Тэгвэл Business Insider сэтгүүл мэргэжилтнүүдийн тусламжтайгаар хэмнэлт хийх хэрэггүй өдөр тутмын хэрэглээний эд зүйлсийн жагсаалтыг гаргасныг та бүхэнд хүргэж байна. Мэдээж хүн бүрийн хэрэглээний түвшин өөр боловч доорх зүйлсийг боломжоороо чанартайг нь сонгож байгаарай.
1
Ариун цэврийн цаас
Хүмүүс ихэвчлэн мөнгөө хэмнэх үүднээс хямдхан цаас сонгодог боловч арай үнэтэй цааснууд илүү удаан хэрэглэгдэж харин ч хэмнэлт хийх боломжтой байдаг аж.
2
Хогийн уут
Хогийн уут зэргийг худалдан авахдаа хэмнэлт хийх гэсний хэрэггүй. Илүү үнэтэй уут илүү ихийг багтаах, мөн илүү даацтай байх болно. Хэдэн төгрөг хэмнэснийхээ төлөө уут дүүрэн хогоо гаргаж хаях замд хогийн саванд хүрээгүй байхдаа задрахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Энэ мэт асуудлаас хол байхыг хүсвэл дараагийн удаа бага зэрэг үнэтэй боловч чанартай хогийн уут авч хэрэглээрэй.
3
Цэвэрлэгээний бодисууд
Цэвэрлэгээний бодис худалдан авахдаа хэмнэлт хийх талаар бүү бод. Хямдхан үр дүн муутай цэвэрлэгч ашиглаад бохирдсон аяга таваг, цонхоо зүлгэж цаг зав, эрч хүчээ дэмий зүйлд үрэх ямар хэрэгтэй гэж..
Үүнээс гадна тоос сорогч ч мөн адил удаан эдэлгээтэй, чанартайг нь бодож үнэтэй брендийг сонгоорой.
4
Гал тогооны хэрэгслүүд
Хоол хийх, бэлтгэх үйл явц нь амьдралд хамгийн энгийн хэр нь аз жаргал авчирч байдаг, Тиймээс үнэ харгалзахгүй илүү чанартай тавилга, хэрэгслийг сонгоорой. Сайн чанарын хутга үнэтэй боловч хямд төсөр хутганаас 10 дахин удаан эдэлгээтэй шүү.
5
Хүүхдийн өрөө
Шинэ хүнээ өлгийдөн авах үед ч бас мөнгө хэмнэх хэрэггүй. Хүүхдийн эрүүл мэндэд зориулсан бүтээгдэхүүнүүд, живх гээд худалдан авах зүйлс маш их. Магадгүй, энэ үед хямдхан хүүхдийн ор худалдан авах зэргээр багагүй мөнгө хэмнэх боломжтой мэт санагдаж мэдэх ч хүүхдийн өрөөг тохижуулах үед хэзээ ч хэмнэлт хийх хэрэггүй хэд хэдэн зүйлс бий.
Юун түрүүнд хүүхдийнхээ аюулгүй байдлыг бодсон ч шинэ, арай үнэтэй ор худалдан авбал хуучин, чанаргүй, тогтворгүй ор авснаас илүү найдвартай, та ч шөнөдөө санаа амар унтах болно. Үүгээр зогсохгүй, дахин хүүхэдтэй болохоор төлөвлөж буй бол чанар сайтай бат бөх ор худалдан авсан нь дээр шүү дээ.
6
Эрүүл мэндийн зардал
Хэрэгтэй эм тариагаа худалдан авах, тогтмол эмчид үзүүлж байх эсвэл шүдний сойзоо тогтмол сольж байх гээд бага зэрэг зардал гарсан ч үргэлж эрүүл мэнддээ анхаарал тавих хэрэгтэй. Эрүүл мэндийн даатгалтай болох нь мөнгөө зарцуулах бас нэгэн зөв арга бөгөөд хэзээ нэгэн цагт өвдөх эсвэл бэртэж гэмтэх үедээ санаа зоволтгүй болно. Иж бүрэн даатгалтай болсноор өөрийгөө эрсдэлээс бүрэн хамгаалж байна гэсэн үг.
7
Автомашины аюулгүйн хэрэгслүүд болон даатгал
Машины аюулгүйн хэрэгслүүд дээр хэмнэлт хийх талаар бодсоны хэрэггүй. Жишээ нь, үзэгдэх орчин хязгаарлагдсан үеийн мэдрэгч, шүргэхээс сэргийлэх 4 тал мэдрэгч, ухрах камер, автомат тоормос зэрэг нь үнэтэй тусах боловч тэр хэрээр ач тустай байх болно. Эдгээр технологиуд замын ослоос сэргийлж, амийг тань ч аварч магадгүй.
Хэрэв үнэхээр осол гарлаа гэхэд машинаа даатгуулсан байх нь маш чухал. Машинаа даатгуулах нь хуулийн дагуу байгаад зогсохгүй осол гарсан үед засварын төлбөрөөс ч хөнгөлөх болно.
