1
Хавтан хот бий болсон нь
АНУ-ын Тэнгисийн цэргийн корпус Ниланд хэмээх жижиг хотын ойролцоох цэргийн хотхон Форт Дунлапт байрлахаа больсноос хойш энэхүү Хавтан хот бий болсон түүхтэй. 1956 онд тэд уг газраас явахдаа байшин барилгыг нураасан ч байшингийн суурь, даац болж байсан бетонон хавтангуудыг тэр чигээр нь үлдээжээ. Хэдийгээр Калифорни муж тус газрыг өөрийн удирдлагад эргүүлэн авсан ч байршлын хувьд хэтэрхий алслагдсан учир хяналтандаа байлгах боломжгүй байжээ.
Ниланд хотын ойролцоох химийн бодисны компаний ажилчид тус хавтангуудыг анх олж хараад өөрсдийнх нь ажлын байртай ойрхон, түр амьдрах газар болгоход яг тохирсон газар байна гэж боджээ. Тэдний анх ирэхдээ авчирсан жижиг чиргүүлүүд Хавтан хотод хүмүүс оршин суух эхлэлийг тавьсан байна.
Үүнээс хойш тус төлөвлөгдөөгүй хотод энд тэндээс янз бүрийн хүмүүс ирж суурьших болжээ. Өнөөдөр энд ядуу зүдүүчүүд, усны шувуу шиг хүмүүс (өөрийн нутаг хүйтэрсэн үед дулаан газар луу нүүдэг), техник технологи, сүлжээнээс хол амьдрахыг хүссэн хүмүүс гээд төрөл бүрийн хүмүүс амьдарч байна.
2
Цөл дэх амьдрал
Хавтан хотын оршин суугч болоход ямар ч бичиг баримт шаардлагагүй. Чи ирлээ, хэн нэгний байрлаж буй хэсгээс өөр газарт очоод л өөрийн чиргүүл, машин, урц, оромж, майхан, юу байна тэрийгээ байрлуулж засаад л болоо.
Гэхдээ тус хотод бусадтайгаа зэрэгцэн амьдрахад өөрөөс чинь шалтгаалах хэд хэдэн зүйлс бий.
Ундны уснаас эхлээд нийтэд зориулсан наад захын хэрэглээг хамгийн ойроос хэдэн километрийн зайд орших Ниланд хотоос л авна. Оршин суугчид олон нийтэд зориулсан ганцхан шүршүүрийн газрыг ашигладаг бөгөөд энэ нь зэргэлдээх халуун рашаанаас усаа авдаг байна. Бусад зүйлсийг ихэнхдээ өөрсдөө л аргалж амьдарна даа.
Хэрвээ танд гэрэл цахилгааны хэрэг гарвал хаягдсан нарны эрчим хүчний үүсгүүр, генератор, баттерей зэргийг өөрөө учрыг нь олж ажиллуулах шаардлага гарна. Эсвэл 1980 оноос хойш тус хотод амьдарч өөрийн чиргүүлдээ нарны эрчим хүчний үүсгүүр зарж, суурилуулж байгаа “Нарны энерги Майк”-ыг хөлсөлж болно.
Хэдийгээр Ниланд хотын цагдаа хааяа эргүүл хийж, яаралтай дуудлагаар ирдэг ч ерөнхийдөө бол оршин суугчид өөрсдөө л хотын цагдаагаа хийдэг ажээ.
Хавтан хотод амьдрахын тулд ёс суртахууны тодорхой хэм хэмжээг баримтлах ёстой. Хар тамхины хэрэглээ нийтлэг ч оршин суугчдын хэлснээр тодорхой хэсэг газраар л хэрэглээ хязгаарлагддаг юм байна. Хамгийн түгээмэл гэмт хэрэг бол хулгай. Гэмт хэрэг хийсэн хүнийг ингэж тэгж шийтгэнэ, хариуцлага хүлээлгэнэ гэсэн дүрэм журам байдаггүй ч тийм гэж сэжиглэж байгаа хүмүүстэй бусад нь харилцахаа больж, гадуурхаж эхэлдэг.
Хавтан хотын оршин суугч, тус хотод Airbnb ажиллуулагч Жорж Сиссоны хэлснээр “Энд чи хулгай хийгээгүй л бол чиний амьдрал, асуудалд хэн ч оролцохгүй” ажээ.
Дүгнээд хэлбэл, Хавтан хот бол АНУ-д байдаг өөрөө өөрийгөө удирдах засаглалтай хот юм. Оршин суугчид болон бусад хүмүүсийн ярьдаг нэг асуудал нь тус хотыг зүгээр л уйтгартай гэдэг. Цөл дунд амьдарч буй хүмүүсийн хувьд тэр ч мэдээжийн хэрэг шүү дээ.
