй үйл явдал болсон юм. Нөгөөтэйгүүр, тус бүлгэмийн өмнө үйлдсэн гэмт хэргийн шалгалтыг муу хийсэн гэж цагдаагийн байгууллагыг буруутгахад хүргэжээ.

Японы зохиолч Харуки Мураками тус халдлагаас амьд үлдсэн 60 хохирогчтой ярилцлага хийснийхээ дараа бодит байдлаас сэдэвлэн  "Токиогийн хийн халдлага ба Японы сэтгэл зүй" нэрт номоо туурвисан.

Халдлагатай холбогдох Аум бүлгийн 12 гишүүн удирдагчийн хамт цаазын ял сонсчээ.

Хэрэгт холбогдох сүүлийн этгээд Кацүяа Такахаши нь 17 жилийн турш эрэн сурвалжлагдан 2012 оны 6-р сард баривчлагдаж, насаараа хоригдох ял авсан.

Мөн бүлгэмийн гишүүн Макото Хирата  68 настай эрийг барьцаалсан болон хоёр удаагийн тэсрэх бөмбөгт халдлагад оролцсон хэргээр 2014 онд шоронд хоригджээ.

Халдлагын дараа юу болсон бэ?

4 Бүлгэм одоо байгаа юу?

Токиогийн халдлагын дараа бүлгэм чимээгүй болсон ч бүр алга болоогүй, нэрээ Алеф (Aleph) болгон өөрчилжээ.

2007 онд Аумын нэгэн төлөөлөгч, Асахарагийн залгамжлагч Фумихиро Жоюу гэгч этгээд Хикари но Ва (Солонгон гэрлийн тойрог) нэрт жижиг бүлгэм байгуулсан. Тэрээр өөрийнхөө энэхүү бүлгэмийг Асахарагийнхаас ангид гэж зарладаг.  

Аум Шинрикёо бүлгэмийг олон улсад террорист бүлэглэл гэж үздэг. Харин Алеф, Хикари но Ва нь хоёул Японд хууль ёсны байгууллага хэдий ч “аюултай шашны” бүлгэмд тооцогдож өндөр хяналтан дор байдаг байна.

Энэ хоёрыг ойролцоогоор 1,500 хүн дагадаг гэсэн тоо байдаг ч энэ тоо нь бага багаар өссөөр байгаа юм.

Бүлгэм одоо байгаа юу?

5 Японоос өөр улсад үйл ажиллагаагаа явуулж байсан уу?

2016 оны 3-р сард Монтенегро улс Аум Шинрикётой холбоотой байж болзошгүй гэж үзсэн 58 гадаад иргэнийг улсаасаа албадан гаргажээ. Тэд хуучнаар Югославт хамаарах газарт нэгэн зочид буудалд цугларсан байж.

Тэдний дөрөв нь Япон, 43 нь Орос, долоо нь Беларус, гурав нь Украйн, нэг нь Узбекистаны иргэншилтэй байсан гэж дотоод яамнаас нь мэдээллэсэн.

Тус бүлгэмийн орос гишүүд 2016 оны 4-р сард хорин таван барилга дотор халдлага хийхээр төлөвлөсөн байжээ. Энэ бүлгэм нь Орост хууль бус байсан бөгөөд тухайн үедээ 30,000 хүртэлх Орос дагагчидтай байв.

Гэм буруутайг нь тогтоож чадаагүй Аумын гишүүдийг тухайн үедээ Токиогийн метронд халдлага хийх гэж байгааг мэдээгүй хэмээн Япон дахь хэдэн хүний эрхийн тэмцэгчид өмгөөлсөн байдаг.

Хорь гаруй жилийн өмнө болсон үйл явдлын дараа бүлгээсээ гарсан ч тэдгээр гишүүд үүнд харьяалагдаж байсан гэдгээрээ нийгмээс гадуурхагдсаар байгаа юм. 

Японоос өөр улсад үйл ажиллагаагаа явуулж байсан уу?

Сурталчилгаа (15)
Хаах

Сэтгэгдэл

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд caak.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
0/1000
  • ×
    Хариулах ({[{ cmmnt.children.length }]})
    0/1000
    • {[{ childComment.username }]} {[{ childComment.ip_address }]} ×
      {[{ childComment.text }]}
      {[{ childComment.dislike_count }]}
    • Бусад сэтгэгдэл ()
  • Бусад сэтгэгдэл ()