5
Арабын Холбоотнууд болон Израилийн дайн (1973 он)
Израильтай хиллэдэг Арабын улсууд Жүүдийн шашны хамгийн ариунд тооцогддог Цагаатгалын өдрөөр Израильчууд руу гэнэтийн дайралтыг хийжээ. Энэ үеэр мөн Муслим шашинтнуудын мөргөлийн сар буюу Рамадан тохиож байсан учраас дайралт болно хэний ч санаанд ороогүй ажээ.
Уг дайралтад Сири, Египет, Иордан, Ирак, Саудын Араб, Ливи, Тунис, Алжир, Марокко оролцсоноор зогсохгүй хаа байсан Кубаас хүртэл Израиль рүү цэрэг илгээсэн байдаг. Мөн холбоотнуудын тал Израилиас гурав дахин их цэрэгтэй, 2 дахин олон их буугаар тоноглогдсон танктай, бүгд хамгийн сүүлийн үеийн Зөвлөлтийн зэвсэгтэй байжээ. Уг нь ийм байдалтайгаараа тэд Израилийн батлан хамгаалахын хүчнийг бут цохих байсан ч чадаагүй юм.
Дайралт болсноос долоо хоног ч өнгөрөөгүй байхад Израилийн арми Дамаск хотыг их буугаар чөлөө өгөлгүй галлаж байсан гэдэг. Харин НҮБ хэлэлцээр хийхээр орж ирэх үед буюу дайралтаас 19 хоногийн дараа гэхэд Израилийн хүчин Каир хотоос ердөө 99 км-ийн зайд ирээд байжээ.
4
ЗХУ болон Финландын Өвлийн дайн (1939 он)
Сталин 1939 оны сүүл гэхэд Финландыг эзэлж авна гэдэгтээ тун итгэлтэй байв. Нээрээ л, бусад дарангуйлагчид хөрш зэргэлдээх жижиг улсуудаа эзлээд байхад, тэр яагаад болохгүй гэж?
Гэвч, жинхэнэ “Яагаад болохгүй гэж” гэсэн философитой нь тэд биш харин улаан армийг яснаасаа, цуснаасаа үзэн яддаг Финландчууд байжээ. Тиймдээ ч Финландчууд хүчний тэнцвэргүй байдлыг үл ажран 32-хон танктайгаар Зөвлөлтийн мянга мянган танкийн эсрэг сайн тулалдаж чадсан юм.
Хамгийн хачирхалтай нь, Финландчууд бүсэлхийгээр татсан цастайд, чөмөг ташим хүйтэнд тулалдахад бэлэн байхад Зөвлөлтүүд чадаагүй гэдэг. Учир нь Сталин сайн зэр зэвсэг, цэргийн тактикаа ашиглан байлдахын оронд зөвхөн тоонд найдан, мянга мянган цэргээ Финландчуудын эсрэг тавьж, тэднийгээ үй олноор нь хядуулжээ. Харин Финнчүүд цэргүүдээ жижиг хэсгүүдэд хуваан дайсанд цохилт өгөх "guerilla" тактикийг ашигласан нь оножээ. Үр дүнд нь дайн дуусахад Зөвлөлтүүд гурав дахин их цэргээ алдсан байсан бөгөөд тэд зөвхөн газар нутгаас нь тасалж аваад, буулт хийхийг хүчээр тулгасан учраас л дайнд “ялсан”-д тооцогддог аж.
Харин Дэлхийн II дайн эхлэхэд, Финланд Германы холбоотон болж өмнөх буулт хийсэн газар нутгаа буцаан эзлэн авч, Улаан армиас 305,000 цэргийг цааш нь харуулсан байдаг.
3
Энэтхэг болон Пакистаны Лонжвалын тулаан (1971 он)
1971 онд Пакистан улс Энэтхэгийн эсрэг гэнэтийн дайралт хийж 2000 цэрэг, хөдөлгөөнт явган цэргийн анги, 45 танкаа Лонжвалын зурвас дахь Энэтхэгийн хилийн шалган нэвтрүүлэх боомтыг эзлүүлэхээр илгээжээ. Харамсалтай нь, Лонжвал дээрх 120 Энэтхэгчүүдэд нэг ширхэг танк эсэргүүцэгч болон шөнө нисэх боломжгүй байлдааны онгоц л байсан аж. Улмаар Пакистанчууд хэдэн цагийн турш давуу байдлаа ашиглан дайсныхаа эсрэг танк, явган цэргээр дайрч байсан ч Пакистаны "Т-59" танкийг зогсооход Энэтхэгийн ганц танк эсэргүүцэгч л хангалттай байв. Тэдгээр танкууд нь нимгэн хуягтай учраас ихэнх нь сэг болтлоо сийчүүлсэн байжээ. Түүнчлэн хилийн шалган нэвтрүүлэх боомтын хөрс зөөлөн элстэй байсан учраас Пакистанчуудад нэвтрэхэд хэцүү байсан гэдэг.