Зарим хүмүүс ингэж энгийн амьдрахаасаа таашаал авдаг байхад зарим нь тэр уйтгарт байдлаас түр ч гэсэн ангижрахын тулд хэд хэдээрээ цуглаад ямар нэгэн зүйл хийдэг. Тодруулбал, Хавтан хотод бүжиг гэх мэт олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулдаг Дэ Ренж хэмээх төв байдаг байна.
Өөрөө утасгүй холболттой интернэт кафе болгон ашиглагддаг нэг майхан бий. Оршин суугчид уг холболтыг ашиглан аливаа энтертайнмент зүйлс татаж авдаг байна. "Хаан ширээний тоглоом"-ын шинэ анги цацагдах үед оршин суугчид нэг газар цуглаад хамт үзэж байжээ.
3
Үзэх газрууд
Хавтан хотын бас нэгэн салшгүй хэсэг нь урлаг юм. Тус хотоос хүмүүсийн сонирхлыг маш ихээр татдаг зүйлсийн нэг нь яах аргагүй "Бурхны Аврал" уул юм. Тэнд маш олон хад чулууг хэдэн зуун мянган литр будаг ашиглан будаж, том хэмжээтэй загалмай байрлуулан шашны бичгүүдээр дүүргэжээ. Энэ бол 1980-аад онд агаарын бөмбөлөг хөөргөх туршилт хийх гэж ирээд, тэндээ бүр мөсөн суурьших болсон, Хавтан хотын хамгийн алдартай оршин суугчдын нэг Леонард Найтын уран бүтээл аж.
Бас нэгэн сонирхолтой газар нь "Ийст Есүс" бөгөөд энд оршин суугчид өөрсдийн хийсэн баримал гэх мэт уран бүтээлүүдээ авчирч тавьдаг байна. Уран бүтээлийн дийлэнх хэсэг нь дахин боловсруулсан материалаар хийгдсэн ба энэ нь тэдгээр хүмүүсийн бие даасан тогтвортой байдлыг нэг талаар харуулдаг. Өнөөгийн нийгмээс ангид оршиж буй хүмүүсийн хийсэн иймэрхүү бүтээлүүд нь тус хотын оршин суугчдын бас нэгэн бусдаас ялгарах онцлог ажээ.
4
Хавтан хотод тулгарч буй хууль, эрхзүйн асуудлууд
Хуулиас гадуур нэлээдгүй хугацаанд оршин тогтносон энэ газрын хувьд ирээдүй бүрхэг байдаг. 2015 онд хүмүүсийн байрлаж буй газрыг Калифорни мужаас хувааж хувийн хэвшлийн компаниудад зарах тухай асуудал яригдаж байжээ. Яг шийдвэр гарч зарагдаагүй хэдий ч энэ нь оршин суугчдын амьдарч буй газар ямар ч баталгаагүй гэдгийг тэдэнд сануулж өгчээ.
Үүний үр дүнд олон тооны оршин суугчид Хавтан хотын оршин тогтнох хугацаа нь найдваргүй гэдэгт санаа зовниж эхэлсэн юм. Тэд үүнийг “Америкийн хамгийн сүүлчийн эрх чөлөөт газар”-ын төгсгөл ирэх нь гэх зэргээр дүрсэлжээ.
Хэрэв та Хавтан хотод очиж үзэхийг хүсвэл, тус хотын хэд хэдэн оршин суугчид маш хямд үнээр байрлах байр түрээслэдэг юм байна шүү. Мөн тус хот нь Лос Анжелес хотоос зүүн тийш 320 км зайд байрладаг учраас замд удаан явах бэлтгэлтэй байгаарай.
Энэхүү мартагдсан газарт ямар ч татвар, урсгал зардал, төлбөрийн нэхэмжлэл байхгүй бөгөөд энэ нь тус хотыг нийгмийн даатгал болон тэтгэврээ уртасгахаар зорьж буй хүмүүсийн гол чиглэл болгож байна. Өнөөгийн байдлаар, Хавтан хотын оршин суугчдын тоо хүйтний улиралд 4,000 давж байгаа нь хойд нутгуудаас, бүр Канадаас хүртэл хүмүүс ирж өвлийг өнөтэй давах гэсэн хүсэлтэй нь холбоотой. Үүнээс гадна мэдээж энд илүү хямд өртгөөр амьдрах боломжтой.
Зун цаг ирж урин дулаан ороход ихэнх хүмүүс гэр рүүгээ буцаж, цөөн тооны буюу 150 орчим байнгын оршин суугчид нь үлддэг аж.