Сэмми Ли болон түүний найз залуу Жеймс нар нугаснаас эхлээд буга хүртэл бүхий л амьтныг агнадаг гэнэ. Дараа нь ангийн олзоо Инстаграмдаа аз жаргалтайгаар нийтэлдэг аж.
Бүсгүйн амь насыг хорооно гэсэн сүрдүүлэгтэй сэтгэгдлүүд түүний зургууд дор маш их байдаг гэнэ. Харин энэ бүх сэтгэгдэлд бүсгүй: "Ан хийх гэдэг бол маш сонирхолтой зүйл бөгөөд байгальтай холбогдож буй нэг хэлбэр" гэсэн хариултыг өгсөн байна.
“Бид зөвхөн амьтны амийг хороох зорилготойгоор ан хийдэггүй. Энэ бол бидний хувьд адал явдал бөгөөд махны хэрэгцээгээ сонирхолтойгоор, хэмнэлттэйгээр олж авч буй нэг хэлбэр юм. Үүнээс гадна найз нөхөдтэйгөө цагийг зугаатай өнгөрүүлэх, эсвэл ганцаараа тайван байх боломж. Хүмүүс ихэнхдээ ан хийх гэдгийг аймшигтай зүйл мэтээр хүлээж авдаг ч үнэн хэрэгтээ тийм биш” хэмээн Сэмми хэлсэн байна.
“Жеймс бид хоёр ан хийхийн өмнө олон цагийн турш амьтныг ажиглаж, гэрэл зургийг нь дардаг. Харин ан хийсний дараа бид ангийнхаа олзыг бүхэлд нь ашигладаг. Махыг нь хүнсэнд, арьсаар нь хивс хийж, харин толгойг нь ханандаа өлгөдөг. Үлдсэн хэсгүүдийг нь манай нохой идэж дуусгадаг” гэж бүсгүй хэлжээ.
Анчин бүсгүйн хэлж байгаагаар зэрлэг амьтны мах хамгийн амттай байдаг гэнэ.
“Бид зүгээр л амьдралын хамгийн таатай мөчүүдээ хамт өнгөрүүлж байгаа юм. Бал сараараа бид долоо хоногийн ан хийхээр төлөвлөж байгаа” хэмээн Сэмми хэлжээ.
Сэммид дургүй хүмүүс маш олон ч түүний ан хийх сонирхлыг ойлгодог хүмүүс бас бий.
“Намайг өөрийгөө бууд гэж зөвлөсөн хүмүүс ч бий. Эсвэл олзныхоо зургийг устга гэсэн хүмүүс ч бий. Мөн миний мэдэхгүй хэлээр сэтгэгдэл үлдээж, уурласан бухимдсан эможи үлдээсэн хүмүүс ч байдаг боловч би тэдний энэ байдлыг огтхон ч тоодоггүй” гэж бүсгүй хуваалцжээ.