Мөн харанхуйд давшиж байсан явган цэргийн ангийнхан өргөст тортой таармагцаа тэсрэх бөмбөгжүүлсэн талбай байж болзошгүй хэмээн давшилтаа зогсоожээ. Гэвч тэднийг тэсрэх бөмбөг байгаагүй талбайг цэвэрлэх гэж хоёр цагийн турш хүлээж байх хооронд агаарын нэмэлт хүч ирж Пакистанчууд ухрахаас өөр аргагүй байдалд орсон байна.
2
Жиншиний тулаан - Хан Шиний арми Жаогийн армийн эсрэг (НТӨ 205 он)
Сүнзийн дайтахуйн ухааны дөрөвдүгээрт, “Өөрийгөө байнга бэлдэж, дайснаа бэлтгэлгүй байх үеийг нь хүлээдэг нэгэн ялна” гэж сургасан байдаг. Харин энэ тохиолдолд, Хан улсын гарамгай жанжин Хан Шин өөрийгөө сайн бэлджээ. Тэрбээр байлдаан болохын өмнөх шөнө 2000 цэргээ хунтайж Жаогийн армийнхны байршлын ойролцоо тулж очихыг даалгав. Тэдний үүрэг бол Жаогийн армийнхныг довтолгоонд гармагц буудалласан хэсгийг нь эзэлж авах байжээ.
Мөн Хан Шин голын эсрэг талд бэхлэлтээ ухсан нь цэргүүдийг сонор сэрэмжтэй, аюулгүй байхад нь тусалсан юм. Улмаар Жао тэдний эсрэг цэргүүдээ илгээж, тулаан эхлэх үед Хан Шиний хүчнийхэн бэхлэлт рүүгээ ухарч буй мэт дүр үзүүлсэн байна. Үүнээс гадна, ямар ч хүнсгүй байсан цэргүүд яг л галзуу мэт тулалдаж байжээ. Харин тэдний ухарч буйг харсан Жао цэргүүдээ буцаан түр амрахаар дуудсан ба өөрсдийнх нь буудаллаж байсан газарт Хан Шиний мянга мянган тулааны туг байгааг хараад тэд өөрсдийгөө араасаа эзлэгдсэн байна гэж үзээд нэн даруй тарж бутарсан гэдэг. Уг тулааны үеэр Хан Шиний тал Жаогийн 150,000 цэргийг хядсан түүхтэй билээ.
1
Ромчууд Парфянчууд эсрэг, Каррхагийн тулаан (ХТӨ 53 он)
Ромын залуу, чинээлэг улс төрч Крассус нь Ромын алдарт хоёр жанжин, бүх цаг үеийн цэргийн агуу удирдагчид болох Юлий Цезарь болон агуу Помпеи нартай холбоотон болохыг хүсжээ. Гэхдээ зөвхөн улс төрийн холбоотон байгаад зогсохгүй, Крассус дайчны хувьд өөрийн нэрээ мандуулахыг хүссэн юм. Гэхдээ тэр хүссэнээ төсөөлж байснаасаа арай өөрөөр авсан гэдэг.
Тухайн үеийн Сирийн захирагч байсан (Помпеид эзлэгдсэн) Крассус нь 43,000 легионеруудыг удирдан Парфяны Эзэнт Гүрний эсрэг тулалдаж байжээ. Тэрбээр Месопотамийн дунд хэсэгт Парфяны морин цэргүүд рүү гэнэт довтлохоор шийдэж, өөрийн цэргүүдээ амраахгүйгээр, хоол хүнс ч үгүй тулалдуулсаар байв. Улмаар тэд 10,000 морьт харваачид болон 1,000 бүрэн зэвсэглэсэн морьт тулаанчид буюу катафрактуудтай таарчээ. Тэгээд Крассус армиа хамгаалахын тулд, морьт цэргүүдийн эсрэг хамгийн сайн хамгаалалтад тооцогддог байсан тактик болох дөрвөлжин байрлалд цэргүүдээ оруулав.
Ромчуудын эсрэг хэдэн цагийн турш сум харваж байгаад Парфянчууд ухарсан ба энэ нь урхи байсан юм. Улмаар Ромчууд тэдний араас нэхэхээр дөрвөлжин бэхлэлтээ задлахад, Парфянчууд дахин сум илгээж эхэлсэн байна. Харамсалтай нь, Ромчууд бэхлэлттэй байсан цөм хэсгээсээ нэлээн хол тасарсан байсан учраас катафрактууд бүгдийг нь хүйс тэмтэрчээ. Шөнө болоход Крассус зэргэлдээх Каррха тосгон руу зугтсан бөгөөд Парфянчууд бүх хүмүүсийг нь хороож, маргааш нь “Энх тайвны хэлэлцээр” хийх үеэрээ түүний толгойг авсан байдаг. Өнөөг хүртэл уг тулааныг бид “Крассын тэнэглэл”, “Салах ёс гүйцэтгэх өдөр” гэж нэрлэсэн хэвээр байгаа учраас энэ бол яах аргагүй хамгийн гутамшигт ялагдлын нэгд зүй ёсоор багтах юм.