Хүчилтөрөгч нь агаар мандлын ердөө 20 гаран хувийг эзэлдэг боловч дэлхий дээрх бүх амьд биетийн амьсгалах, амьдрах урьтал нөхцөл болдог билээ. Энэхүү элементгүйгээр бид бүхэн оршин тогтнох боломжгүйг та бүгд сайн мэдэх буй за. Харин агаар мандал тэр чигтээ хүчилтөрөгчөөс бүрддэг байсан бол юу тохиолдох байсныг хүмүүс төдийлөн мэдэхгүй болов уу.
Хүчилтөрөгчийн хэмжээ их байх нь сайн уу, муу юу?
Хүчилтөрөгчийн хэмжээ ихэссэнээр таны эрч хүч, бүтээмж нэмэгдэж, шарталт хүртэл тэр дороо намдана. Хүний биед маш тустай гэгддэг хүчилтөрөгчийн коктэйль нь дор хаяж 95 хувийн хүчилтөрөгчөөс бүрддэг. Тэгэхээр дан хүчилтөрөгчөөр амьсгалаад байвал супер хүний хүчин чадалтай болно гэсэн үг үү? Үнэндээ энэ нь яг эсрэгээрээ аж.
Хэт их хүчилтөрөгч нь хүн төрөлхтөнд маш их хор учруулна. Учир нь хүн цэвэр хүчилтөрөгчөөр удаан амьсгалвал биед чөлөөт радикалууд бий болж, улмаар эсийг гэмтээж, альцгеймер, хорт хавдар зэрэг өвчин үүсгэнэ. Цаашлаад үрчлээтэх, үс цайрах явцыг ч хурдасгана. Өөрөөр хэлбэл агаар мандал тэр чигтээ хүчилтөрөгчөөс бүрддэг байсан бол бид наснаасаа илүү хөгшин харагдах байжээ.
Гэхдээ бид зөвхөн ийм хэмжээний хүчилтөрөгчтэй агаарт удаан амьдарч, дасан зохицсон тохиолдолд л дээрх шиг зүйл тохиолдож болно. Товчхондоо, бид цэвэр хүчилтөрөгчөөр шууд амьсгалаад амьд үлдэх боломжгүй аж. Жишээ нь, 100 хувь хүчилтөрөгчөөр амьсгалвал эхлээд таны цээж хөндүүрлэж, өвдөх болно. Улмаар уушгинд шингэн аажмаар хуралдаж, толгой тань эргэж эхлэнэ. Ингээд амьсгалах бүрт уушги гэмтэж, эцэст нь тархи гэмтэн, ухаан балартаж, үхэхэд хүрдэг байна.
Харин шавжны хувьд хүчилтөрөгч өөрөөр нөлөөлнө
300 сая жилийн өмнө дэлхий дээр аварга том шавьжнууд амьдардаг байжээ. Тэр үед дэлхийн агаар мандал бидний амьсгалдаг 20 хувиас хавьгүй илүү буюу 35 хувийн хүчилтөрөгчтэй байсан аж. Судлаачид хүчилтөрөгчийн хэмжээ их байсан нь тэдгээр шавжнуудын хэмжээ аварга том болсон шалтгаан хэмээн таамагладаг. Энэ нь шавжны эсүүдэд хүчилтөрөгч хүргэдэг трахейн системтэй холбоотой аж. Хэрэв агаар мандалд хүчилтөрөгч их байвал шавжны трахей өргөсөж, дагаад бие нь томордог байна.
Дашрамд дурдахад, хүчилтөрөгч бол гал асах, тархахыг дэмждэг гол элемент. Тиймээс хэрэв та тэр үед амьдарч байсан бол ердөө шүдэнз зурж, дөл гаргахад л тэр дороо хүчтэй дэлбэрэлт үүсэх байж.
Энэ бүгдээс үзэхэд та 100 хувь хүчилтөрөгчөөр амьсгалж чадсан ч эргэн тойрон тань тэр чигтээ шатаж, аварга том шавжнууд тань руу дайран амьдрахад маш хэцүү, ер нь л боломжгүй болох ажээ.