1
Угаалгын машинаа угаах
Угаалгын машин бохир байх нь маш аюултай бөгөөд тэнд бактери үржиж, угаасан хувцасанд тархдаг. Ингэснээр ямар нэг харшилтай, астматай хүмүүсийн өвчинг сэдрээхээс гадна эрүүл хүний биед ч хортой байдаг аж. Угаалга хийх үед гарсан бохирдлын хэсгүүд угаалгын машин дотор болон угаалгын нунтаг, хувцас зөөлрүүлэгч шингэний нүхэнд үлддэг. Тиймээс мэргэжилтнүүдийн зөвлөснөөр угаалгын машиныг 7 хоногт 1 удаа заавал угаах хэрэгтэй юм байна. Ингэхдээ угаалгын машиндаа ямар ч хувцас хийлгүй, хамгийн өндөр температур дээр нь тавиад цайруулагч эсвэл нимбэгний хүчил хийгээд машинаа нэг бүтэн ажиллуулах хэрэгтэй. Эсвэл гал тогооны алчууруудаа, 100 мл цайруулагчтай хийгээд нэг бүтэн эргүүлж угааж болно.
2
Суултуур угаагчаа зөв хатаах
Суултуур угаагч бол гэр доторх хамгийн бохир зүйлсийн нэг гэдгийг бид бүгд мэднэ. Тэгвэл угаагчаа саванд нь буцааж хийхээс өмнө хатааж хэвшснээр түүн дээр нян бактер үржихээс сэргийлж чадна. Үүнээс гадна тогтмол ариутгаж байх хэрэгтэй шүү. Таглаатай сав нь суултуур угаагчинд нян бактер үржих таатай орчин болдог бөгөөд түүнийг дахин хэрэглэх үед угаалгын өрөөгөөр бактери тараадаг. Иймээс таглаагүй буюу хэрэглэсний дараа хатаах боломж бүхий савтай угаагч авах эсвэл хэрэглэчихээд дор хаяж 10 минут дээрх зураг шиг хатааж тавих хэрэгтэй.
3
Тосгуураа ариутгах
Бид тосгуураа угаахдаа шүүлтүүр хэсгийг цэвэрлэхээ мартдаг эсвэл зөвхөн муухай үнэр гарж эхлэх үед нь л цэвэрлэдэг. Тосгууранд үлдсэн хоолны үлдэгдлээс шүүлтүүрт бактери үржиж, эргээд аяга таваг угаах ус гоожуулмагц нөгөө үржсэн бактериуд тосгуур луу хальж гарч ирдэг байна. Шүүлтүүрийг зөв угаахын тулд эхлээд нэг халбага сода хийгээд дээрээс нь багахан цагаан цуу хийж хонуулна. Өглөө нь буцалсан эсвэл маш халуун ус хийж ариутгана. Ялангуяа энэ аргыг их мах, загас, ногоо хэрэглэсний дараа байнга ашиглаж байх хэрэгтэй.
4
Оо сойзны саваа зөв байрлуулах
Танай гэрийн оо сойзны сав 100 сая гаруй төрлийн нян бактери үржих таатай орчинг бүрдүүлдэг гэдгийг та мэдэх үү. Амны хөндийн бактериас гадна жорлон, тосгуураас ч таны сойзруу олон төрлийн бактери дамжиж байдаг. Учир нь жорлонгийн ус татах үед бараг 2 метр орчмын газарт нян бактериуд тархдаг аж. Үүнээс болж давсагний үрэвсэл, дотор гэдэсний эмгэг эсвэл микробын тэнцвэргүй байдлаас үүсэх янз бүрийн халдварт өвчин тусах аюултай. Халдварын эрсдлийг бууруулахын тулд оо сойзны саваа тосгуур дээр биш бүр дээшээ тавиур дээр байрлуулах хэрэгтэй. Мөн таглаатай сойз бүү хэрэглээрэй, битүү орчинд нян бактери хамгийн их үрждэг шүү дээ. Үүний оронд болж өгвөл хаалттай шүүгээнд оо сойзны саваа байрлуулахыг бодоорой.
5
Зөв температуртай усаар цэвэрлэгээ хийх
Хэрвээ та цэвэрлэгээндээ бүлээн эсвэл хүйтэн ус ашигладаг бол угаалгын шингэнүүд үр дүнтэй үйлчлэхгүй гэсэн үг. Цэвэрлэгээ хийх усаа өрөөний температураас 10 градусаар халуун байлгах нь хамгийн тохиромжтой эсвэл гараа дүрж болохуйц халуун усанд угааж болно. Энэ тохиолдолд шүлтлэг чанарын угаалгын бодис ашиглавал илүү үр дүнтэй байж бактери болон хөгцийг сайн арилгана шүү.
6
Шүршүүрийн толгой хэсэг болон хөшгөө угаах
Бид шүршүүрийн хөшгөө байнга угаадаггүй шалтгаан нь усанд орох үеэр цэвэрлэгддэг гэж эндүүрдэг. Харин ч эсрэгээрээ шүршүүрийн хөшиг, дэвсгэр, мөн хана хэсэгт хар хөгц үүсэх нь элбэг. Тиймээс та полиэтилэн материалтай шүршүүрийн хөшгөө хулдаасан эсвэл даавуун материалтайгаар солиод сардаа нэг удаа авч угааж байх хэрэгтэй. Өөр нэг арга нь гэвэл хөшгөө нимбэгний хүчил эсвэл давсны уусмалаар арчаад хатааж болно. Харин хөлийн гишгүүр болон ханын хувьд содоор угааж дараа нь цагаан цуу цацаж ариутгана. Хэдий бид өдөр бүр усанд орсон ч шүршүүрийг ашиглахгүй үед буюу шөнийн цагаар энэ хэсэгт бактери үрждэг. Улмаар энэ хэсэг хар хөгц болон стафилококк бактерийн үүр болон хувирч хамрын хөндийн халдвар, бүйлсэн булчирхайн үрэвсэл эсвэл чихний үрэвсэлтэй болгох аюултай. Тийм ч учраас усанд орохоосоо өмнө усаа багадаа нэг минут гоожуулчихаад орох хэрэгтэй. Мөн шүршүүрийн толгойгоо содатой ус эсвэл цагаан цуунд нэгээс хоёр долоо хоног тутам дүрж ариутгаж байх нь чухал юм.
7
Агаар сорогч сэнсээ цэвэрлэх
Агаар сорогч сэнс нь агаарын хоолоотой холбогддог учраас үүгээр элдэв шавж, хулгана, шувуудын ялгадас гэрт орж ирдэг. Өөрөөр хэлбэл энэ нь гэрт элдэв янзын гадны бактери тараах хамгийн аюултай хэсгүүдийн нэг юм. Тиймээс агаар сорогчоо хоёр долоо хоног тутам цэвэрлэж хэвшээрэй. Ингэхдээ хаалтыг нь аваад цагаан цуу болон угаалгын шингэнээр сайтар угааж хуурай болтол нь арчиж хатаах хэрэгтэй. Үүний дараагаар аль болох тоосыг нь маш сайн соруулж авах нь чухал шүү.