8
Байшингийн засвар болон даатгал
Гэртээ засвар хийхдээ гар татахгүй байх нь таныг сэтгэл санааны хувьд ч амар амгалан байхад тус болно. Богино хугацааны хямдхан шийдлээс илүүтэй засвар хийхдээ ахиухан мөнгө зарцуулах нь сүүлд гарч болох эрсдэлийг харьцангуй бууруулах болно. Сантехникийн ажил, эсвэл дээврийн хэсгийн засвар зэрэгт мөн л хэмнэлт хийх гэсний хэрэггүй.
Байшингийнхаа засварт хэмнэлт хийх гэж оролдох нь эрсдэл дагуулж байдаг. Ялангуяа цахилгааны холболт дээр буруу холболт зэргээс үүдэн гал гарахаас сайтар сэргийлэх нь зүйтэй. Дараа нь, илүү том асуудал үүсэх эрсдлийг тооцон байшингаа даатгал хамруулах нь зүйтэй юм.
9
Нарнаас хамгаалах бүтээгдэхүүн
Зарим хямд бүтээгдэхүүнүүд зуны халуун, нарны туяанд огтхон ч таны арьсыг хамгаалахгүй. Тиймээс арай илүү мөнгө зарцуулан өөрийн арьсыг нарны хурц туяанаас найдвартай хамгаалж чадах бренд бүтээгдэхүүн аваарай.
10
Будаг
Хямдхан будаг авах нь хэмнэлттэй сонголт мэт боловч дараа нь илүү их зардал гарах болно. Хямд үнэтэй будагнууд зүгээр л тогтоц муутай байдаг. Иймээс илүү үнэтэй будаг сонгосноор дахин дахин будгийн ажил хийхээс зайлсхийх боломжтой гэсэн үг.
11
Гар утасны цэнэглэгч
Хүмүүс үргэлж л хямдхан цэнэглэгч авсан ч удалгүй эвдэрчихсэн байдаг. Гар утасны цэнэглэгч авахдаа тухайн утасны үйлдвэрлэгчийн оригинал цэнэглэгчийг авч байхыг мэргэжилтнүүд зөвлөж байна. Мөн зарим дуураймал цэнэглэгч компьютерт холбох, бусад холбогчид залгахад тохирохгүй байх тохиолдол бий. Хаа ч явсан цэнэгтэй байхыг хүсвэл оригинал цэнэглэгч сонгоорой.
12
Тэжээвэр амьтдын хоол
Сардаа эсвэл долоо хоногтоо нэг удаа л худалдан авч байдаг тэжээвэр амьтдын хоолон дээр хэмнэлт хийхгүй байхыг Чикаго хотын малын эмч Амбер Славтер зөвлөж байна. Тэрээр хямдхан хоол өгснөөр таны тэжээвэр амьтдад ямар үр дагавар авчрахыг тайлбарлажээ. Илүү үнэтэй хоол тэжээлийг сонгосноор чихрийн шижин, бөөрний эмгэг, шүдний асуудлууд зэргээс урьдчилан сэргийлж дараа нь мал эмнэлэг явах зардлаа хэмнэх боломжтой.
Тэжээвэр амьтандаа сайн чанарын хоол авахын тулд найрлагыг нь анхаарах хэрэгтэй. Жагсаалтын эхний гурав дотор мах байвал сайн. Төрөл бүрийн химийн элемент, үр тарианы ургамал эсвэл дайвар бүтээгдэхүүн агуулсан амьтдын хоолноос татгалзаарай.
13
Хамгаалалтын өмсгөл
Аюулгүйн малгай, өвдөгний хамгаалалт болон бусад хамгаалах хэрэгсэл авч өгөхдөө хүүхдийнхээ аюулгүй байдлыг нэн тэргүүнд бодолцож байх ёстой. Тиймээс хүүхдээ гэмтлээс сэргийлэхийн тулд анхнаасаа л чанар сайтай хамгаалалт аваарай.
14
Матрасс
Тав тухтай унтаж амрахад сайн чанарын матраас чухал үүрэгтэй шүү. Сайн матрасс тав тухтай удаан эдэлгээтэй байдаг. Харин хямд матрасс ийм байж чадахгүй. Хэмнэлт хийх гэж байгаад тухтай амрах боломжгүй болохоос гадна нурууны өвчтэй болох эсвэл нэг жил юмуу түүнээс богино хугацаанд дахиад л матраасаа солих шаардлага гарч магадгүй.
15
Гутал
Мөн л матраасны адил үнэтэй чанар сайтай гутал авснаар амархан элэгддэг хямдхан гуталнаас илүү хэмнэлттэй байх болно. Үүнээс гадна хөл холгох, цэврүү үүсгэх, халууцах зэрэг асуудлууд үнэтэй гуталд бараг л байдаггүй. Гэвч энэ нь таныг заавал асар үнэтэй дизайнерын гутал ав гэсэн үг биш бөгөөд судалгаа хийж, санал сэтгэгдлүүдийг уншиж боломжийн үнэтэй, удаан өмсөх, сайн гутал олж аваарай.