Тухайн үед хөрш Скандинавын улсууд болон Европын ихэнх орнууд баруун гарын дүрэм баримталдаг, харин Шведүүд зүүн гарын дүрэмтэй байжээ. Түүнчлэн тэд Америкаас машин импортоор оруулж ирдэг байсан атлаа 18-р зуунаас эхлэн бүхий л замуудад зүүн гарын дүрмийг баримталж байсан юм. Эхэндээ Америк машиныг (жолоо нь зүүн талдаа байрладаг) зүүн гарын дүрэмтэй хөдөлгөөнд ашиглах нь жолооч нарт давуу байв. Учир нь жолооч нар эрт үед баригдсан нарийн замууд дээр урдаас ирэх машинтай зөрөхдөө замын ирмэгийг харж баримжаа авдаг байжээ.
Харин 1950-1960-аад онуудад авто замын хөдөлгөөн нэмэгдэж, машин замууд сайжирснаар зүүн гарын дүрэм болон Америк машины рулийн байрлалын зөрүүгээс үүдэн гүйцэж түрүүлэхэд аюултай нөхцөл үүсч эхэлжээ. Тиймээс Шведүүд Скандинавчуудтай адилсаж, нөгөөтэйгүүр аюулгүй байдлаа бодолцон замын хөдөлгөөний дүрмээ баруун гарын дүрэм рүү шилжүүлэх талаар авч үзэж эхэлжээ. Харин 1955 оны бүх нийтийн санал асуулгад 83 хувь нь зүүн гарын дүрмийг хэвээр нь үлдээх санал өгсөн байдаг.
Гэвч автомашины тоо 500 000-аас 1.5 сая болж гурав дахин нэмэгдэж, 1975 он гэхэд 2.8 саяд хүрэх төлөвтэй байсан тул Шведийн парламентаас баруун гарын дүрмийг дөрвөн жилийн дараа буюу 1967 оноос эхлэн мөрдүүлэх шийдвэрийг 1963 оны 5 сарын 10-ны өдөр гаргажээ. Энэхүү өөрчлөлтийг хянах зорилгоор “Баруун гарын дүрэмт замын хөдөлгөөний улсын комисс” (Statens Högertrafikkommission (HTK)) нэртэй байгууллага байгуулагдсан байна. Мөн сэтгэл судлаачдын зөвлөгөөтэйгөөр дөрвөн жилийн боловсролын хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлжээ. Ингээд итгэн үнэмшүүлэх, ятгах үндэсний кампанит ажил эхэлж, удалгүй Даген H-ийн логог сүүний сав, шорт, тэр ч байтугай эмэгтэйчүүдийн дотуур өмд дээр байрлуулж байжээ.
Ингээд "Даген Н" өдөр буюу 9 дүгээр сарын 3-нд 01:00-ээс 06:00 цагийн хооронд зайлшгүй чухал биш тээврийн хэрэгслүүдийг замын хөдөлгөөнд орохыг хориглосон байна.
Тухайн үед зам дээр байсан аливаа тээврийн хэрэгсэл тусгай дүрмийг дагах ёстой болжээ. Үүнд, тээврийн хэрэгсэл бүр 04:50 цагт бүгд зогсож, замын эсрэг урсгал руу болгоомжтой шилжин, 05:00 цаг болтол тэндээ зогсох ёстой байв.
Харин Стокхольм, Малмё хотод дээрх хоригийн хугацаа хаьцангуй урт байсан буюу замын уулзварыг шинэчлэх цаг гаргахын тулд бямба гаригийн 10:00 цагаас ням гарагийн 15.00 цаг хүртэл замын хөдөлгөөнийг зогсоожээ.
Мөн шөнийн турш зам, гарц, аюулгүйн тойрог, гүүр зэргийг шинэчилж, 360,000 орчим замын тэмдэг тэмдэглэгээг сольсон байна. Энэ өдөр үндэсний эрчимт кампанит ажил зохион байгуулж, өөрчлөлт, шинэчлэлтийн талаар хүмүүст мэдээлж байжээ. Гудамж, зам дагуу гээд хаа сайгүй 130,000 сануулах тэмдэг тэмдэглэгээ байрлуулж, жолоочийн хяналтын самбар дээр баруун гарын дүрмийг сануулах H-наалт нааж өгсөн байв. Ингэх нь ч аргагүй. Учир нь Шведийн замын хөдөлгөөн 233 жилийн турш зүүн гарын дүрэмтэй байсан тул гэнэтийн шинэчлэл нь тэдэнд амаргүй байсан нь мэдээж.
Өөрчлөлт хийсэн өдөр ердөө 157 жижиг осол бүртгэгдэж, үүнээс 32 нь хүмүүсийг бага зэрэг гэмтээж, цөөн тооны хүн хүндэвтэл хохирол амссан байна. "Даген Н" өдрийн дараах өдөр нь зам тээврийн ослын 125 тохиолдол бүртгэгдэж, үүнээс цааших өдрүүдэд бүртгэгдсэн осол 130-аас 198-ийн хооронд байсан бол хүний амь нас хохироосон тохиолдол бүртгэгдээгүй байна.
Зам тээврийн осол ийнхүү буурсны шалтгаан нь зөв талдаа рультэй автомашин барьдаг хүмүүсийн хувьд баруун гарын дүрэмд шилжсэн нь гүйцэж түрүүлэх үеийн зам тээврийн ослын тоог бууруулсан явдал хэмээн мэргэжилтнүүд үзсэн байдаг. Үүний дээр шинэ замын хөдөлгөөний дүрэм нэвтэрсэн тул хүмүүс машин жолоодохдоо илүү болгоомжлох болсноор осол буурчээ. Тийм ч учраас автомашин хоорондын болон явган зорчигчийг дайрах осол гарах нь огцом буурч, автомашины даатгалын нэхэмжлэлийн хэмжээ 40% -иар буурсан байдаг.